-Кино урлагт хэрхэн хөл тавьсан бэ?
-2010 онд их сургуулиа төгсөөд NTV телевизийн дэргэдэхбаримтат киноны студид ажилд орсон юм. Г.Батнягт, М.Буянбадрах ах нарын “Дэлхийн монгол айл” төслөө хийж байсан үе. Ингэж баримтат кинотой танилцаж, бүтээхэд нь оролцож, киноны урлагийн энэ төрөлд хайртай болох эхлэл тавигдсан. Тус студид ажиллаж байх үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж найруулагч “ХХ зууны гэрэл сүү дэр” төсөл хэрэгжүүлж, Монголын алдарт 28 найруулагчийн талаарх цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэгэхэд туслах редактороор нь ажиллах завшаан надад олдсон юм. Монголын кино урлагийн түүхтэй танилцах ховорхон боломж байлаа. Алдартай найруулагч нарын гайхамшигтай уран бүтээлээ туурвисан түүхийг сонсож, уран бүтээлийг нь үзэж, улам л автаж, кино урлагт дурласан. Найруулагч болох хүсэл битүүхэн тээгээд л.
-Тэгвэл одоо “Найруулагч аа” гэж дуудуулахад ямар санагддаг бол?
-“Найруулагч” гэж дуудуулахаас санаа зовоод байдаг юм. Яагаад ч юм бэ, айдаг.
-Хэчнээн баримтат киноны ард гарав?
-Таван кино бий. 2014 онд найзуудтайгаа хамтран “Босго” фильм байгуулсан. Өмнөх үеийн киноны алдартай найруулагч нарыг судалж, Б.Балжинням, Х.Дамдин, Ж.Биндэр тэргүүтэй мундаг найруулагчаас үг сонсож, нэвтрүүлэг хийж байснаас болсон уу мэдэхгүй, театрын найруулагч нарын тухай баримтат кино хийх хүсэл төрсөн. Эл хүслээ зорилго болгоод алдарт Л.Ванган, Ч.Ойдов, Э.Оюун нарын тухай баримтат кино хийсэн. Одоо Д.Намдаг гуайн талаарх кино хийхээр ажиллаж байна. Кино урлагт дурласнаасаа хойш А.Тарковский, Ф.Феллини, Ким Ки Дук, Вон Кар Вай гэхчлэн гадаадын алдартай найруулагчийн бүтээлүүдийг үзэж, судалдаг болсон. Уран бүтээлчдийг судлах тусам л “Яаж үүнийг хийв. Яаж ингэж бодов. Яаж, яаж” гэж их бодогдох юм.
-Тэгээд л уран сайхны кино хийхээр зориглосон уу?
-2015 онд NTV телевизэд “Номын гэгээ” гэдэгнэвтрүүлэг хийдэг байхдаа зохиолч Б.Наминчимэд ахтай танилцаж, надад “Бурхан болох насанд нь” номоо дурсгасан юм. Эл номд “Жаалхүү, ном хоёр” гэж өгүүллэг бий. Уншихад яг л кино шиг санагдсан. Таван жил зохиолоо янз бүрээр бичиж, бодож явсаар 2020 онд Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Дурсаж яваарай” киногоо хийсэн дээ.
-Өмнө нь кино зохиол бичдэг байсан гэсэн үг үү?
-Оролдож байсан. F студийн Ц.Амартүвшинтэй хамтран “Параллель ертөнц”, Д.Хүрэлхүү ахтай “Асрагч аав” киноны зохиолыг хамтран бичсэн. Хаанаас ч билээ, хамгийн муу кино бол өөрийнхөө тухай хийсэн кино гэж уншиж байв. Харин яагаад ч юм бэ, би кино болгондоо өөрийнхөө дурсамж, үзэж харсан зүйл, уулзаж учирсан хүмүүсийнхээ ярьснаас сэдэвлэсэн хэсэг оруулдаг. Мэдээж киноныхоо сэдэв, санаа, үйл явдалтай уусгаж зангидна. Ингэснээр харин ч үнэн, амьдралтай ойр болдог мэт санагддаг.
-Та “Дурсаж яваарай” анхны бүтээлээрээ олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон. Энэ амжилтаа “Дасгалжуулагч” киногоороо ахиулах төлөвлөгөөтэй юү?
-Олон улсын есөн наадамд “Дурсаж яваарай” киногоороо оролцсон. Тэдгээрээс Казанын олон улсын кино наадмаас шилдэг зохиол, Британийн олон улсын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртлээ. Сүүлд Тайванийн олон улсын кино наадмыг нээх бүтээлээр шалгарч, үзэгчдэд хүргэсэн. Заримдаа зүүд юм шиг л санагддаг. “Нээрэн ийм зүйл болж байгаа гэж үү. Би киногоо хийчихсэн. Тэр нь олон улсын наадмаас шагнал хүртлээ. Үнэн гэж үү” ч гэж бодогдоно. Олон жил гар нийлж ажилласан хамт олны минь гавьяа. Тэднээрээ их бахархдаг. Мэдээж анхны бүтээлээрээ тодорхой амжилт үзүүлсэндээ баярлаж байгаа. Түүнийгээ бататгахыг хүсэж байна.
-Удаах “Дасгалжуулагч” киногоо хэрхэн бүтээв?
-Цар тахлын үеэр нэгэн төрийн бус байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд ойлгуулах зорилготой кино зохиол бичүүлэх санал тавьсан юм. Зохиолоо эхлэхийн өмнө судалгаа хийж, олон хүнтэй уулзаж явахдаа нэгэн түүх сонссон юм. “Гэр хорооллын гудамжинд хэсэг жаал өдөр бүр сагсан бөмбөг тоглодог. Тэдний дунд тэргэнцэртэй нэг хүү бий. Бусдыгаа хичээлдээ явсан хойгуур өнөө хүү ганцаараа хашааныхаа гадна тэдний тарж ирэхийг хүлээгээд суудаг” гэж. Энэ түүхийг өөрийнхөө бага насны дурсамжуудаар баяжуулж кино зохиол болгож бичсэн юм. Харамсалтай нь, анх санал тавьсан газраас санхүүжүүлэх боломжгүй болсон. Хэсэг хугацааны дараа “Дурсаж яваарай” киноны минь гүйцэтгэх продюсероор ажилласан П.Батмягмар “Чамд бэлэн зохиол байгаа юу” гэхэд нь эл зохиолоо харуулсан. “Арай л артхаус төрлийнх байна. Жаахан арилжааны болговол яасан бэ” гэснээр Б.Наминчимэд ахын охин Н.Майдартай хамтран зохиолоо жаахан зассан юм. Ингэж засахдаа л киноны гол дүр болох хүүгийн ээжид жүжигчин Р.Анхням эгчийг төсөөлж, зориулж бичсэн. Нэгэнт нийгэм рүү хандсан сэдэвтэй кино учраас хүчтэй, чадвартай жүжигчин л тоглох хэрэгтэй. Азаар намайг дэмжиж, саналыг минь хүлээн авсан. “Дурсаж яваарай” киноны гол дүрд тоглосон Б.Бат-Ууган дүүгээ дахин энэ уран бүтээлдээ тоглуулсан. Дүрийн сонгон шалгаруулалт хийсэн ч надад тэр л тохирох, чадах юм шиг санагдсан юм. Оюутан ахуйгаасаа “Улаанбаатар” олон улсын кино наадмын үзэгч байж, олон орны сор бүтээлүүдийг хүлээж, догдолж үздэг байлаа. Харин өнөө жил анх удаа оролцож, шилдэг зохиолын шагнал хүртлээ. Эл киноныхоо ачаар дараагийн уран бүтээлээ “Номадиа” пикчерстэй хамтран хийх эрхээр ч шагнууллаа. Киногоо ирэх сарын 25-наас үзэгчдэд хүргэхээр болсон.
-Кинотеатрт хүмүүс таны бүтээлийг үзэж суугааг харахад юу мэдрэгддэг бол?
-Их л сандардаг. “Дурсаж яваарай”-г дэлгэцэд гаргасны дараа “Тэгдэг, ингэдэг байж” гэж бодогдоод хэцүү байсан. Санаа зовоод л. “Улаанбаатар” кино наадмын үеэр “Дасгалжуулагч”-ийг үзүүлэхэд би суудал дээрээ хавчиганаад тухтай ч сууж чадаагүй. Р.Анхням эгч миний тэгж байгааг дэргэдээс харж шоолоод. Гэхдээ нэгэнт миний гараас гараад, үзэгчдэд хүрч байгаа болохоор киногоо өөрийнх нь хувь заяанд даатгаад үлдээе л гэж бодсон.
-Кино урлагийн юу нь таныг ингэж дурлуулсан юм бол?
-Аав минь надад сонирхолтой номууд авч өгдөг байсанньуран зохиолд хайртай болгосон. Тийм ч болохоор би утга зохиолын чиглэлээр суралцсан. Харин телевизэд ажиллах үедээ уран зураг болон гэрэл зурагт татагдсан. Эдгээр нь нийлж явсаар кино урлагт дурлахын үндэс болсон байх. Дурлахын хэрээр мэдрэмж хөгжиж, түүндээ автдаг юм шиг ээ. Кино яг л амьдрал шиг. Хүний амьдралын аль нэг хэсгийг, тэгэх тэгэхдээ хамгийн тод хэсгийг нь үзүүлдэг болохоор сонирхолтой. Нөгөөтээгүүр, дэлгэцэд ил харагдах зүйлсээс илүүтэй далд өрнөж буй учир шалтгааныг хэрхэн харуулахад тархиа гашилгах нь бас амттай.
-Кино болгож дэлгэцэд амилуулах сан гэж хүсдэг зохиол байдаг уу?
-Хэд хэдэн зохиол бий. Ялангуяа би П.Баярсайхан зохиолчийн бүтээлүүдэд үнэхээр дуртай. Миний чадал хүрвэл түүний бүтээлүүдээс сэдэвлэж кино хийх сэн гэж хүсдэг. Би өөрөө суурин, тосгонд өссөн болохоор ч тэр үү, тэндхийн хүмүүсийн амьдрал, харилцааг кинондоо үзүүлэх их дуртай. “Дурсаж яваарай”, “Дасгалжуулагч” хоёр минь ч тийм шүү дээ. Гурав дахь киногоо тэгж хийх болов уу.
-Нээрэн, Өмнөд Солонгосын KBS телевизтэй хамтран олон ангит кино хийж буй гэсэн. Эл уран бүтээлийн талаар дэлгэрүүлж болох уу?
-Хамтарсан уран бүтээл биш шүү. KBS телевизийн бүтээж үзэгчдэд хүргэсэн “Галзуу дурлалт нас” дөрвөн ангит мини цуврал киноны албан ёсны эрхийг “16” студи авч, зургаан анги болгон өөрсдөө хийсэн юм. Харин би “Дурсаж яваарай” киноныхоо ачаар эл уран бүтээлд ажиллах болсон. Өсвөр насныханд зориулсан кино учраас өмнө нь энэ сэдвээр кино хийж байсан найруулагчтай хамтрахаар хайж байсан юм билээ. Киногоо бэлэн болгочихсон. Харин хэзээнээс, хэрхэн үзэгчдэд хүргэхийг продюсерууд шийдэх байх аа.
-Кино бүртээ шингээхийг хүсдэг онцлог бий юү?
-Баримтат киноноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь одоо хийж буй бүтээлүүдэдминь нөлөөлдөг, шингэдэг. Тэр нь миний онцлог болж харагдаж буй болов уу. Эхлээд артхаус кино хийе гэж зорьсон. Тиймээс “Дурсаж яваарай”-гаа хийсэн. Үүгээрээ оносон, бас алдсан. Харин дараа нь “Дасгалжуулагч”-аараа бүтээлийн чанартай арилжааны кино хийх туршилтыг л өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэжбуй юм. Жан Имоу, Сэм Мендес зэрэг алдартай найруулагч энэ харьцааг чадварлаг барьж кино бүтээдэг шүү дээ. Нийгмийн асуудлыг хүчтэй хөнддөг мөртлөө тэр нь зах зээлийн эрэлтэд ч нийцдэг.
-Цаашид уран сайхны болон баримтат киногоо хослуулан ажиллана биз дээ?
-Мэдээж тэгнэ. Мөн баримтат уран сайхны киног хэрхэн сонирхолтойгоор хийж болох талаар судалж, туршиж, оролдож байна. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн баримтат киноны хоёр төсөл бий. Эхнийх нь уртын дууч Г.Дадьсүрэн гуай “Уяхан замбуу тивийн наран” дууг Н.Норовбанзад агсанд хэрхэн зааж, эл бүтээл яаждэлхий дахинд түгсэн талаар өгүүлнэ. Нөгөө нь “Солонго” нэртэй. Малчны зургаан настай охин сургуульд орж, дотуур байранд хэрхэн амьдарч буй тухайгаар эхэлнэ. Зургийг нь хоёр жилийн өмнөөс авч эхэлсэн. Охиныг ахлах ангиа төгстөл зураг аваад, хэрхэн өсөж, сурч, боловсорч, цаашдын амьдралынхаа шийдвэрлэх мөчид хүрч буйг харуулахаар зорьсон.
Бэлтгэсэн А.Тайшир