-Та санхүүгийн чиглэлээр сурч байсан юм билээ. Гэсэнч сонирхлоо даган сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны чиглэлийн боловсрол эзэмшиж, өдгөө мэргэжлээрээ ажиллажбуй гэсэн байхаа. Хэзээнээс кино урлагт дурлав?
-Маш гүн сэтгэгдэл үлдээсэн анхны кино гэвэл Стивен Спилбергийн “Jurastic park”. Нагац ахындаа хуурцаг тоглуулагчаар үзэж байлаа. Их сонирхолтой санагдсан. Тэр үеэс киног илүү дурлаж үздэг, дуртай болсон гэх юм уу даа. Манайх гэр бүлээрээ кино хамт их үздэг байлаа. Аав, ээж минь дүү бид хоёртой үзсэн киноныхоо талаар ихярилцдаг байв. Энэ бүхэн дурлахад нөлөөлсөн болов уу.
-Хамгийн анх ямар киноны талаарх сэтгэгдлээ нийтэлсэн бэ?
-2019 онд “Маск” продакшны “Соёлын довтолгоо” киноны талаар сэтгэгдлээ бичсэн санагдана. Миний эргэн тойрныхон “Монгол кино тэр бүр үздэггүй. Хааяа үзлээ гэхэд “шатчихсан” мэт сэтгэгдэл төрж, кинотеатраас гарч ирдэг” гэхчлэн ярьдаг байлаа. Би ч тийм бодолтой байсан. Үзсэн киноныхоо талаар хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцаж, ганцхан би тэгж, ингэж бодоогүй, надтай адил бодолтой хүн бийбайх гэж бодсоны үүднээс бичиж эхэлсэн. Youtube суваг хөтөлдөг, хүмүүстэй үзэл бодлоо хуваалцаад дадчихсан болохоор киноны талаар бичиж, түүнийгээ нийтлэхэд тийм ч хэцүү байгаагүй.
-Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хэчнээн киноны талаар бичсэн бол?
-Яг нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Кино театраар жилд гаргаж буй кинонуудын 90-ээд хувийг үзэж, бичдэг. Аль болох чадахаараа бүгдийг нь үзэж, бичихийг хичээдэг ч амжиж байгаа нь л энэ. Цар тахлын үеэр мэдээж хэсэг хугацаанд завсарласан. Видео сангаас кино үзэж, бичих гэхээр тэндхийн чанарын хяналт сул, дурын хүмүүс кино контент гэж шинэ нэр томьёо гаргаад, янз бүрийн“юм” байршуулдаг нь таалагддаггүй. Кино театр буюу өргөн дэлгэцээр гаргасан кино бол арай өөр. Тодорхой хэмжээний шүүлтүүрээр орсон байдаг учраас тэр. Харин сүүлийн үед видео сангаас янз бүрийн туршилт хийж, залуу уран бүтээлчидтэй илүү ажиллаж буй учраас тэдний хийснийг үзэж байх сонирхол бий.
-Танд хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн кинонуудаас дурдвал...
-Монгол кино бүхэлдээ муу гэж хэлэхгүй. Кино бүрт надад таалагдсан дор хаяж нэг зүйл байдаг. Хөгжим нь гоё байж болно. Эсвэл туслах дүр нь таалагддаг. Тэгэхээр тэр, энэ киноны тийм, ийм зүйл таалагдсан гэж ярьж болно. Түүнээс биш тэр кино л сайн, бусад нь муу гэж хэлж чадахгүй.
-Та шүүмжлэгч гэж хэлүүлэх дургүй юм билээ. Энэ нь уншигчид шүүмж, сэтгэгдлийг ялгахгүй, судлаач, шүүмжлэгч, сэтгэгдэл нийтлэлч гэдгийн ялгааг ойлгохгүй байгаатай холбоотой юу?
-Би судлаач, шүүмжлэгч биш. Би сэтгэгдлээ л бичдэг. “Тэр, энэ кино үзээд ингэж, тэгж санагдлаа” гэж өөрийгөө илэрхийлэхийг л би анхнаасаа хүссэн. Энэ тухайгаа анхны нийтлэлээсээ хойш л дурдаж буй. Түүнээс биш фэйсбүүк хуудас хөгжүүлж, тэндээс ашиг олчих юм сан гэж бодож байгаагүй. Хүний мууг бүр ч үзэх гээгүй.
-Уран бүтээлчид таны бичсэнийг хэрхэн хүлээж авдаг вэ. Анзаарсан уу?
-Дээр хэлсэнчлэн би шүүмж бичдэггүй. Үзэгчийн л сэтгэгдэл. Киноны онол, тухайн киног уран бүтээлчид хэрхэн, ямар саад бэрхшээл туулж бүтээсэн нь надад хамаагүй. Эцсийн үр дүнд бүтээсэн зүйл нь кино театрт мөнгө, цагаа зарцуулаад үзсэн хүнд ямар сэтгэгдэл төрүүлснийгл бичдэг. Муулчих юм сан, магтчих юм сан ч гэж боддоггүй. Найзууд хамт кино үзэж гарч ирээд ярилцдаг шүү дээ. “Тийм, ийм байлаа. Тэгж, ингэж санагдлаа” гээд л. Би яг үүнийг л бичдэг. Уран бүтээлчид янз бүрээр л хүлээж авдаг юм билээ. Эхний жилүүдэд киночид тоодоггүй байсан. Яваандаа миний бичсэнийг хүмүүс хараад эхэлсэн чинь “Чи юугаа мэддэг юм бэ. Кино хийж үзсэн юм уу” гэх зэргээр дайрсан. Кино үзээд, сэтгэгдлээ илэрхийлэхийн тулд кино хийж үзэх шаардлагагүй шүү дээ. “Чи худал бичээд байна. Чи хэнээс мөнгө авч бичсэн бэ” зэргээр ч гүтгэсэн. “Ямар үнээр, хэрхэн бичдэг вэ” гэж асуудаг тохиолдол ч бий. Би мөнгө олох гэж бичдэггүй. “Миний хийсэн зүйлийн юу нь алдаатай байв. Яавал илүү сайжрах вэ” гэж боддог, эрэл хайгуулч, нээлттэй уран бүтээлч цөөн боловч бий.
-Чамлахааргүй олон кино үзэж, сэтгэгдлээ бичжээ. Манай кино уран бүтээлчдийн гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Юуны түрүүнд мэргэжлийн бус байдал гэх үү, ажил хэрэгч бус байдал гэх үү, мэдэхгүй юм. Кино гэдэг чинь төсөл. Эл төслөө боловсруулахдаа л зах зээлийн судалгаа нарийн хийж, “Би хэнд зориулж, юуг хэрхэн хийх вэ” гэдгээ төлөвлөх хэрэгтэй болов уу. Нэг ёсны бизнес төлөвлөгөө. Олонх нь “Би ийм, тийм зүйл хиймээр байна” гэдгээ өмнөө тавиад дайрчихдаг. Ингэвэл эл төслийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой, эсэх, хэрэгжүүлсэн ч хүн үзэх, үгүй нь эргэлзээтэй болчихно. Уран бүтээлчид өөрийгөө болж байна уу, болохгүй байна уу гэдгээанзаарч, эргэцүүлж байгаасай. “Би болж байна” гэж бодвол тэгээд л тэр хүн тэндээ гацчихжээ л гэсэн үг. Энэ жил Монголын болон бусад орны уран бүтээлчид ямар кино хийв, хэрхэн бүтээв гэдгийг харьцуулж үздэг байгаасай. Тухайн төрлийн киног өмнө нь хэн, яаж хийж байсныг судлаа сай. Үзэгчид уран бүтээлчдээ сээ түрүүлчихсэн. Түрүүлчих сэн үзэгчид юу үзэж, харж, сонирхож байгаа вэ гэдгийг эхлээд судалмаар байгаа юм. Кино хийдэг мөртлөө кино үздэггүй, судалдаггүй байж болохгүй биз дээ.
-Уран бүтээлчид “Энэ бол арт кино. Тийм болохоор олонх хүн ойлгохгүй, үзэх албагүй. Тэр бол арилжааных. Олон нийтэд зориулсан” гэх зэргээр ярьдаг. Энэ мэт яриа арт бол сайн, арилжааных бол тааруу гэх ташаа ойлголт хүмүүст өгдөг. Арт болон арилжааны киноны талаар та ямар бодол тээж явдаг бол?
-Өөртөө л таалагдах кино хийчихээд түүнийг нь хүмүүс ойлгохгүй тохиолдолд уурлана, түүнийгээ л жинхэнэ кино гэж боддог муйхар, өрөөсгөл бодолтой хүмүүс байдаг. Хэн ч түүнийг нь ойлгох албагүй. Арилжааных гэхээр л мөнгө олох гэж хийсэн зүйл бас биш. Квентин Тарантино, Акира Курасава, Кристофер Ноланы кинонууд яагаад мөнгө олохын зэрэгцээ бүтээл болж чаддаг вэ. Тэдгээр найруулагч өөрийгөө илэрхийлэнгээ бусдад ойлгуулж, олонд хүрэх хэлбэрээр хийж чадаж байна шүү дээ.
-Гадаадын нийтлэлчдийн киноны сэтгэгдэл, шүүмжийг уншдаг уу?
-Уншихаас илүүтэй үздэг. Дуртай Youtube сувгууд бий. Гэхдээ тэдгээр нь сэтгэгдэл гэхээсээ илүүтэй киног нэлээд задалж, дэлгэрэнгүй тайлбарлаж ярьдаг контентууд.
-Тухайн киног үзэх, эсэхээ хэрхэн шийддэг вэ?
-Киноны зурагт хуудас (poster) хүнээр бол царай. Царай нь таалагдвал танилцахыг, ярилцахыг хүснэ.
-Та сэтгэгдлээ хэрхэн, ямар дарааллаар бичдэг вэ. Ер нь сэтгэгдэл бичихэд юуг анхаарах ёстой бол?
-Киног үзэхээсээ өмнө видео танилцуулга (trailer)-ыг нь үздэггүй. Ямар нэг зүйл төсөөлж, өндөр хүлээлт үүсгэдэггүй гэх юм уу даа. Тухайн киноноос төрсөн анхны сэтгэгдэл, мэдрэмжээ хүмүүст аль болох ойлгомжтой, дэс дараалалтайгаар илэрхийлэхэд илүү анхаардаг. Зөвхөн гарчгийг нь харсан хүнд ч, эсвэл төгсгөлд цөөн үгээр тодорхойлсныг гүйлгэсэн нэгэнд ч, цаг заваа зарцуулаад урт ч гэлээ нийтлэлийг бүтнээр нь уншсан уншигчид ч ойлгог дохоор байгаасай гэж боддог.
-Танд кинонд ажиллах бодол бий юү?
-“Хотулун гүнж: Алтан судрын эрэлд” киноны зохиолын багт хэсэг ажилласан. Зөвлөгөө өгөх маягаар ажилласан тохиолдлууд бий. Кино зохиол бичих сонирхолтой. Бичиж ч байгаа.
-Кино болгоосой гэж хүсдэг зохиол байдаг уу?
-“Монголын нууц товчоо”. “Marvel”, DC шиг “Монголын нууц товчоо” гэдэг кино ертөнц (cinematic universe) байгаасай, бий болгоосой гэж хүсдэг. Манайхан “Монголын нууц товчоо”-гоос сэдэвлэж, эсвэл Чингис хааны тухай кино хийхээрээ төрөхөөс үхэх хүртэлх бүх түүхийг нь багтаагаад “чихчихдэг”. Уг нь ганцхан зүйл явдал, тэр ч бүү хэл ганц өгүүлбэрээс сэдэвлээд кино хийж болно шүү дээ. Би одоо Тэмүүжин, Боорчи нарын найман шарга морины эрэлд явж буй түүхээс сэдэвлэсэн зохиол бичиж байна.
Бэлтгэсэн А.Тайшир