Манай уншигчид Завханы бүжигчин Э.Амаржаргалтай эчнээ танил болоод буй. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд бүжгийн болон бүжигчин, бүжиг дэглээчдийн олон улсын найман уралдаанд цахимаар оролцсон. Болгар улсад болсон бүжгийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд хоёрдугаар байр эзэлж, БНСУ, Мексик, Австрали, Британи, Португал, Турк, АНЭУ гэсэн долоон орныход түрүүлсэн юм. Өнгөрсөн сарын сүүлчээр тэрбээр хойд хөршийн нийслэлд болсон уралдаанд очин оролцоод мөн л түрүүлчихсэн. Буцах замдаа Чеченийн Грозный хотод мөн өрсөлдсөн ч дүн нь хараахан гараагүй байна. СУИС-ийг бүжигчин, бүжиг дэглээчээр төгсөж, зааж сургасан багш нарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртэж яваа тэрбээр эдгээр уралдаанд тус сургуулийн багш, бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Нуман туульс”, “Бугуйлт биелгээ”, “Тамган биелгээ” бүжгээр оролцсон юм. Зөвхөн Москвад очиж бүжиглэхдээ нэг үзүүлбэрээр дэглээч А.Хосбаярын “Говийн зургаа”-г сонгосон байсан.
Олон улсын уралдаанд уран бүтээлч амжилт гаргахад тухайн улсын нэр мандаж, ард түмний туулж ирсэн түүх, соёл, өв, уламжлалын онцлог тодрон товойдог билээ. Бүжигчин амилуулж, олон улсын шүүгчдийн өмнөудаа дараа үзүүлсэн “Нуман туульс”, “Бугуйлт биелгээ”, “Тамган биелгээ” бүжгийг бүтээн бий болгосон дэглээч М.Мөнгөнцэцэг гэж хэн бэ гэдэг анхаарал татна. Тэрбээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш юм. Мөнбүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, хадны зургийн дүрс, тэмдэглэгээг судлан шинжилж, тэдгээрийг үндсэндээ хөдөлгөж, бүжигт оруулж ирсэн шинийг санаачлагч. Монголын бүжгийн урлагийн түүхэнд ийм нэгэн онцгой үзэгдэл бий болгосон анхдагч түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны бүтээлүүд бүжгийн уралдаануудын олон улсын шүүгчдийн хараа, сэтгэлийг булаасаар байна. Ялангуяа таны дэглэсэн “Тамган биелгээ” монгол бүжигчин амжилт гаргахад ихэд нөлөөлжээ. Энэ бүтээл төрсөн түүхийг сонирхуулах уу?
-Нэлээд олон жилийн өмнөх явдлуудаас дурдах болох нь. Энэ цуврал бүжиг төрөх хүртэл туулсан замналын минь ихэнх нь хадны зураг судлахтай холбоотой.
-Хадны зургуудаас санааг нь авч, бий болгосон хөдөлгөөнүүдээс бүрдүүлсэн “Бодит нүүдэл” бэсрэг бүжгэн жүжгээс тань эхтэй юү. Үзсэнээ санаж байна л даа.
-Оюутан насны адал явдлаас эхэлж ярих болохнь. Би 1993-1997 онд СУИС-ийн анхны бүжиг дэглээч, найруулагч, багшийн ангид суралцаж төгссөн залуусын нэг. Багануурын Гавьяат багш Б.Балжинням, манай сургуулийн багш, урлаг судлалын ухааны доктор Ж.Эрдэнэхорол, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий бүжиг дэглээч, Гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг, Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий бүжиг дэглээч, докторант С.Төмөртогоо, “Варьетте”-гийн гэхээр хүмүүс анддаггүй байсан Д.Отгонбаяр агсан нарын төгсөгч манай ангийнхан юм. Гурван багшийн маань нэг, энэхүү ангийг үүсгэн байгуулагч Б.Алтанцэцэг бүжиг дэглэн найруулах хичээлийг өөрөө заадаг байлаа.
-Монгол Улсад бүжгийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхлээд 29 жил болжээ?
-Тийм ээ. Бүжгийн онолч, асар их мэдлэгтэй Б.Алтанцэцэг багш ямар үр тарихад ямар жимс ургасныг бид нараас харж болно гэж боддог. Их алсын хараатай сурган хүмүүжүүлэгч байжээ. Бурхан болоод арав гаруй жил болчихлоо. Гуравдугаар курст байхад багш дэглэн найруулах бүжгийнхээ санааг дүрслэх урлагаас ол гэсэн даалгавар өгсөн юм. Дүрслэх урлагийн сургууль СУИС-ийн байрны дөрөвдүгээр давхарт байдгийг хэлэх үү, бид хэсэгтээ дээш, доош гүйлдлээ. Зураач багш нарын яриа хөөрөөг сонсож, оюутнуудын ажлаас харж, ядахдаа л хонгилд өлгөөтэй байгаа зургуудыг нь нягтлан үзэхгэж очдог байсан юм. Тэгсэн ч би тодорхой санаа, сэдэв олж чадахгүй л байлаа. Нэг орой манай гэрт хадны зурагтай ном байхыг харлаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үүлэн борооны ажил хийж байна уу гэхээр байдалтай дүрс юм л даа. Зураг таалагдлаа шүү. Тэгэхээр нь шууд санаагаа бүжиг болгож, ангийнхаа Б.Отгонбаяртай хамт хийж шалгууллаа. Багш хичээл бүр дээр биднээр яриулдаг байсан юм. Тэр зарчмаараа “Бүтээлийнхээ санааг юунаас авсан, уран зураг олсон уу” гэх зэргээр асууж байна. Тэгэхээр нь би сандрангуй “Хадан дээр байсан, секс хийж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс санаа авсан” гээд хэлчихэв ээ. Багш ч, ангийхан ч хөхрөөд явчих лаа. Дахиад тайлбарла гэхээр нь өнөөхийгөө л давтав. Багш “Чи хаана очиж, ямар хадан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “унтаж” байхыг харчихав” гэсэн. Тэгэхээр нь буруу яриад байгаагаа ойлгож, номон дээр байсан зургаас санаа, сэдэв олсноо хэлсэн юм. Багш бүжгийг минь таалж, “Угтвар болон үндсэн, зураг болсон хөдөлгөөн, агуулга ч сайн болжээ” гэж дүгнэлээ. Тухайнүеэс эхэлж хадны зурагтай ном, гарын авлага, ямар л материал байна, цуглуулах, судлах сонирхолтой болсон юм. Тэр үед мэргэжил нэгт найзууд намайг “Дандаа л хадны зураг, сүг ярьж байх юм. Хадны мангаа болчихов оо” гэх зэргээр шоолох маягтай хэлдэг болов. Тэгэхээр нь хэсэгтээ ярихаа больсон ч санаагаа орхиогүй. Гэхдээ удаан хугацаанд ганцаараа бодоод яваад байж чадаагүй. Оюутан байхдаа анхлан гаргасан зохиомжоо 1998 онд “Уламжлал” гэдэг нэртэй бүжгийн бүтээл болгоход бүжигчин Д.Энхгэрэл, Т.Отгонсүрэн хоёр бүжиглэсэн. Араас нь “Түлээний хайрцаг”, “Талын зэрэглээ” зэрэг хэд хэдэн бүтээл төрүүлсэн. Харин үүнээс хойш хэсэгтээ хадны зураг гэж ярилгүй, ажин түжин мэт байж байгаад 2004 онд “Бодит нүүдэл” хэмээх бэсрэг бүжгэн жүжиг дэглэн найруулсан. Хөгжмийг нь төгөлдөр хуурч М.Цогбадрах зохиосон нь их нийцтэй болсон. МУИС-ийн багш, урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар багш надад байнга урам зориг өгдөг байлаа. “Хадны зургуудыг хөдөлгөөд байгаа содон, сонин хөдөлгөөнүүдээ баяжуулаад, хөгжүүлээд байгаарай. Их гоё сэдэв шүү. Бүжиг дэглэ, жүжиг тавь. Чамд ирээдүй байна” гэх зэргээр хэлж, үндсэндээ бага багаар ташуурддаг байв. Тийм болохоор дотоод сэтгэлд бий болсон бүтээлүүдийн төсөөллөө гаргаж ирэхэд бэсрэг бүжгэн жүжиг болсон юм.
-Ч.Болдбаатар доктор бүжгийн урлагт гойд дуртай юу?
-Багш “Хадны сүг зургийн уран сэтгэмж, дүрслэлийн сакраль шинж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан болохоор сэтгэл, зүрхээ энэ сэдэвт зориулчихсан. Ер нь энэ урлаг судлаач эрдэмтэн манай улсын бүжгийн урлагийн хөгжилд нэлээд нөлөөлсөн хүн. Манай Б.Алтанцэцэг, Д.Нанжид, сонгодог бүжгийн Баасанхүү багш нартай найз. Бүжгийн урлаг, бүтээл туурвилын талаар санаа оноо солилцож, шүүмж ч хэлдэг. Би түүнийг шүтдэг учраас докторын зэрэг горилох ажлын удирдагчаараа багшийг сонгосон. Хоёулаа багш, шавийн барилдлага тогтоож, ажлаа эрчимтэй эхлээд явж байтал багшийн бие чилээрхэхээр нь ажлаа түр завсарлахад хүрсэн.
-Та өнөөх л хадны зураг сэдвээрээ эрдмийн зэрэг горилохоор шийдэж, тийм үү?
-Тийм. Өмнө нь магистрын ажлаа “Хадны зураг дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр хийсэн тул сэдвийн дагуу үргэлжлүүлэн судалж, шинжилсэн. “Хадны зураг, тамгадын дүрсээс монгол бүжгийн хөдөлгөөн, нэршлийн гаргалгаа” сэдвээр хамгаалсан. Мэргэжлийн багш нар маань хадны зургийг тухайн үед нэг их таашаагаагүй. Алтай багш “Тэнгэрлэг, сонгодог зургууд байвал яасан юм бэ” хэмээсэнбол Д.Нанжид багш “Бий биелгээ судлаач ээ” гэдэг байлаа. Гэтэл хадны зураг гэдэг бол явж явж бий биелгээний уг гарвальболж таараад байдаг. Бий биелгээ хаанаас, хэзээ, хэрхэн үүсэв гэдгийг ухах тусам ойлголт улам лавширч байв. Яван явсаар ахуй руугаа хандсан. Нүүдэлчин монголчуудын аж байдал, өдөр тутмын амьдралын өнгө аясыг илтгэх эдлэл хэрэглэл, сүү, цагаан идээ, хувцас, хээ хуар, малын тамга гээд хэрэглэдэг бүхнийг хэн бодож олсон бэ гэдэг асуулт гарч ирсэн. 1998 оноос эхэлж явахад Монголынхоо 15 аймаг, 71 сумд очсон байв. Тэр бүрийд тэмдэглэл хөтөлсөн. Ном болгох хэмжээний материал цугласан. Нуулгүй хэлэхэд “Тамган биелгээ” цуврал бүжгийг док торын ажил хамгаалуулах шаардлагын хүрээнд бүтээсэн юм. Журам ёсоор судлаач нь сэдвийн хүрээнд нэг бол ном гаргасан байх ёстой, эс бөгөөс бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх ёстой юм билээ. Миний эрдмийн ажлын анхны удирдагч Ч.Болдбаатар доктор биеэ гамнах хэрэгтэй болсон тул олон цагаар надтай ажиллах боломжгүй байлаа. Би хойшлуулах хүсэлтэй байсан ч манай сургуулийн захиргаанаас СУИС-ийн Профессорын багийн ахлагчаар ажиллах болсон С.Дулам доктороор удирдуулаад хамгаалчих юм уу гэсэн санал тавьсан тул бид хамтарч ажиллах болсон. Ингээд ажил шуударсан. Олон жил хадны зураг судлан шинжилснээ хэдийгээр өмнө нь нэлээд хэдэн бүтээлдээ тусгасан ч Оюуны өмчийн газарт бүртгүүлэх хүрээнд эмхэлж цэгцлэх хэрэгтэй болсон. Яг “Тамган биелгээ” төрсөн түүх бол энэ. Хадны зургаас олж харсан малын 18 тамганы дүрсээс хөдөлгөөн үүсгэж, бүжгийн элемент болгосон юм. Нэг тамганы тухайд 2.5-3.5 минут хэртэй үзүүлдэг. Нийлээд 36 минут үргэлжилдэг юм.
-Монгол бүжгийн цоморлиг гэдэг шиг тус тусдаа зүйлсийн тухай нэгдор харуулах маягтай зохиомжилсон юм уу?
-Яг тийм. Одоогийн бид малын тамгаар мэдэх энэхүү дүрс, тэмдэглэгээнүүд бол эрт дээр үед овог аймгуудын, өрх гэрийн бэлгэдэл болон шүтээн нь байсан юм билээ. Археологийн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн судлаачдын ажлуудад энэ тухай тодорхой байдаг. “Тамган биелгээ” бүжигт тэрхүү шүтээн болсон адууны тамгыг хэрхэн хайрлаж байгаа талаар болон түүнийг хадгалан хамгаалах тухай өгүүлдэг. Адууны тамганы туухай, хас, дэгрээ, саран, онгин, хайруулан, угалз хэлбэрийг уран сайхны аргаар баяжуулан хэрэглэхдээ бэлгэдлийг ньнэг ба олон дараалсан хөдөлгөөнүүдээр бодит ахуй руу ойртуулан дэг зохиомжийг гаргасан даа.
-Олон улсын уралдаануудын шүүгчид энэ агуулга, сэтгэлгээ, зохиомжийг, бүжигчний ур чадвартай хослуулан дүгнэдэг юм байна гэж ойлголоо.
-Тийм байх. Бүжигчин Э.Амаржаргал өнгөрсөн зунаас хойш ойр ойрхон олон улсын хэд хэдэн уралдаанд оролцож, бүгдэд нь шахам түрүүллээ. Зарим уралдаанаас бүжиг дэглээч надад болон хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт диплом ирүүлсэн. Монголчууд бидэнд эцэг өвгөд минь соёлын ийм өвөрмөц өвийг уламжлуулжээ.
-Археологи талд хэн нэгэнтэй хамтарсан уу?
-Миний судалгааны ажилд маш их тусалсан, урам өгч байсан хүн болмагистрын ажлын хоёрдугаар удирдагч, археологич, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Цэвээндорж гуай юм. Магистрын нэгдүгээр удирдагч нь мэргэжлийн багш Б.Алтанцэцэг байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр олон улсад монгол өв, соёл, уламжлал, ухааны тухай мэдээллийг бүжгээр дамжуулан, тэр дундаа Монгол орны өнцөг булан бүр дэх хадан дээр байдаг зураг, дурсгалууд, дүрс, тэмдэглэгээнүүдээс санаа, сэдэл авч, үүсгэн бий болгосон бүтээл төрүүлэхэд багш нарын минь оролцоо, нөмөр нөөлөг маш их байсныг хэлэх гэсэн юм.