-Юуны өмнө сонирхолтой ном гаргасанд талархал илэрхийлье. Маш нууцын зэрэглэлтэй байхад энэ номыг бичих зориг эрмэлзэл хэрхэн төрөв?
-Үндэсний тагнуулын академид Эрдэм шинжилгээний төв гэж байлаа. Би захирал нь байсан юм. Миний хувьд өмнө нь хятад судлалаар Өвөр Монгол, Бээжинд багагүй хугацаанд ажиллачихсан. Тэгээд тус төв нээгдэхэд захирлаар нь ажилласан юм. Дараа нь манайх Тагнуул судлалын төв болоод судалгааны ажил их хийдэг боллоо. Тэр үеэс Дилав хутагтын талаар судалж үзье гэсэн бодол төрсөн. Бүр Р.Болд даргын үеэс эхэлсэн гэсэн үг.
-Хэдэн он гэсэн үг вэ?
-2011-2012 оны үе л дээ. Энэ үеэс архивт байгаа материалуудыг судалж үзлээ. Тэгж яваад нэг ном гаргачихмаар юм байна гэж бодоод 2018 онд энэ номыг нууцын зэрэглэлтэйгээр хэвлүүлсэн.
-Тэгэхээр Тагнуулын байгууллагын 100 жилийн ойд зориулсан ном биш болж тараах нь ээ?
-100 жил тохиож байна. Ойг тохиолдуулан номыг олон түмэнд ил болгох нь зөв гэж үзсэн. Ингээд комисс байгуулж алийг нь ил гаргах вэ гэдгийг ярилцаж, Засгийн газраас шийдвэр гаргуулаад номоо нийтэд зориулсан байдлаар хэвлүүлсэн. Ийм л учиртай.
-Олон нийтийн дунд Дилав хутагт тагнуул байсан, тэгээд гараад явчихсан юм гэнэлээ... гэх мэт үлгэр домог шиг зүйл яригдсаар ирсэн. Дилав хутагт гэж хүний тухай энэ яриа үлгэр домог байсан юм уу, үнэн түүх байв уу гэдэгт тайлбар өгөх ном гарлаа гэж бодож байна.
-Тийм. Дилав хутагтын өөрийнх нь бичсэн “Ар Монголын талаарх улс төрийн дурдатгал”- аас өөр тодорхой юм байхгүй. Тэр дурдатгал нь хэвлэгдэж, багагүй зүйл ил болсон. Дараа нь Чойжилсүрэн гуай судалж байв. Манай архивт сууж нэлээд судалсан. Тагнуулын даалгавартай гарсан гэдгийг Чойжилсүрэн гуай гаргаж тавьсан байх шүү. Үүнээс хойш өөр юу ч гараагүй.
ДИЛАВ ХУТАГТ“ДАМБИЙЖААГ УСТГАХГҮЙБОЛ БОЛОХГҮЙШҮҮ” ГЭЖХЭЛСЭН БАЙДАГ
-Бид багадаа “Ичээнд нь” гэж гоё кино үздэг байсан. Ер нь эх оронч байх, нутаг усаа хайрлах үзэл нэг үеийнхэнд энэ киногоор төлөвшсөн. Гэхдээ тэр кинонд Дилав хутагт ийм үүрэгтэй байсан гэх товойсон дүр байдаггүй. Таны номыг уншихад бараг тэр ажлыг зохион байгуулсан хүн нь хутагт болж таарч байна.
-Номд “Дамбийжааг хороох ажиллагааны төлөвлөгөө” гээд бий. Бүгдийг нь эх материалаар нь тавьчихсан байгаа. Дамбийжаа Дилав хутагтыг багшаа гэж хүндэтгэдэг, уулздаг байсан юм билээ. Дараа нь консулынхан баривчлаад Орос руу аваачаад 1918 онд буцаж ирсэн. Ингэхдээ баруун талаар дайраад Маажинсанд очоод суучихсан. Богдын засгийн үед ч Дамбийжааг номхотгохгүй бол болохгүй гэж ярьж байж. Гадаадын иргэн харьяат гэж тогтоогдонгуут асуудал үүсээд л байдаг байсан байгаа юм. Дилав хутагт “Энэ хүнийг устгахгүй бол болохгүй шүү” гэж хэлж байсан байдаг.
-Хутагт хүн тийм юм хэлж байсан гэхээр?
-Дилав хутагт зөвхөн шашны биш, бас төрийн зүтгэлтэн. Тэр дундаа тагнуулын үйл хэрэгт зүтгэж байсан. Хатанбаатарыг дагаж цэрэгт олон удаа явж, зөндөө үүрэг гүйцэтгэсэн. Улиастайн сайд, сайдын туслах гэх мэтээр шашны үйл ажиллагааныхаа хажуугаар төрийн үйл хэрэгт оролцож байсан. Хиагт, Ховдын хязгаар, баруун хязгаарыг чөлөөлөх гээд бүгдэд оролцсон.
-Бид Богд хаан, шашин, хутагтууд гээд тус тусад нь салгаж ойлгоод байдаг. Гэтэл энэ номыг харахаар монгол хүн гэж хэн юм бэ гэдгийг илүүтэй ойлгож байна. Энэ номын үндсэн чиг шугам мөнүү?
-Тэгж ойлгож болно. Дилав хутагт улс төр, шашин, нийгэм, цэрэг, тагнуулын үйл хэрэгт оролцож ирсэн том зүтгэлтэн нь энэ номоор гарч ирж байгаа юм.
-Дилав хутагт хэдий үеэс Дотоодыг хамгаалах яамд хэрэгтэй хүн болж харагдсан юм бол?
-Дамбийжанцанг хороох Дотоодыг хамгаалах яамны үйл ажиллагаанд оролцсон. Тагнуулын операц. Хорин хэдэн оноос эхлээд Чин Кайши засгийн эрхэнд гарч Хятадын дотоод байдал үймээн, самуун ихтэй болсон. Нөгөө генералууд бүс нутгуудаа эзэмшээд л, Өвөр Монголын зүүн хойд хэсэг Жан золин-гийн захиргаанд орчихсон... Мань хүнийг япончууд устгачихаар Жан Шолин гэж хүү нь залгамжилж гарч ирээд тэнд бөөн юм болж байхад, цаана нь Хятадын зүүн хойд хэсэгт япончууд цэргээ оруулчихсан, Хятадын коммунист нам үүсчихсэн, гоминданы цэргийн эрхтнүүдийн зөрчил гээд манай гадаад байдал маш их түгшүүртэй болж ирсэн.
-Учрыг ойлгоход төвөгтэй.
-Тийм, маш төвөгтэй. Чиг шугам нь тодорхойгүй үе байлаа. 1929 онд Банчин Богд Өвөр Монголд ирчихсэн. Давхар давхар юм болоод байсан байгаа юм. Өвөр Монголд Дэ вангийн өөртөө засах хөдөлгөөн өрнөөд эхэлсэн. Манайхан мэдээж энэ үед хөршийнхөө талаар мэдээлэлтэй байсан. Манайхаас өч төчнөөн хүн очиж Хятадын коммунист намд зөвлөдөг байлаа. Мөн шашны шугамаар ч, худалдаа наймааны хэргээр ч олон хүн чөлөөтэй явж байсан. Тэр хэрээр мэдээлэл ихтэй байж. Гэхдээ ойр зуур мэдээлэл бодлого боловсруулахад хангалттай биш. Тиймээс дээгүүр хүрээнд нэвтэрч чадах тийм хүн. Тийм улс төрийн хэрэгцээ шаардлага бий болсон гэсэн үг. Орост хятадууд ороод ирчихсэн, Хятад дотроо төвөгтэй байдалд орчихсон ээдрээтэй үед нэлээднөлөө бүхий хүн орж байж нарийн учрыг нь гаргаж ирнэ гэж тооцоолсон хэрэг. Миний бодлоор анхны сэдэл нь оросуудаас үүдэлтэй болов уу. Ер нь хамгийн бололцоотой нь шашны хүмүүс байдаг.
-Та номд дурдагдаагүй зүйлсийн тухай ярьж байна. Тухайлбал, оросуудын санаа байсан гэх мэт... Миний хувьд номын нэлээд төгсгөл хэсэгт оросуудын оролцоо байж үү дээ гэж анзаарсан. Ер нь тагнуулын үйлажиллагаа явуулахад тухайн улс орны оюунсанаа, тактиктай харилцах учраас түүнтэй эндүйцэх, цаашлаад илүү гарах тийм хүн хэрэгтэй болсон. Тэр сонголт бол Дилав хутагт байсан юм байна гэсэн санаа гарч ирж байна. Гэхдээ номоо уншихад Дилав хутагт ерөөсөө идэвхгүй байсан юм шиг байх юм.
-Дилав хутагт идэвхгүй дээ биш. Хэрэгт оруулаад шүүхээр оруулчихлаа.
“ЛАА”
-Тийм, ял өгсөн.
-Тэнсэн харгалзах ял өгсөн. Дахиад хэрэг хийвэл өчиггүй цаазаар авхуулах болчихсон байсан хүн. Харилцааг 1930 оны аравдугаар сард тогтоосон байдаг. “Лаа” гэдэг нэр өгөөд... Харин урагш гаргах сэдэл бол бүр өмнө. Улс төрийн хүрээнд Хятадын дотоод байдал, Өвөр Монгол, Япон, Банчин Богдын байдалд анализ хийж, дүгнэлт гаргах чадвартай нэлээднөлөө бүхий хүн урагш явуулахгүй бол болохгүй нь гэсэн шийдэлд хүрсэн байсан. Тэгээд эхнээс нь холбоо тогтоолгоод, үүрэг даалгавар өгөөд явуулсан. Энэ үйл хэрэгтХ.Чойбалсан анхнаас нь оролцсон байдаг.
-Таны номоос Х.Чойбалсан анхнаасаа оролцсон нь харагддаггүй. Донров гэдэг хүн сонголт хийгээд л оролцсон юм шиг харагддаг.
-Яах вэ, Донров гэдэг хүн албан ёсоор харилцаа тогтоосон.
-Харин 1942 онд Америк руу гарахад Х.Чойбалсан гуайн хэлсэн үг байна.
-Номд бүр баримттайгаа бий. Дилав хутагтыг гадагш гаргах ажиллагаа амжилттай болсонд баярлаад сүйд боллоо... гээд Батхишигийн тэмдэглэлд бий. Тэр ч бүү хэл ...түм түжигнэсэн ийм ийм улс руу ингэж гаргана аа... Дилав хутагт Батхишиг чинь... гээд шүлэг бичсэн нь байдаг. Гол нь энэ үйл ажиллагааг маш нарийн зохион байгуулсан.
-Дилав хутагтыг урагш гаргахдаа зөвхөн Хятадруу биш, гуравдагч оронруу илгээх зорилго анхнаасаа байсан юм уу. Эсвэл үйл явц, өрнөлийн дунд тийм шилжилт хийсэн юм уу. Үүнд тайлбар байдаг уу?
-Дурдаагүй биш, дурдсан. Улс төрийн нөхцөл тийм байсан. “1930-аад оны Өвөр Монголын улс төрийн нөхцөл байдал” гээд бүтэн бүлэг бий. Угаасаа тийм мэдээллийн нөхцөл, шаардлага гарч ирсэн. Мэдээлэлгүйгээр улс төр явдаггүй. Бодлого боловсруулах ямар ч нөхцөл байхгүй. Ялангуяа тагнуулын мэдээлэл улс төрийн гадаад бодлого боловсруулахад хамгийн чухал үүрэгтэй. Тэрнээс үүдсэн л процесс. Гаргахдаа Дилав хутагт шүүхээр шийдэгдсэн. Дургүйцээд оргоод явсан гэсэн халхавчаар илгээсэн хэрэг. Гаргаад л маргааш нь “Дилав хутагт орголоо” гээд зарласан байдаг. Үүнийг олон хүнд мэдэгдэхгүйн тулд Дотоодыг хамгаалах газарт“Та нар энэ хүнийг тагнан боловсруул” гэсэн чиг үүрэг өгсөн. Хамт явсан хүмүүсээс нь “Дилавын урвасан тухай” гээд мэдээ байдаг. Тэр тухайд байж болох асуудал. Хүмүүстэйуулзахдаа бид нарыг хөөж гаргаж байсан гэх мэтээр уг мэдээнд дурдсан байдаг. Анх хоёр, гурван ламд даалгавар өгөөд хамтявуулсан хэрэг. Тэд “хүмүүстэйуулзахдаа хөөж гаргаад байхаар нь гаднаас нь чагнасан чинь манай нутаг ус, хил харуулын байдал, засаг төрийн байдлыг бүгдийг хэлж өглөө...” гэх мэтээр мэдээ дамжуулаад байсан. Түүнийг анхнаас нь төлөвлөсөн юм уу, нөгөө хүмүүс тэгж мэдээ өгөөд байсан юм уу учир нь олдохгүй байгаа юм. Нарийн судлаад үзвэл байна. Гол нь энэ хүний тухай олон хүн мэдэх шаардлага байхгүй учраас Дотоодыг хамгаалах газар хүч хэрэгслийнхээ тусламжтайгаар энэ хүний хаана юу хийгээд явж байгааг сайн тодорхойлоод байж бай гээд, холбоо барих ажлыг нь дээгүүр барьж байсан. Тодруулбал, Х.Чойбалсан гуай холбоо барьж байсан. Энэ тухай “Дилав хутагтаас мэдээ ирсээр байлаа. Дилав хутагтаас ирсэн мэдээ Оросын тагнуулын мэдээтэй яг таарч байна” гээд бичсэн нь бий.
-Энэ тухай номд бүүр хойно дурдсан байна.
-Энэ яриа бүр 30-аадоноос эхэлж явдаг. Батхишиг 1938 оны наймдугаар сард амиа хорлосон хүн. Батхишигийн тэмдэглэлд гаргаснаас нь эхлээд баримт бий. “...Дилав хутагтыг гаргасан нь маш амжилттай боллоо. Та нар тэр хүнд илүү даалгавар өгч битгий хүндрүүлээрэй. Энэ талаар Лхагвасүрэн, чи, бид гурваас бусад нь буруу ойлголттой байгаа...” гэх мэтээр Х.Чойбалсангийн хэлснийг бичиж тэмдэглэсэн байдаг.
-Энэ уран зохиолын ном биш. Номын өгүүлбэр бүр үнэцэнтэй мэдээлэл агуулсан. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа гэдэг ямар айхтар хэрэгтэй, хэрэггүй юманд сэлж явдаг, хэрэгтэй болгохын тулд хэчнээн ч жилийг үрж явдаг юм гэсэн бодол төрсөн. Их хөдөлмөр энэ номоос харагдаж байна. Энэ анхны ном уу. Өмнө нь ийм ном гарч байв уу?
-Ер нь анхных болж таарч байна.
-Яг л сонирхсон хүн л уншихгүй бол сонирхол татахгүй...
-Тийм л дээ, сонирхоогүй хүн бол аан, за за... гээд орхичих л юм. Хамгийн гол нь Дилав хутагтыг нүүр буруулаад явчихсан хүн биш. Энэ хүн чинь холбоотой байгаад, даалгавраа бүрэн биелүүлсэн хүн. Манайх 1949 он хүртэл энэ хүнтэй байнга холбоотой байх бүрэн бололцоотой байсан.
-Аль эрт 1932 он гээд харилцаагүй болсон юм биш үү?
-Үгүй. Энэ номд байгаа шүү дээ.
-Маш бүдэг.
-Бүдэг бүдэг.
-1944 он хүрч байж маршал баярлаж ... яг энэ хэсгээр ойлгосон.
-1938 онд амиа хорлочихсон хүний тэмдэглэлд тэр үеийн л юм байгаа. Түүнээс цааш япончуудын байдал, энэ дайн зайлшгүй болж байх шиг байна... гэх зэргээр бүгдийг нааш нь мэдээлсэн болж таараад байгаа юм.
-Энэ номыг уншихаар нэг бол тэр хүнийг сэрдсэн, ах дүүг нь хардсан, эсвэл энэ хүн харилцаа холбоогүй болсон, энэ хүнийг алах ёстой гэсэн юм л явж байх?
-Дотоодыг хамгаалах газарт “Наад хүн чинь урваад явчихсан шүү. Наад хүнээ тагнан боловсруулаарай, судлаарай” гэсэн даалгавар өгчихсөн юм чинь тэгэхгүй яадаг юм. Тиймээс манай тагнуулынхан Дилав хутагтыг урвасан, нүүр буруулсан, Японы тусгай албадад элссэн гэдэг талаас нь л судлаад байсан. Яагаад гэвэл маш нууцлалын зэрэглэлтэй үйл ажиллагаа байсан.
-Дилав хутагт гэдэг хүн яалт ч байхгүй сонголт байсан юм байна. Тагнуул хийхийн тулд тагнуулч хэн байх вэ гээд бодохоор хүмүүс нэгийг ойлгоно тийм үү. Энэ хүнийг сонгож аваад хамгаалах үйл ажиллагааг явуулах бололцоо олгоход энэ номын гуравны хоёр хувь нь зарцуулагдчихаж. Нарийн яривал манай тагнуулын байгууллагын үйл ажиллагааны гуравны хоёр нь энэ хүнийг хэн ч биш болгох, улс орноосоо урвасан болгох, үл бүтэх этгээд болгох үйлд зарцуулагджээ гэж ойлгож болох уу?
-Тийм болгох гэж ярихад хэцүү л дээ. Тагнуулын ажил гэдэг ийм л юм. Нууцлал гэдэг зүйлээс хамаг юм болсон хэрэг. Х.Чойбалсан “Бусад нь буруу ойлголттой байгаа шүү. Дайсан гэж бодож байгаа” гэж ярьсан... гэж бичсэн байгаа биз дээ.
-“Эрх чөлөө, тусгаар тогтнолоо ихэд итгэн та нарт үлдээлээ. Эрхэмлэн хайрлаж яваарай” гэж хэлсэн Х.Чойбалсан гуайн үгийг бүгд мэддэг. Тэр хүнийг зөвтгөдөг. Нөгөө талаас маш олон хүний амиар төлсөн. Эргэн тойрныхоо нөхдийг үгүй хийсэн гээд л бурууг бас тохдог. 1944 онд энэ хүнийг Америкт гарахад маршал баярлаж, Батхишигт хэлсэн тэр үг бол бүх юмнаас буцаад “Ээ, бурхан минь” гэж хэлэх тайлал болж байна?
-1944 онд хойноос нь хүн очиж даалгавар өглөө гэдэг дөнгөж сэжүүр. 1938 онд Өвөр Монголоос явсан хүн. Үндсэндээ Халх голын дайн хүртэл нааш нь мэдээ явуулсан. Тэгээд цаашаа явж байхдаа Төвөд рүү явж байгаад баригдаад, Цонжинд аваачаад гэрийн хорионд хийчихсэн. Чин Кайшигийн зөвлөхөөр Латтимор ажиллаж байхад манай хүн Монгол-Төвөдийн хороонд зөвлөх хийж байв. Энэ үедээ нэг өрөөнд сууж байсан гэж өөрийнх нь дурдатгалд бий.
-Хятадууд Дилав хутагтыг олон улсын тагнуул гэдэг шүү дээ. Хэдэн онд гарсан дүгнэлт юм бэ?
-Ерөнхийдөө тэр үед хардаж сэрдэж байсан л биз. Хятадууд хардаж л таарна. Хятадууд дотроо Дилав хутагтыг нэг их нарийн судалж чадаагүй байх.
ХЯТАДЫН ТАГНУУЛЫН ТАЛЫН БАРИМТУУДЫГ ИЛ ГАРГАХАД МАШ ХЭЦҮҮ
-Яагаад?
-Ер нь Хятадын тагнуулын баримтуудыг ил гаргахад маш хэцүү. Олон улсын тагнуулч гэдэг бол судалгаан дээр үндэслэсэн дүгнэлт биш, ам дамжсан яриа төдий. Хятадууд олон улсын тагнуулч гэсэн байна л гэж бичсэн байдаг. Түүнээс биш судалгаатай зүйл байхгүй.
-Тэр хүн очоод япончуудтай нийлээд, япончуудыг дагаж яваад, цалин пүнлүү аваад явж байна. Дараа ньТайванийн гоминдануудтай нийлээд явж байна. Түүн дунд байгаа Хятадын хүмүүстэй ч уулзаад л явж байна. Аль ч талд нь хөрвөх чадвар сайтай байгаа давуу чанар нь Дилав гэдэг хүний хутагт чанар байв уу, эсвэл тэр хүний амин чанар уу?
-Ер нь шашны зүтгэлтнүүд их өөр. Шашны нэлээд нэрд гарчихсан хутагт хүнтэй их өөр харилцана шүү дээ. Тэр шашны талын ч юм байсан. Энэ хүн Дэ вангийн багш. Дэ ванг япончуудтай нийлсэн гээд ярьдаг. Хамаг нарийн юманд бүгдэд нь орж зөвлөж байсан хүн. 1935 онд Дэ ван Японы Квантуны армийн штабын дарга нартай уулзахад гурван монгол хүн явсны нэг нь Дэ ван, хоёр дахь нь Цогбадрах гэдэг хүн, гурав дахь нь Дилав хутагт. Өвөр Монголын олон засгийн газар байгуулахад бүгдэд нь энэ хүн оролцсон. Иймээс Дэ вангийн сонирхлыг татсан, 1932-1935 онд Гоминданы Засгийн газрын Хууль тогтоох хорооны гишүүн байсан. Одоогоор Улсын их хурлын гишүүн гэсэн үг. Монгол үндэстнийг төлөөлсөн 5, 6 хүн байсны нэг нь Дилав хутагт. Тухайн үед Гоминданы Засгийн газар манайхыг өөрийн гэж үздэг байсан. Тиймээс Ар Монголыг төлөөлүүлж Дилав хутагтыг тэнд суулгасан хэрэг.
-Энэ номд зөрчилтэй хоёр юм байна. Далай багш тагнуул хийж байж магадгүй гээд ойртуулахгүй байсан гэж та бичсэн байна. Дараа нь Далай багшийн багш байсан гэж бичсэн байх юм..?
-Би тэгж бичээгүй. Чойжилсүрэн гуай Далай багшийн багш байсан гээд биччихсэн байдаг юм. Тэрийг л дурдсан. Тухайн үед одоогийн XIV далай лам Данзанжамц 5-6 настай жаахан хүүхэд байсан. Тэнд далай ламын багш нартай холбоотой байж, их нэр хүндтэй байсан байдаг. Сүүлд Далай ламаас “Та Дилав хутагтыг мэдэх үү?” гэж асуусан. “Мэднэ” гэж хариулсан байдаг. 5-6 настай хүүхэд байсан, харж байснаа л хэлсэн хэрэг. Тэр байтугай VIII Богдын хойд дүр IX Богдыг тодруулах гээд япончууд даалгавар өгөөд явуулсан байдаг. Төвөд рүү 2-3 удаа очсон. Тэнд нэг хүн тодорсон байсан шинж тэмдэг нь таарахгүй байна гэх мэт юмнууд их байдаг. Их ч олон газраар явсан хүн. 1935 он гэхэд япончуудад Өвөр Монголын зүүн хэсэг эзлэгдчихсэн байсан. Улс төрийн шийдвэр гаргахад япончуудыг яаж ашиглах вэ гэх зэрэг бодлого тодорхойлоход Дэ ван хамгийн гол нөлөө үзүүлж байсан хүн. Тиймээс Дэ ван ерөөсөө л эд нартай нийлье, эдний хүчийг ашиглаад явахаас өөр аргагүй юм байна гэсэн үзэл баримтлалаар явчихсан хүн.
ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ ҮЗЭЛ САНАА1910-ААД ОНООС ҮҮДЭЛТЭЙ
-Өвөр Монголчуудад нэг бодол байжээ. Ар монгол Оросыг дагаж байна, болохгүй. Ар монголчуудад бас нэг бодол байж. Өвөрмонголчууд Хятадыг дагаж байна, болохгүй. Японыг дагаж бас болохгүй. Хэнийг дагах вэ гэсэн түүхэн цаг үе байж.
-Энэ бүр 1910-аад оноос, тухайлбал, бүр Автономитзасгийн үеэс эхлэлтэй. Жалханз хутагт, Хатанбаатар нар Хүрээнд нийлж хэрхэх тухай ярилцаад, ийш тийш явж байсан тухай дурдатгалд нь байдаг шүү дээ. Гурав дахьхөршийг эрэлхийлэх үзэл санаа 1910-аадоноос үүдэлтэй.
-Дилав хутагтыг явуулсан нь гурав дахь хөрштэй холбоотой юу?
-Хятад, Япон, Өвөр Монголын цагийн байдлыг тандах, Төвөд, Далай лам, бусад нөхдийн эргэн тойрныг судлуулах явдал байсан. Дараа нь нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр даалгавар ч өөр болсон. Дайн дуусахаар манай тусгаар тогтнолыг гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудал хурцаар тавигдах нь ээ гэх мэтээр өөрчлөгдсөн. Гурван үндсэн даалгавар өгсөн гэж үздэг. Нэгдүгээрт, улсынхаа тусгаар тогтнолыг гадаадын томоохон улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр ажиллах. Хоёрдугаарт, манай нутаг дэвсгэртямар нэгэн байдлаар цэрэг оруулж байрлуулахгүй байх чиглэлээр ажиллах. Гурав дахийг нь санахгүй байна. Улс төрийн чиглэлээр ийм гурван том даалгавар өгсөн байдаг. Урьд нь харилцаж байгаагүй хүнд ийм даалгавар өгөхгүй нь тодорхой. Итгэл найдвартай, шалгарсан хүнд л өгнө. Энэ бүхнээс байнга холбоотой байсан байж таараад байдаг. Тийм баримт гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
-1300 хуудас материалаас 1000 гаруйг нь нууцаас гаргаж хэвлэсэн ном гэж ойлгосон. Монголын тагнуулын түүх 100 жилээр хэмжигдэхгүй. Монголчууд тагнуул гэгчийг анх эхлүүлсэн улс ч гэж хэлж болно. Энэ дадлага туршлага Дилав хутагтыг төрүүлсэн юм биш үүгэж бодогдож байна.
-Тэгэлгүй яах вэ. Тагнуулын хэрэгцээ шаардлага хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаас эхэлсэн. Тагнуулын мэдээлэл гэдэг бараг хоол унд шиг зүйл. Бодлого тодорхойлоход мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Мэдээлэлгүйгээр ямар ч бодлого байхгүй. Тэр дундаа тагнуулын мэдээлэлгүйгээр огтоосоо явдаггүй. Энэ бол амин хэрэгцээ. Тагнуул гэдэг шинэ юм биш. Олон мянган жилээр яваад, хөгжөөд ирсэн ойлголт. Хамгийн эртний мэргэжил.
-Монголын оюунсанааны элит хүмүүс явж байж үүнийг хийдэг юм байна.
-Ялангуяа шашныхан тагнуулын үйл ажиллагаанд маш их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. XVII зууны Галданбошигтын үед шашны төлөөллүүд маш их нөлөөтэй байсан тодорхой түүх бий.
-Социализм байгуулахад эсэргүү хөдөлгөөнтэй тулсан юм байна, лам нараа, оюунсанаагаа хядсан, мал хөрөнгийг нь хураасан, үндэсний хөрөнгөтнүүдээ байхгүй болгосон юм байна. Үүнийг хүн бүр мэддэг, ярьдаг. Энэ хооронд ямар айхавтар зөрчилүүссэн юм, үүнээс үүдэлтэй юу болж байсан юм бэ гэдэг дээр таг харанхуй өнгөрсөн юм байна. Түүний тайлал таны номоор гарч байна гэж ойлгож байна. 7542 өрх айл буюу 30 гаруй мянган хүн ар Монголоос Өвөр Монголд очжээ. Түүнээс 100-500 орчим өрх нь Дилав хутагтын захиргаанд байжээ гэж ярьдаг. Бид хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд мөн тэр хэмжээний хүнээ устгасан. Энэ хувьсгалт өөрчлөлтийг хийхэд золигт гаргасан огт дурдагдаагүй, хүмүүс тэр бүр анзааралгүй өнгөрөөсөн чухал баримтуудыг энэ“Дилав хутагт Жамсранжав ба Тагнуулын байгууллага” гэдэг ном данх удаа дурдсан юм болов уу гэж харсан.
-Нарийн судалж үзвэл сонин сонин баримтих бий. Алшаад байсан өвөр монголчуудыг цуглуулаад Шилийн голын Баруун, Зүүн Сөнөдийн нутагттөвлөрүүлэн, хурал номоо байгуулаад, хүрээ дэгээрлам нартайгаа тохироод номоо уншиж байсан. Тэнд 500 лам цугласан гэсэн тоо байдаг. Очирдарь хувилгаан, Ганжуурваа, Дилав хутагтнаршашны үйл хэргээ толгойлж байсан. Эхлээд гэр сүмтэй байгаад дараа нь хоёр ч газар модон сүм байгуулаад номоо тасралтгүй хурж байсан. Манай ар Монголд бүх сүм хийдүүдээ хаагаад номын дуу тасарчихсан байхад тэнд номын дуу тасраагүй. Хүрээ дэгээр хурна гэж тохироод Нийслэл хүрээний дэгээр номоо хурж байсан байдаг. 1945 онд буцаад хүмүүсээ татаж авчирсан.
-Бүгд орж ирж чадсан уу?
-Олонх нь орж ирсэн байх шүү.
Х.ЧОЙБАЛСАН “ДИЛАВ ХУТАГТ ГЭЖ ХҮН ИРВЭЛ НҮҮР БИТГИЙ ӨГӨӨРЭЙ” ГЭЖ ЗАХИСАН БАЙДАГ
-Бид өвөр монголчууд орж ирлээ гэж ойлгоод байсан, эндээс дүрвэж гарсан хүмүүс эргэж орж иржээ дээ?
-Дүрвэгсдээс гадна дайны дараа өвөр монголчууд, баргууд орж ирсэн л дээ.
-Сүрэнжав гуай тэргүүтэй хүмүүс очиход Дилав хутагт гуай очоод баярлалаа гэхэд огт тоогоогүй, уулзаагүй гэсэн яриа байдаг.
-Тэгэхэд Х.Чойбалсан “Дилав хутагт гэж хүн ирвэл нүүр битгий өгөөрэй” гэж захисан байдаг юм. Тэр нь хятадуудад сэжиг авхуулахгүй гэж тэр шүү дээ.
-Бид дэлхий нийтийн асуудлыг их ярьдаг. Ярих л ёстой асуудал. Рихард Зорге гэдэг хүн Дэлхийн II дайн хэзээ эхлэхийг мэдсэн. Гэвч тоогоогүй. Дэлхийн тагнуулчдын түүхэнд тэр хүнийг гоц гойд болгож ярьдаг. Таны номыг уншаад манай тагнуулчид улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явдаг, түүнийгээ хийж чаддаг тагнуулчид байжээ гэсэн дүгнэлтийг уншигчийн хувиар хийж, бахархаж байна.
-Тэгэлгүй яах вэ. Тэд бол эх орончид юм.
-Тэр хүн шашны хүн байна уу, хөрөнгө чинээний тухайд талархдаг хүн байна уу, аль эсвэл талархдаггүй хүн байна уу. Тэр огт хамаагүй. Тэр хүн Монгол гэдэг заяаг түшдэг. Нэг ийм шугам энэ номд яваад л байна. Дилав хутагт түүний төлөөл явсан юм байна. Хорлоогийн Чойбалсан ч тэрний төлөөл явсан байх нь.
-Тийм ээ, үүний төлөө л явцгаасан. Хамгийн харамсалтай нь тэгэхээс өөр арга байхгүй. Энэ операцыг олон хүн мэдчихвэл амжилттай болохгүй байсан. “Урвасан дайсан” гээд итгүүлчихээр халхавч нь жинхэнэ баталгаатай, найдвартай болчихож байгаа юм.
ДИЛАВХУТАГТ ГОМИНДАНЫХУУЛЬТОГТООХ ХОРООНЫГИШҮҮН БАЙСАН
-Дилав хутагт Банчин Богд, Далай лам япончууд, гоминдантай ойрхон, суваг болгон дээр ажиллаж байжээ?
-Тэгэлгүй яах вэ. Гоминданы Хууль тогтоох хорооны гишүүн байсан хүн. Японы тусгай албад сонирхох нь мэдээж. “Япон ба Өвөр Монгол” гэж судалгааны ном бий. Тэр номд Дилав хутагтыг ашиглаад ийм юм хийнэ гэсэн төлөвлөгөө байдаг. Энэ зөвхөн зах зух нь. Дараа нь Богдыг тодруулна гээд Төвөд рүү 2-3 удаа явсан байдаг. Тэр нь япончуудын даалгавраар явсан ажил. Японы тусгай албадтай яаж ажиллахаа бас мэдэж байсан хэрэг байхгүй юу.
-Ийм боломжийг өөртөө олгож чадаж байсан тэр хувь хүний, магадгүй хүнээс хэтийдсэн байж болох чанар нөлөөлсөн юм болов уу гэж хараад байна.
-Нөлөөлсөн. Бүгд нэг нэгнээ хардсан, дайсан ч юм уу, нөхөр ч юм уу мэдэх аргагүй орон зайд тэр болгонтой харилцаад, хамтраад, хүлээн зөвшөөрөгдөөд, хүндлэгдээд явна гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш.
-Тийм бэрх орон зайд хүлээн зөвшөөрөгдөөд явна гэдэгт эр хүний хувилгаан чанартай ньхолбоотой байсан болов уу даа?
-Магадгүй. Ухаж уншвал нарийн нарийн их гоё боломжууд гарна.
-Одоо бидэнд санамаар, сэрмээр юм их гарч байна. Манай эзэн Богд Чингисхаан “Өглөө бүр Тангад улс урд байгааг сануулж байгаарай” гэж хэлсэн байдаг шиг манайд хятадууд олон байжээ. Таны номд Монголыг тагнуулахаар 300 хятадыг оруулж байсан гэж хоёр ч удаа дурдсан байна.
-Тэр юу ч биш.
-Япончууд монгол хэлтэй 112 хүн бэлдлээ гэсэн тоо байж байна. Сэтгүүл, сонин гаргаж байсан нь ч нэр усаараа ч байна.
-Тийм баримт зөндөө бий.
-Хүүхэд байхаасаа уншсан олон номд ер дурдагдаагүй асар олон баримт энэ номд байна. Мэдээллийн багтаамж үнэхээр их ном юм даа.
-Манай судлаачид үүнийг цааш нь авч яваад, улам дэлгэрүүлж, нарийвчлан гүнзгийрүүлж судлахад маш хэрэгтэй.
-Эх орноо хамгаалах далд фронтын дайчин байх гэсэн нэг ойлголт байна аа?
-Тийм ээ. Ер нь манай монгол хүний цусанд шингэчихсэн байдаг ойлголт. Эх орноо л хамгаалах...
-Бүх хүсэл эрмэлзэл нь эх орныхоо төлөө тийм хүмүүст их хэрэг болох ном болжээ. Энэ номын тал хүртэл хүн ямарих дарамтад амьдардаг юм бэ гэж бодмоор. Хоёр талаас нь тагнаад л... тэр бүхнийг явагдаж байхад тэр машин механизм ажиллаж байдаг, цагийн зүү тохируулагдаж байдаг, сая нэг юманд хүрэхээр за тэглээ гэж ганцхан үг дуугарч болдог. Тэрийг хүн мэдэж хэлбэл сайн, мэдэхгүй болгүйцээ. Бүх юм нууцаараа. Тийм үү?
-Улс эх орныхоо төлөө бүхий л амьдралаа золиосолчихож байгаа юм.
-Бахархал л даа.
-Дандаа хардалт сэрдэлт, бүгдээрээ урвагч, дайсан гэж нэрлээд л... Америкчууд, гоминдануудтай нийлсэн гээд л байхаар тэр хувь хүний хувьд аймшигтай дарамт дунд нэг насны амьдралаа өнгөрүүлсэн байх гээд байгаа юм.
ДИЛАВХУТАГТ МОНГОЛ УЛСАА НҮБ-Д ЭЛСЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН
-Эцэст нь номын тухай дүгнэж нэг зүйл асууя. Ерөөсөө тагнуулын байгууллага 1932-1936 оны хооронд хардарсан зүүд байжээ. Монголын бүх оюун санааг устгасан гэсэн үзэл суртал маш хүчтэй явагдсан. Угаасаа явагдсан юм байна. Ийм айхавтар балар харанхуй дундуур монголчууд гэрэл гэгээ асаах бүхнийг хийж явсан юм байна аа гэдгийг энэ ном өглөө.
-Хийж явсан. 1931 онд даалгавар өгч явуулчихаад 1944 он хүртэл холбоотой байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Ерөөсөө Америк руу гарах уу, яах вэ гэдгээ ч хэлэлцсэн байж магадгүй. Хэзээ нэг цагт энэ тухай баримт гарна гэж боддог. Яах вэ бид бүгдийг оросуудтай холбож яриад сурчихсан улс. Рихард Зорге гэж баатар байдаг. Тэр үеийн хүмүүстэй харьцуулаад үзвэл манай хувьд Дилав хутагт бол түүнтэй дүйцэх хүн. Бүр давсан тагнуулч байж магадгүй. Америкт очоод зүгээр байлгүй Монгол судлалын эхлэлийг тавьсан. Шарын шашны сүм байгуулсан. Мөн Монгол Улс НҮБ-д элсэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсаа америкчуудад таниулах талаар маш их идэвх гаргаж ажилласан. Онон, Өргөнгөө, Гомбожав гуай нарыг НҮБ-д элсэхэд, америкчуудад монголчуудыг ойлгуулахад гавьяа байгуулсан гээд Алтан гадас одонгоор шагнасан шүү дээ. Тэгэхэд хамт оролцож явсан Дилав хутагтад юу ч байхгүй байх жишээтэй.
-Энэ номд нэг тайлагдашгүй юм байна. Хэчнээн нарийн нандин ухаантай хүн байлаа гэхэд япончуудад, Хятадад, Гоминданд таалагдаад, Америкт таалагдаад, тэр хүнд хэцүү үед дуртай газраараа зорчоод байдаг. Хэр баргийн хүн ингэж явах уу. Ингэж явахад Дилав хутагтад юу нөлөөлсөн юм бол?
-Одоо ёстой жинхэнэ эх оронч үзэл л байхгүй юу.
-Эх орон ч үзэл гэхэд багтахгүй байна. Тэр хувь хүний оюуны чадавх, хутагтын чанар нөлөөлсөн болов уу?
-Байлгүй яах вэ. Тэр хүнд бусдад хүлээн зөвшөөрөгдөх ямар нэг увдист чанар байж. Бүгд л хардаж байсан. Тайваньчууд энэ хүн коммунист үзэлтэй гэж америкчуудад бичиг хүртэл явуулж байсан байдаг. Америкчууд хардаад хоёр жил хэртэй шалгасан баримт ч бий.
-Номд “Энэ шашин устах болоогүй 400 жилийн настай” гэж хэлсэн тухай дурдсан байна?
-Тэр дэмий үг биш байх. Олон юм уншиж, судалсан хүний хэлсэн үг байх.
Бэлтгэсэн Н.Лутбаяр