-Улсын төсвийн төсөл, ялангуяа хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөхдөө хэмнэх зарчим баримталсан гэж холбогдох албаныхан тайлбарлаж байгаа. Танай багийнхан төсвийн төслийг хэр сайн боловсруулсан гэж дүгнэв?
-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал тусгахгүй гэсэн бодлого баримталсан нь зөв шийдвэр гэж үзэж байна. Жишээ нь, 2022 онд орон сууцын фасад засах мөнгийг хүртэл улсын төсвөөс гаргуулахаар тусгасан.
СӨХ-ноос гаргах ёстой хөрөнгийг улсын төсөвт суулгасан шүү дээ. Ирэх оны төсвийн тухайд шинээр тусгасан хөрөнгө оруулалт цөөн байна. Хөрөнгө оруулалтын жагсаалтаас харвал, 2023 онд таван чиглэлийн төсөл шинээр төлөвлөжээ. Тухайлбал, нийтийн тээврийн автобусанд 300 гаруй, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээнд 80 тэрбум төгрөг гэх мэт. Мөн зургаан аймагт улсын чанартай, хатуу хучилттай авто замын их засвар хийхэд 35 тэрбум төгрөг тусгажээ. Дараагийнх нь нийтийн тээврийн авто паркт 21 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн Үндэсний дата төвийн тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг сайжруулахад 13 тэрбум төгрөг зарцуулах нь. Эдгээр шинэ төслийг 2023 онд бүрэн санхүүжүүлэх юм байна. Гэхдээ төслүүдийн танилцуулга, тооцоо, судалгаа хэт ерөнхий байгааг дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагатай.
-Тухайлбал, төслүүдийн танилцуулгыг хэрхэн дэлгэрүүлэх вэ. Үүн дээр жишээ дурдаж болох уу?
-Төсвийн хөрөнгө оруулалтын маягтад илүү дэлгэрэнгүй мэдээлэл багтаадаг байхаар эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын танилцуулгаа дэлгэрэнгүй бичих нь зүйтэй. Ялангуяа шинэ төслийн танилцуулга, хуучин төслийн төсөвт өртгийн өөрчлөлтийн шалтгаан, тайлбарыг нь тусгах хэрэгтэй байна. Жишээ нь, зургаан аймгийн замыг засах төсөвт яг аль чиглэлийн замд хэр их засвар хийх нь тодорхойгүй. ТЭЗҮ боловсруулах чиглэлээр бас 80 тэрбум төгрөг тусгасан байгаа юм. Гэхдээ аль салбарын, ямар төслүүдийн ТЭЗҮ боловсруулахаа тодорхой болгох хэрэгтэй. Өмнө нь энэ чиглэлийн замын, эсвэл барилга байгууламжийн ТЭЗҮ-ийн зардлаа тус тусад нь төлөвлөж, төсвийн төсөлд тусгадаг байлаа. Харин энэ жил нэгдсэн дүнгээр нь оруулсан байна.
-Хөшөө, барилга байгууламж зэрэг шаардлагагүй бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэх нь гэх шүүмжлэл жил бүрлгардаг. Ийм хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт хэр олон байна вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтыг ерөнхийд нь харвал он дамнан үргэлжилж буй барилгуудаа дуусгахаар төлөвлөжээ. Тэдгээрийн дунд 2010 оноос эхлүүлсэн төсөл ч бий. Жишээлбэл, 2010-2017 онд эхлүүлсэн 16 төсөл байна. Тав болон түүнээс олон жил үргэлжилж буй төслүүд гэсэн үг. Эдгээрийн төсөвт өртөг нэлээд нэмэгдсэн нь анхаарал татлаа. Жишээлбэл, 2010 онд эхлүүлсэн Налайх дүүргийн Спорт цогцолбор гэхэд анхны төсөв нь 1.8 тэрбум төгрөг байж. Гэтэл ирэх оны төсөвт 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэж оруулж ирлээ. Анх төлөвлөснөөс бараг 6-7 дахин өссөн гэсэн үг. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумд Төв халхын дуулалт жүжгийн театр барихаар 2011 онд анх 6.8 тэрбум төгрөгийн төсөвтэй гэж баталжээ. Гэтэл төсөвт өртөг нь 2023 онд 3.7 тэрбумаар өссөн байна. Энэ мэтээр барилга байгууламжийн төсөвт өртгийн өсөлт харилцан адилгүй байгаа. Тэгэхээр Засгийн газраас үүний холбогдох мэдээлэл, тооцоог төсвийн төсөлд тусган, УИХ-д өргөн барих нь зүйтэй болов уу. Ер нь он дамжуулан хэрэгжүүлэх төслүүдийн эхний санхүүжилт нь нэлээд бага байдаг. Тэгэхээр эхний санхүүжилтийг бага тусгадаг байдлыг халах ёстой. Үүний тулд төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтын маягтдаа өөрчлөлт оруулах шаардлага бий. Жишээ нь, өмнөх оноос шилжих төслүүдийн анхны болон тухайн оны төсөвт тусгасан санхүүжилтийг зэрэгцүүлж харуулах хэрэгтэй. Тэгвэл өөрчлөлт нь илэрхий харагдана. Гэтэл ирэх жилийн төсвийн төсөлд зөвхөн тухайн жилд санхүүжүүлэх дүнг л тусгасан. Ийм учраас төсөвт өртөг нь өссөн үү, буурсан уу гэдэг нь мэдэгдэхгүй. Өмнөх онуудын Төсвийн тухай хуулийг заавал шүүж үзэж байж өөрчлөлтийг нь харах шаардлагатай болсон. Бас нэг анзаарсан зүйл бол 2023 онд санхүүжүүлэх дүн нь маш бага төслүүд байна. Жишээлбэл, зарим зам, сургуулийн спорт заал, дотуур байранд 10 сая төгрөгөөс бага санхүүжилт олгохоор тусгасан. 10 сая төгрөгөөс бага санхүүжилт олгох дөрвөн төсөл бий. Нэг, гурав, долоон сая төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөв гэж оруулах шаардлагатай юу. Яагаад ийм бага төсөв оруулав. 2019 онд эхлүүлсэн төслүүдэд ийм дүнгүүд байна л даа. Тэр үед эхлүүлсэн гэхээр ирэх онд дуусах л бололтой юм. Тэгвэл дуусаж буй төсөлд нэг, гурван сая төгрөгөөр юу хийх вэ гэдэг асуулт урган гарна. Харин тайлбар байхгүй.
-Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын мэдээллүүд бүхэлдээ тодорхойгүй, хэт ерөнхий байна гэж ойлгож болох уу?
-Тухайн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг өөрчлөгдсөн үү, одоо хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа, өмнө нь хэр их санхүүжилт олгосон зэргийг УИХ-ын гишүүд болон олон нийтэд ил тод танилцуулах хэрэгтэй. Ялангуяа том төслүүдийн тухайд нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд төсвийн төслийг уншиж танилцах, улмаар батлах хугацаа нь маш богино. Тиймээс шууд харахад ойлгомжтой, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой төсөл боловсруулах шаардлагатай. Ер нь төсвийг сар гаруйхан хугацаанд хэлэлцээд баталдаг цаглавартаа ч өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Засгийн газар төсвийн төсөл боловсруулах явцдаа иргэдийг оролцуулдаг, мөн УИХ-аар хэлэлцэх үед ч олон нийтийн хэлэлцүүлэг тогтмол хийдэг байх нь зүйтэй. Олон нийт болон УИХ-ын гишүүдэд төсөвтэй илүү сайн танилцах боломж олгох үүднээс төсөл өргөн барьснаас хойш батлах хүртэлх хугацааг сунгах гэх мэт өөрчлөлт хийх шаардлагатай.
-Мэдээлэл дутмагаас судлаачдын ажиллах хүрээ ч хумигдмал байсан уу?
-Судлаачдын хувьд өмнөх онуудын төсөвтэй харьцуулан дүн шинжилгээ хийж байна. Ер нь төсвийн танилцуулга харьцангуй товч болоод байгаа юм. Түүнчлэн төсвийн төслийн баримт бичгийг УИХ-ын цахим хуудсанд pdf хувилбараар байршуулдаг. Төсвийн тооцооллын 14 хавсралт байгаа. Тэдгээрийг шууд татаж авах боломжтой хэлбэрээр байршуулчихвал судлаачид мэдээлэлд нь шуурхай дүн шинжилгээ хийнэ. Ялангуяа төсвийн тоон мэдээллүүдийн форматыг компьютероор боловсруулахад амархан болгох хэрэгтэй. Үүнд бас Засгийн газар анхаарах нь зүйтэй. Ер нь эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргана. Тэгэхээр гишүүдэд зориулаад бүрэн дүүрэн мэдээлэл өгч байвал шийдвэр гаргахад дөхөм болно. Жишээ нь, ирэх оны төсвийн урсгал зардал, ялангуяа тусгай сангуудын зардлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүд бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж сайн төсөв батална. Энэ жил анх удаа төсвийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн нь дэвшилттэй алхам. Гэхдээ иргэдээс санал авах хугацаа нь маш бага буюу 10-хан хоног байсан. Цаашдаа төсвийн цаглавартаа өөрчлөлт оруулаад, төсөлтэй иргэд танилцах, санал авах хугацааг сунгах шаардлагатай. Төсвийн хэлэлцүүлгийг тогтмолжуулаасай гэж хүсэж байна.
-Төсөв хэмнэнэ гэсэн атлаа шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг төсөлд тусгасан гэх шүүмжлэл гарч байгаа. Ялангуяа орон нутагт олон Соёлын төв барихаар тусгасныг буруутгах хүн цөөнгүй бий. Та судлаачийн хувьд үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Аль нь хамгийн чухал, нэн тэргүүнийх вэ гэдгийг маш сайн эрэмбэлэх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагагүй тохижилтын ажилд мөнгө зарцуулахын оронд хүүхдийн эмнэлэг нэмж барих, сурагчид нь багтахгүй байгаа сургуульд хөрөнгө оруулах нь чухал. Хөрөнгө оруулалтын төслүүдийг 2020 оноос ач холбогдлоор нь эрэмбэлж, санхүүжүүлэхээр тусгасан гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл төслүүдийн эрэмбийг ил тод болгоё. Мөн тухайн төслийн үр ашгийг судалсны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй. Манай Төсвийн зөвлөлөөс хөдөөд Соёлын төв барьснаас ерөнхий боловсролын сургуулийн спорт заалтай нэгтгэн, хамт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөх зөвлөмж гаргасан. Соёлын төвийг өдөр болгон ашиглахгүй. Гэтэл ирэх оны төсвийн төсөлд 30 гаруй Соёлын төвийн барилгын санхүүжилтийг тусгасан. Эдгээр төвийн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг төсвийн төсөлд нэмж оруулах шаардлага бий. Ажлын явц нь тав, 10-хан хувьтай бол энэ удаад царцааж болно шүү дээ. Ийм учраас л төслийн гүйцэтгэлийн мэдээллийг бүрэн тусгах шаардлагатай гээд байгаа юм. Бүрэн мэдээлэл авч байж аль төслийг царцаах, эсвэл дуусгахаа шийднэ.
-Тусгай сангуудын төсөв тодорхой бус байгааг та дурдлаа. Төсвийн хууль бус зарцуулалттай холбоотой асуудалтусгай сангуу дадгардаг байх аа?
-Төсвийн төслийн танилцуулгын ердөө 2-3-хан хуудсанд 20 гаруй тусгай сангийн мэдээлэл байгаа нь хангалтгүй. Нийгмийн даатгалын сан 3.7 их наяд төгрөгийн зардлыг 2023 онд гаргана. Боловсролын зээлийн сангийнх 93 тэрбум. Засгийн газрын нөөц сан 60, Нийгмийн халамжийн сан 596, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 85, Улсын авто замын сан 62 тэрбум төгрөгийн зардал гаргахаар төлөвлөжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан 85, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 50 тэрбум төгрөг зарцуулна. Эрүүл мэндийн даатгалын санд 2022 онд 1.4 их наяд төгрөг төсөвлөсөн. Тэр төсөв ирэх онд хэвээр байх нь. Уг нь эмийн үнэ ямар их өссөн билээ, хүн амд хүрэх үйлчилгээ хэр зэрэг байгаа вэ гэдгийг бодох ёстой. Эрүүл мэндийн байгууллагууд өдгөө гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа. Зарим иргэний зүгээс “Гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирсан, эсэхийг үнэлээч ээ. Тухайн байгууллага ажилчдынхаа цалинг нэмээд ч юм уу, эсвэл нэмэхийн тулд үйлчилгээгээ хумьж байна” гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Яагаад гэвэл гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш эмнэлгийн хүлээлгийн цаг уртасчихлаа. Эмчид үзүүлэх гэж удаан хүлээдэг болчихсон. Иргэд нэлээд гомдол, санал гаргаж байгаа шүү дээ. Тиймээс шинэ систем нэвтрүүлснээр үйлчилгээг сайжруулсан уу гэдгийг үнэлэх ёстой болов уу. Ер нь шинэчлэлийг нэвтрүүлэхдээ үр дагаврыг нь сайн судлах хэрэгтэй. Энэ мэт судалгаа, тооцоо тусгай сангуудын урсгал зардалд алга. Маш товч мэдээлэл байна. Боловсролын зээлийн сан гэхэд 93 тэрбумыг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн байна л даа. Энэ нь дотроо Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт 24, Оюутны хөгжлийн зээлд 21, бүтэн, хагас өнчин хүүхдийн тэтгэлэгт 18, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 10, гадаадад суралцагчдын зээлд 10 тэрбум төгрөг гэх зэргээр тусгажээ. Мөн орон нутгаас суралцаж байгаа оюутны замын зардалд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мэдээж боловсролын салбараа дэмжилгүй яах вэ. Гэхдээ Боловсролын зээлийн сангийн зээл олголтын мэдээллийг илүү ил тод болгох шаардлагатай. Жишээ нь, өмнөх зээлээрээ хэдэн хүүхэд сургасан гэх мэтээр тайлагнах хэрэгтэй гэж харж байна.
Бэлтгэсэн М.Оч