Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ирэх сараас зарлаж эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх сараас шинэ журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонгийн энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны тушаалаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр олон нийтийн хараа хяналтын дор явуулахаар журамласан билээ. Тодруулбал, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ten¬der.gov.mn сайтад “Ашигт малтмал” гэсэн тусгай зэс нээн, сонгон шалгаруулалтын урилга, явц, үр дүн, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг нийтлэхээр журамласан юм. Энэ нь нэг талбайд хайгуул хийх зөвшөөрөл авахаар хэдэн компани өрсөлдөж байна, аль нь өндөр оноо авч, ялсныг олон нийт хянах боломж олгохоороо шинэлэг журам болсон.
Шинэ журам баталсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 6.5 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлсэн байдаг. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8.4 сая га талбайг баталсан. Дээрх 6.5 сая нь Засгийн газрын баталснаас сонгон шалгаруулалт зарлаагүй үлдсэн талбай м. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны тавдугаар сарын 23-нд сонгон шалгаруулалт зарлах боломжтой 2.3 сая га талбайг тодорхойлж, 408 тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэсэн. Гэвч сонгон шалгаруулалт зарлаагүй юм. Яагаад зарлаагүй шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрынхан“Засгийн газраас түр хүлээж бай” гэсэн чиглэл өгсөн гэж тайлбарладаг. Тэгвэл зарим эх сурвалж “Ашигт малтмал, газрын тосны газрынхан өөрсдөө түр хойш нь тавих хүсэлт гаргасан” гэдэг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн сарын 28-нд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах тушаал гаргасан. Одоогоор журамд өөрчлөлт оруулахад холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгжүүдээс санал авч буй. Санал авах хугацаа ирэх 28-нд дуусна. Журамд өөрчлөлт оруулж, Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлснээр тусгай зөвшөөрөл олгож эхлэх юм байна. Актад бүртгүүлэх ажлыг яаравчлах учраас ирэх сард эхний сонгон шалгаруулалтаа зарлана гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан дуулгав. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас хайгуулын тусгай зөвшөөрлийнсонгон шалгаруулалтыг эхлүүлэх зөвлөмж гаргажээ. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох улс төрийн шийдвэр гарсан гэж ойлгож болох нь.
Журамд өөрчлөлт оруулахдаа Г.Ёндон сайдын баримталсан зарчмыг хөндөхгүй аж. Хоёр заалтад өөрчлөлт оруулж, уг журмыг хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн хавар баталсан журмын 2.1-т“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Засгийн газрын баталсан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3, 17.6-д заасан шаардлагад нийцүүлж, сонгон шалгаруулалтын талбайг ялгах болон давхцалыг шалгаж Үндэсний геологийн албанд хүргүүлнэ” гэж тусгасан. Тэгвэл үүнийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-тзаасны дагуу холбогдох сав газрын захиргаанаас саналыг авч, Засгийн газрын баталсан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3, 17.6-д заасан шаардлагад нийцүүлж, сонгон шалгаруулалтын талбайг ялгах болон давхцалыг шалгаж Үндэсний геологийн албанд хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр болжээ. Анзаарвал усны сав газрын захиргаанаас санал авч, хэрэв усны сан бүхий газартай давхацвал ялган, Үндэсний геологийн албанд хүргүүлэх агуулгатай болгосон байгаа биз. Энэ нь байгаль орчны иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцлээс болгоомжилж буй заалт аж. Угаас усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг нутгийн иргэд ч зөвшөөрдөггүй билээ.
Түүнчлэн шинэ журамд 2.4-т “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь журмын 2.3-т эцэслэгдсэн бүх талбайн сонгон шалгаруулалтын урилгыг нийтэд, жил бүрийн эхний улиралд багтаан, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр зарлана” гэсэн заалт бий. Үүнийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь журмын 2.3-т заасан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр зарлана” гэж өөрчилжээ. Журмын дээрх заалтаас “...эцэслэгдсэн бүх талбайн сонгон шалгаруултын урилгыг нийтэд, жил бүрийн эхний улиралд багтаан” гэснийг авч хаяж буй юм.
Ингэснээр нэгдүгээрт, бүх талбайг нэгдор зарлах шаардлагагүй болж байна гэсэн үг. Ийм өөрчлөлт оруулахгүй бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зөвшөөрөл олгож бэлтгэсэн 408 талбайн сонгон шалгаруулалтыг Ашигтмалтмал, газрын тосны газрынхан нэг дор зарлах шаардлага үүсэх байв. Салбарын яамнаас бүх талбайг нэг дор зарлах нь олон нийтийн анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай гэж үзжээ. Тиймээс нэг удаад 20-25 талбай зарлаж, сонголт шалгаруулалт хийж явахаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, зарласан нийт талбайдаа сонгон шалгаруулалтыгүешаттайгаар хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, “жил бүрийн эхний улиралд зарлана” гэсэн хугацааг авч хаяж байна. Тэгэхээр талбайнууд тохиромжтой үед цувуулж зарлаад, сонгон шалгаруулалт хийгээд явна гэсэн үг.
Монголын геологи, хайгуулын салбар гүн нойронд автсан гэж уул уурхайн салбарынхан дүгнэж буй. Засгийн газраас олгосон хайгуулын 855 тусгай зөвшөөрөл өнгөрсөн сарын эцсийн байдлаар хүчин төгөлдөр байна. Манай улс одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 онд хайгуулын 3700 орчим тусгай зөвшөөрөл олгосон байв. Үүнтэй харьцуулбал хайгуулын салбар гүн нойронд автсан мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан түүхтэй. Үүнээс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг хоёр удаа шинэчлэн баталж мөрдсөн боловч дорвитой үр дүнд хүрээгүй. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн арга заль, авлига хээл хахуулиас болж удаан хэрэгжүүлээгүй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан журамд өөрчлөлт оруулах танилцуулгадаа “Ашигт малтмал, газрын тосны газрын ирүүлсэн статистик мэдээллээр 2014-2017 оны хооронд 1483 хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан. Харин 2018-2021 оны хооронд 144 тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгосон нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үзүүлэлтийг90.3 хувиар бууруулсан. Тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ буурсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хайгуулын ажил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасаж, ашигт малтмалын орд шинээр илрүүлэн улсын эрдэнэсийн санг арвижуулж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах талаар батлагдсан төрийн бодлого алдагдахад хүрч байна” гэж дурджээ. Төрийн бодлого аль хэдийн алдагдсан. Харин одоо эргэж сэргэх гэж байх шиг.
Шинэ журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгжид 70 оноо өгнө. Үлдсэн 30 оноог нь бусад үзүүлэлтийг харгалзан олгоно. Тэгэхээр хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж шалгарах өндөр магадлалтай. Нэг талаар энэ нь шударга зарчим. Нөгөөтээгүүр, уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой, хөрөнгө бэл багатай, гарааны компаниуд үүнд дургүйцдэг. Хэн бүхний ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх гэвэл энэ ажил урагшлахгүй. Тиймээс алсын ирээдүйгээ бодож, хайгуулын тусгай зөвшөөрлөө яаралтай олгож эхлэх нь зүйтэй.