Манай улс өнгөрсөн аравдугаар сард 2.7 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол импортод 2.3 тэрбум гаруй “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Улмаар энэ оны эхний 10 сард экспортоос 10.1 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 33, импортод 7.1 тэрбум “ногоон” зориулсан нь 26 хувиар өссөн дүн болжээ. Ингэснээр 1-10 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 2.8 орчим тэрбумын ашигтай гарчээ.
Экспортын бүтээгдэхүүний 51.5 хувийг чулуун нүүрс, 23.4-ийг нь зэсийн хүдэр болон баяжмал, 8.2-ыг нь хагас боловсруулсан алт эзэлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 19.3 хувиар шатахуун, 14.5-аар нь автомашин, сэлбэг тоног төхөөрөмж худалдан авсан аж. Нийт экспортын 84.8 хувийг БНХАУ-д нийлүүлсэн бол импортын бүтээгдэхүүний 34.7 хувийг тус улсаас, 30.3-ыг ОХУ-аас худалдан авсан дүн гарчээ.