“HELLO BABY” БҮТСЭН ТҮҮХ
Б.Манд бяцхан үртэйгээ уулзах хүртлээ жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгардаг бүх асуудлыг биеэрээ туулжээ. Бие давхар эмэгтэйчүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан, мэргэжлийн эмч, экспер ийн зөвлөгөө, мэдээлэл дутагдаж буйг энэ үед анзаарсан байна. Эрүүл мэндийн ямар нэг асуудал тулгарахад мэргэжлийн бус, танихгүй хэн нэгнээс тусламж хүсдэг, фэйсбүүк дэх “их мэдэгчид”-ийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг, анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хөгжөөгүй үед ашиглаж байсан янз бүрийн дом, шинжлэх ухааны үндэслэлгүй эмчилгээний аргуудыг бие биедээ санал болгодог явдал түгээмэл ажиглагдсан нь түүнийг ихэд эмзэглүүлжээ. Тэрбээр гадаад хэлтэй учраас өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг янз бүрийн цахимхуудас, аппликэйшнээс төвөггүйхэн олоод авчихдаг байж. Харин жирэмсэн эмэгтэй болгонд ийм боломж байсангүй. Хэлний бэрхшээл хэмээх нийтлэг асуудал тэдэнд тулгардаг.
Жирэмсний хугацаа 40 долоо хоног үргэлжилдэг. Ургийн өсөлт хөгжил, ээжийн биед гарч буй өөрчлөлт зэргээс шалтгаалаад долоо хоног, хагас сар тутам мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай. Тэгвэл уг мэдээлэл, зөвлөгөөг ээжүүдэд системтэйгээр хэрхэн хүргэх вэ. Тэрбээр амаржсаныхаа дараа үүнд хариулт олох гэж хэсэгтээ шаналжээ. Ном хэвлүүлэх, цахим хуудас хөтлөх тухай ч бодож. Гэвч эдгээрийн аль аль нь хүртээмжтэй, системтэй мэдээлэл өгч чадахаар санагдсангүй. Ингээд удаан бодсоны эцэст аппликэйшн бүтээх шийдвэр гаргажээ. Манай улс интернэтийн хэрэглээгээрээ бүс нутагтаа дээгүүрт ордог, 2.2 сая дата хэрэглэгчтэй, ээжүүдийн олонх нь ухаалаг утас, ямар нэг аппликэйшн ашигладаг нь давуу тал гэж харжээ.
ЖИНХЭНЭ СОРИЛТ
Санаа, шийдэл олох нэг хэрэг, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх нь тусдаа асуудал. Төсөөлөлдөө буулгаж, оюун санаандаа бүтээсэн аппликэйшнээ жинхэнэ бүтээгдэхүүн болгох хүртлээ тэрбээр чамгүй сорилт, шалгуурыг давантуулжээ. Энэ талаараа “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш их адал явдал туулсан” хэмээн ярьсан юм. Анх 2019 оны арванхоёрдугаар сард бизнесийнхээ санааг цаасан дээр буулгаад, БНСУ-д томоохонд тооцогддог технологийн фестивалийг зорьжээ. Тэр үед түүнд хийж бүтээе гэсэн эрмэлзэл, хөрөнгө оруулагч олох чин хүсэл, бүтээгдэхүүний танилцуулга, мэдээлэл бүхий хэдэн хуудас цаас л байж. Технологийн талаар дорвитой ойлголт, мэдлэг ч байсангүй. Хөрөнгө оруулагчдад бизнесийнхээ санааг танилцуулахад “Бид чиний юунд итгэж дэмжлэг үзүүлэх вэ. Чамд ядаж бүтээгдэхүүний чинь эхний хувилбаралга. Наанадаж 1000 хэрэглэгчтэй болчихоод ирээрэй” гэжээ. Энэ үед бүсгүй маш их сэтгэлээр унасан байна. Нөгөө тээгүүр, Өмнөд Солонгосын Засгийн газар старт-ап компаниудаа хэрхэн дэмжиж, бойжуулж, хөл дээр нь босгож байгааг хараад цагаахан атаархаж, шар нь хөдөлсөн гэнэ. Ингээд хөрөнгө оруулагчдаас татгалзсан хариу авсан тэрбээр бизнесийнхээ анхны санхүүжилтийг гэр бүлийнхээ хадгаламжаас гаргаж, одоогийн оффистоо 150 мянган төгрөгөөр ширээ түрээслэн суух болжээ. Программ хангамжийн инженерүүдтэй зараар холбогдож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс таван сарын дараа жирэмсэн ээжүүдийн хөтөч “Hello baby” аппликэйшнээ бүтээсэн юм. Гэвч ингээд л бүх зүйл сайхан болчихсонгүй. Тогтсон ажил, орлогогүй, гэр бүлийнхээ санхүүгээс илүүчлэх байдлаар удаан явсан учир шантарч, мухардалд оров. Яг тэр үед гэр бүлээрээ Булган аймгийн Сайхан сумыг зорьсон аж. Айраг цагаа авахаар захын нэгэн малчныд саатсан нь шинэ хүнээ өлгийдөж аваад удаагүй айл байжээ. Гэрийн эзэгтэйтэй хол ойрын сонин сайхан хуучилж суутал өнөөх бүсгүй “мэндлээд” удаагүй аппликэйшнийх нь хэрэглэгч болж таарч. Тэгэхэд Б.Манд нисэх шиг болсон байна. Тэр тухайгаа ярихдаа “Миний дотор салют буудах шиг боллоо. Тэгж их баярлаж байв. Хийсэн бүтээгдэхүүн минь хаа холын хөдөөний ээжид хүрснийг дуулаад эхлүүлсэн ажлаа яаж ийгээд үргэлжлүүлье, бууж өгч болохгүй юм байна гэж бодсон. Буцаж ирсэн даруйдаа хамтрагч хайж оллоо. Ер нь аливаа бизнест, ялангуяа технологийн салбарт хамтрагч үнэхээр чухал. Ганц хүн тэр их сорилт, бэрхшээлийг даван туулж, урагшлахад хэцүү. Бид одоо бүх зүйлийг хамтдаа шийдэж байна” гэв.
АППЛИКЭЙШНЭЭ “ДҮҮ”-ТЭЙ БОЛГОЛОО
Б.Манд компанийнхаа хамтран үүсгэн байгуулагчийг олсон тэр үе нийгэм, эдийн засгийн хувьд эгзэгтэй цаг хугацаа байв. Цар тахал, хөл хорионы сүүдэрт нийгэм даяараа айдаст автсан бараан өдрүүд үргэлжилсээр. Хөрөнгө оруулагчидтай товлосон уулзалт, хэлэлцээрүүд нь бүгд цуцлагджээ. Бас л хямарч эхлэв. Урьдынхаас ялгаатай нь тэр ганцаараа байсангүй. Олон удаагийн бүтэлгүй, үр дүнгүй уулзалт, уйгагүй оролдлогын эцэст тэд хөрөнгө оруулагч олжээ. Яг энэ чухал үйл явдалтай давхцаад бүсгүй дараагийнхаа хүүхдийг өлгийдөж авах болов. Төрөхийн орон дээрээс хөрөнгө оруулалтынхаа гэрээнд гарын үсэг зурсан хачирхалтай явдал тухайн үед тохиож.
“Hellobaby” бол жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан аппликэйшн. Ээжүүдэд эсэн мэнд амаржихад нь тус болох зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн эмч, экспертүүдийн тусламжтай түгээдэг систем. Тэгвэл эх, үр хоёр уулзсанаас хойш ямар асуудал тулгардаг вэ. Хүүхдийг зөв асарч, хооллож, эрүүл саруул өсгөх нь мэдээж чухал. Харин үүнээс ч чухал зүйл бол түүнийг хөгжүүлэх. Хүүхдийн тархи эхний гурван жилд асар хурдацтай хөгждөг, энэ үед нь түүнд хэрхэн анхаарахаас, юу “өгөхөөс” цаашид хэн болох суурь нь тавигддаг гэж үздэг. Гэвч манай улсад хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн хэрэглэгдэхүүн учир дутагдалтай. Үүнийг “Фемтек солюшн”-ийнхэн олж харснаар жирэмсэн ээжүүдийн хөтөч аппликэйшнээ “дүү”-тэй болгохоор шийджээ. Тэр нь хүүхэд хөгжлийн аппликэйшн. Тус компанийнхан өдгөө шинэ аппликэйшнийхээ эхний хувилбар дээр ажиллаж, бага насны хүүхдийн хөгжил, боловсролын асуудлаар мэргэшсэн экспертүүдтэй хамтарч байна.
Жирэмсэн ээжүүдийн хөтөч “Нellobaby” аппликэйшн хоёрхон жилийн хугацаанд 170 мянган хэрэглэгчтэй болжээ. Харин түүний “дүү нь” жил хүрэхгүй хугацаанд 20 мянга гаруй хэрэглэгчид хүрсэн гэнэ. Сарын 150 мянган төгрөгөөр ширээ түрээслэн бизнесээ эхлүүлж байсан Б.Манд компанитай, хамтрагчтай, 10-аад ажилтантай болж өргөжив.
ОЛОН УЛСАД НЭРЭЭ ГАРГАВ
Фемтек гэдэг нь female, technology гэсэн үгийн товчлол юм байна. Эмэгтэйчүүдэд тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг технологиор дамжуулж шийддэг салбарыг дэлхий дахинд ийн нэрийддэг гэнэ. Энэ нь харьцангуй залуу салбар аж. Тус салбар хөгжихийн хэрээр сарын тэмдэг, жирэмслэлт, хүүхэд өсгөх, цэвэршилттэй холбоотой янз бүрийн аппликэйшн бий болж, эмэгтэй хүний физиологийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хандлага дэлгэрч байгааг удирдагч бүсгүй хэллээ. Мөн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих чиглэлд дэлхий нийтээрээ анхаарч, тийм боломж олгож эхэлжээ.
Б.Манд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улс, дэлхийн хэмжээний гурван том хөтөлбөрт амжилттай хамрагджээ. Эхнийх нь дэлхийн дөрвөн том хурдасгуур хөтөлбөрийн нэг болох “Founder institute”. Энэ нь дөнгөж старт-ап бизнесээ эхлүүлж буй, туршлагагүй үүсгэн байгуулагчдыг өндөр шалгуур бүхий хөтөлбөрт хамруулж, чадавхжуулдаг юм байна. Уг хөтөлбөрийг 2020 онд Монголд зарлахад 300-гаад компани хамрагдах хүсэлт өгчээ. Үүнээс ердөө 40 нь тэнцсэн бол дөрөв нь амжилттай дуусгасан аж. Тэрний нэг нь “Фемтек солюшн”. Дараагийнх нь технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийг дэмждэг дэлхийн хамгийн том хөтөлбөр. Үүнийг дэлхийн 70-аад оронд хэрэгжүүлдэг гэнэ. Уг хөтөлбөрт Монголоос найман компани шалгарсан бөгөөд дэлхийн хэмжээний шалгаруулалтад оролцох эрхийг ганц “Фемтек солюшн” авчээ. Хамгийн сүүлийнх нь “Women in tech” хөтөлбөр. Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, таниулах зорилготой эл хөтөлбөрт Б. Манд мөн амжилттай оролцож, Азийн шилдэг таван старт-ап компанийгүүсгэн байгуулагчийн нэг болжээ.
Тэрбээр нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар “Дунд болон доод шатанд эмэгтэйчүүд маш их байдаг ч шийдвэр гаргах түвшинд дан эрчүүд бий. Эмэгтэй хөрөнгө оруулагч ч ховор. Зөвхөн Монголд биш, дэлхий дахинд ийм байна. Одоо л үүнийг анзаарч, засаж залруулахын төлөө хичээж эхэлсэн. Эмэгтэй үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч олноор бий болсноор дэлхий ертөнц илүү ээлтэй чиглэл рүүгээ хөгжинө гэж үздэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд үл үзэгдэгчийн байр суурьтай байгааг өөрчлөх цаг болжээ. Эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулалт, бий болгосон технологийн шийдэл, хийж бүтээж буй бүхэн нийгмээ илүү бодсон, түүнийг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байдаг” хэмээн ярилаа. Тус компанийнхан цаашид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн аппликэйшн (хиймэл оюунд суурилсан) бүтээх зорилготой гэнэ. Ингэснээр эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг шийдэх цогц гурван бүтээгдэхүүн бий болох аж. Үүнийг хэрэгжүүлэхэд мөн л хөрөнгө оруулалт шаардлагатай.
“АЖИЛДАА ЭРГЭН ОРЪЁ”
Тэрбээр зөвхөн аппликэйшн бүтээгээд зогссонгүй. Мянга мянган ээжид итгэл найдвар, урам зориг өгөхийг эрмэлзэж байна. Гэртээ хүүхдээ асарч буй эмэгтэйчүүдэд хамгийн их тулгамдаж буй асуудлыг олж харсан нь хөдөлмөр эрхлэх, ажилдаа эргэн орох боломж нөхцөл. Гэртээолон жил хүүхдээ харсан ээжүүд, хамт олон минь намайг хүлээж авах болов уу, урьдын адил бүтээмжтэй ажиллаж чадах уу гэсэн айдастай болсон байдаг. Тэгвэл энэ айдсыг даван туулж, эргээд “гүйлтийн зам”-д гарах урам зориг өгөх, гэрээсээ ажиллах, бизнес эрхлэх ямар боломж байдгийг таниулах зорилгоор тус компани “Ажилдаа эргэн оръё” эвент саяхан зохион байгуулжээ. Цаашид үүнийгээ хөтөлбөр болгож, илүү өргөн цар хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцлоод “Эмэгтэй хүнийг ажлаа, эсвэл хүүхдээ сонго гэдэг харгис нийгэмд бид амьдарч байна. Угтаа хоёуланг нь хослуулан авч явах боломж бүрдүүлэх ёстой юм. Ээлтэй бодлого хэрэгтэй. Аавуудын оролцоог тэнцвэртэй байлгаснаар гэр бүлийн санхүүд ч тустай. Энэ асуудлыг цогцоор нь шийдвэл үр дүнтэй. Ганц байгууллагын түвшинд авч үзэж, хэдхэн хүний асуудал мэтээр харах нь зохимжгүй. Олон жил завсардсан ээжийг ажилдаа эргэн ороход нь бага цагаар хөдөлмөрлүүлэх, дэргэд нь мэргэжлийн сэтгэлзүйч, эксперт байлгадаг жишиг зарим оронд бий. Гэтэл манай улсад ийм ээлтэй, уян хатан бодлого үгүй. Хэн ч эмэгтэй хүн байсныхаа төлөө гадуурхагдах ёсгүй” гэв.
Эмэгтэйчүүд технологийн салбараас дөлөх хандлагатай байдаг. Тэгвэл бодит байдалд бидэнд ямар боломж бололцоо байгааг түүнээс асуухад “Англи хэл маш сайн сурах хэрэгтэй. Тэр мөчөөс эхлээд технологийн салбарт хэрхэн амжилттай ажиллах талаарх мэдлэгийг хангалттай хэмжээнд олж авна. Бидний төсөөлж байгаагаас ч их боломж бий. Таныг хүлээж аваад, чанга гараар “бойжуулах” грант, тэтгэлэгт хөтөлбөр үй олон байдаг. Та ном гаргалаа гэхэд хоёр жилийн хугацаанд 190 мянган хүнд хүрэхгүй. Хэчнээн чадварлаг эмч байлаа ч ийм хугацаанд өдий тооны хүн үзэж чадахгүй. Харин технологи бидэнд асар их боломж олгодог. Мэдээж бүх зүйл амар биш. Сорилт, бэрхшээл өчнөөн тулгарна. Түүнийг давж гарах сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Ямар нэг шинэ зүйл эхлүүлэхээсээ өмнө өөрийгөө таних нь чухал. Нэг байрандаа гацчихсан юм шиг мэдрэмж төрөөд байвал өөрийнхөө доторрууөнгийгөөрэй. Би юу хүсдэг вэ, надад ямар ур чадвар бий билээ, ер нь бид энэ дэлхийд ямар зорилготой ирсэн бэ гэдгээ нухацтайгаар бодоорой” хэмээн хэлсэн юм.