Дархан-Уул аймаг дахь "Оюуны ирээдүй" сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр их завсарлагааны үеэр ноцтой хэрэг гарлаа. Тус сургууль дээр цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажилласан байна. Тухайн хэргийн талаар эцэг, эхүүд ахуйн газ алдагдсан, дэлбэрсэн хэмээн мэдээлжээ. Харин хэргийн газрын үзлэгээр нэгэн сурагч цайны газарт нулимс асгаруулагч, хий цацсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Мөн Эрүүл мэндийн яамнаас "Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч амьсгалын дутагдалд орсон бие нь эвгүйрхсэн 31 хүүхэд, насан хүрсэн зургаан иргэнийг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байна . Насанд хүрсэн хоёр иргэн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад, толгой хүчтэй өвдөх зовиуртай байна. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна" гэж мэдээллээ.