-Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлсэн. Ингэснээр болзошгүй зардлыг нэг их наяд төгрөгөөр хэмнэсэн гэж тайлбарлаж буй. Мөн шинэ хөрөнгө оруулалт бараг тусгаагүй. Тиймээс хэмнэсэн төсөв боллоо гэж дүгнэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бид Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлсэн гэж ярьж байгаа. Гэхдээ Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр зардалтай төсөв оруулж ирсэн. Маш их зардлыг дур зоргоороо нэмчихсэн байна лээ. УИХ-ын 2024 оны сонгуульд зориулсан төсөв болсон. Манай улсад төсвийн ерөнхийлөн захирагч 35 бий. Тэдний урсгал зардлыг 480 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нь. Томилолт, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн зардлыг 2022 оныхоос 132 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байх жишээтэй.
Өөрсдөө аялж зугаалах, наргиж цэнгэх мөнгөө нэмчихсэн байгаа биз. Мөн Монгол Улсын түүхэнд байхгүй их хөрөнгө оруулалтын зардал гаргана. Нийт 2.7 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь. Дээрээс нь 1.7 их наяд төгрөгийн зээл авна. Концессын төлбөрт 279 тэрбум төгрөг төлнө. Нийт таван их наяд төгрөгийн хөрөнгийн зардал гаргах гэж байна. Төсвийн урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бас л Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр дүн. Төсвийн зардлын 20 их наяд төгрөгийн 70 хувь нь валют болоод гадаад руу гарна. Үүнийг сайн хууль гэж хэн ч хэлэхгүй. Маш муу хууль болсон. Төсвийн өндөр зардал нь эдийн засгийн суурь үзүүлэлтүүддээ сөргөөр нөлөөлнө. Ирэх жил бараа, бүтээгдэхүүний үнэ, валютын ханш өснө. Их хэмжээний мөнгө гадагш гарах учраас ингэх нь тодорхой. 2.7 их наяд төгрөгөөр 1061 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний дийлэнхийг ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эрх баригч намынхан дараа жил гавьяа байгуулсан хүмүүс болон харагдаж тойргуудаараа явж, олон тууз хайчлах нь байна. Ирэх жил 54 театр, музей, соёлын төв ашиглалтад оруулна. Үүнээс гадна 56 спорт цогцолбор ашиглалтад оруулна. Ийм хөрөнгө оруулалтуудыг царцааж болно. Гэтэл дураараа дургиж байна. Эдийн засаг ирэх жил улам хүндрэх төлөвтэй байгаа. Дэлхий нийтээр ийм төсөөлөл хийсэн. Улс орнууд эдийн засгийн хүндрэлийг сөрж, төсвийн бодлогоо чангаруулъя гэж ярьж байна. Гэтэл манай Засгийн газар зардлыг өсгөж, улс орноо сүйрүүлэх төсөв оруулж ирлээ.
-Сангийн сайд Б.Жавхлан төсвийн урсгал зардлыг 12 их наядад буюу өмнөх жилийн түвшинд барьсан гэж тайлбарлаж буй. Гэтэл та 15 их наяд болж өмнөх жилүүдийнхээс өссөн гэж та ярьж байна. Аль нь үнэн юм бэ?
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмээд үзэхээр 15 их наяд төгрөг гарч байгаа. Энэ жилийн төсвийн урсгал зардал 13 их наяд. Төсвийн урсгал зардлыг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд оруулж ирж байна. Эдийн засагт хүнд цохилт болохоор төсөв оруулж ирсэн. Төсөв гэдэг зөвхөн улс орны нэг жилийн эдийн засгийг авч явах мөнгө, тооцоолол биш. Улс орны эдийн засгийн нөхцөл ямар байх, инфляц хэрхэх вэ гэдэгт төсөв том нөлөө үзүүлдэг. Хоёр, гурван жил халамжийн мөнгө тараалаа. Эдийн засаг ч өөдлөхгүй байна. Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулчихлаа. Хувийн аж ахуйн нэгжүүдэд зээл олдохоо больсон. Ийм хүнд нөхцөлд ирэх сонгуульд оноо авахаа бодсон муу төсөв баталж болохгүй.
-Өмнө нь эхлүүлсэн бүх ажлаа дуусгахгүй бол дараагийн жилүүдэд төсөвт өртөг нь улам нэмэгдэнэ. Тэр нь төсөвт дарамт болно гэж Сангийн сайд тайлбарласан. Зарчмын хувьд энэ зөв бодлого биш үү?
-Нэг номерын зорилго нь тууз хайлах л гэж харж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг тооцоо судалгаатай хийх ёстой. Аль аймаг, сумд юу зайлшгүй хэрэгтэйг тодорхойлж байж санхүүжилт хийдэг. Түүнээс биш үр өгөөжгүй, шаардлагагүй хөрөнгө оруулалт хийгээд гүйгээд байх нь буруу. Үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр барьж, ажлын байр бий болгох хоёр нь огт өөр ойлголт. Үйлдвэр барьж, ажлын байр бий болгох эдийн засагт өндөр үр өгөөжөө өгнө. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 1061 төслийнх нь 80 хувь нь 2023 онд дуусах юм. Эрх баригчид сум бүрт очиж тууз хайчлаад ирэх онд их завгүй байх болов уу. Үнэ өснө гээд төслүүдээ хурдан дуусгах ёстой гэсэн өнцгөөс биш, төсвийн бодлогоор инфляцаа удирдах ёстой гэсэн агуулгаар харах хэрэгтэй. Өндөр зардалтай төсөв чинь өөрөө үнэ өсгөх нөхцөл болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнийн өсөлтийг төсөв, мөнгөний бодлогоороо зохицуулах гэж төр байдаг. Үнэ өсөх гэж байгаа учраас их зардал гаргаж, олон зүйл хийе гэж харж байвал буруу.
-Та түрүүн театр, музей, соёлын төв, спорт цогцолборын барилгын хөрөнгө оруулалтыг царцааж болно гэж хэлсэн. Өөр царцааж болох хөрөнгө оруулалтууд байна уу?
-УИХ-ын АН-ын бүлгээс 2022 оны төсөвт дүн шинжилгээ хийгээд 570 тэрбум төгрөгийн төслийг царцааж болно гэж үзсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед багийн төв дээр барилга барих шаардлага байгаа юм уу. Багийн дарга нь гэрээсээ ажлаа явуулж яагаад болохгүй вэ. Эх оронч сэтгэл гаргаж болно шүү дээ. Үр ашиггүй, олон хөрөнгө оруулалт үнийн өсөлт үүсгэн, иргэдийн амьдралыг доройтуулж байна. Энэ төсөв батлагдвал төсвийн хавханд орно. Манай улс өрийн хавханд орчихсон байгаа. Ингээд Венесуэлийн араас орох нь.
-Төсвийн хавх гэдэг ойлголтоо дэлгэрүүлж яриач?
-Замбараагүй халамж таараагаад, өндөр зардал гаргахыг төсвийн хавх гэж нэрлээд байгаа юм. Халамжид хоёр их наяд төгрөг зарцуулж байна. Их мөнгө шүү. УИХ-ын 2020 оны сонгуулиар баахан халамж тараана гээд амлачихсан. Түүнийхээ зардлыг одоо бууруулъя гэхээр ирэх сонгуульд оноо алдана. Тиймээс чадахгүй. Манайхан зээл авч, халамж тараагаад л явдаг муу зан сурсан улс. Төсвийн урсгал зардал жил бүр хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл татварын орлого өсдөггүй. Зоригтой шийдвэр гаргаад төсвийн шинэчлэл хийх хэрэгтэй.
-Нийгмийн халамжаас танахаар зардлууд байна уу?
-Төсвийн шинэчлэл хийгээд, сэтгэл гаргаад ажиллавал танах зүйл олон бий. Автобусны компаниудад жилд 76 тэрбум төгрөгийн татаас өгч байна. Гэтэл автобус маш муу үйлчилгээтэй. Автобус компаниудыг хувьчлах хэрэгтэй. Төр татаас өгөөд, зууралдаад байх шаардлагагүй. Зүүний намууд асуудлыг зах зээлийн зарчмаар нь хялбархан шийдэж болдгийг ойлгодоггүй нь гачлантай.
-Улсын төсвөөс хэдий хэмжээний татаас өгдөг юм бол. Автобусны компаниудаас гадна эрчим хүчний салбарынханд татаас өгдөг санагдаж байна.
-Олон татаас өгч байгаа. Үдийн хоолны зардалд 98, цэцэрлэгийн хоолныход 72, МҮСТ-д сурсан тэтгэмж 68, цалинтай ээжийн тэтгэмж 123, насны хишигт 25 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Өөр олон татаас бий. Хөгжилтэй орнууд ч ийм их татаас өгдөггүй. Ерөөсөө сонгуульд ялах зорилгоор олон татаас олгож байна. Зүүний үзэлтнүүдэд бүтээх сэдэл санаачилга алга. Сонгуульд ялах ганц зорилготойгоор зээл аваад халамжид тарааж байгаа. Тэдэнд улс орны эдийн засгийн ирээдүй, хөгжил ямар ч падгүй юм шиг аашилж байна.
-УИХ-ын хаврын чуулганаар дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг баталдаг. Гэтэл ирэх жилийн төсвийн орлого нь ч, зарлага нь ч төсвийн хүрээний мэдэгдлээсээ нэг их наяд гаруй төгрөгөөр давсан байна лээ. Энэ баримт бичиг ямар үүрэгтэй вэ?
-Олон улсын валютын сангийн шаардлагаар манайх 2010 оноос хойш дараа жилийнхээ төсвийн хүрээний мэдэгдлийг хуульчилж баталдаг болсон. Буруу, замбараагүй төсвийн бодлоготой орнуудын үйлдлийг хуулиар хязгаарлах арга юм. Энэ хуулиа дагасан бол замбараагүй төсөв оруулж ирэхгүй байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа заалтад нийцсэн төсөв оруулж ирнэ шүү гэсэн санаагаар хуульчилдаг. Гэтэл буруу үйлдлийг нь хязгаарлах эрх зүйн баримт бичгээ тоохгүй байна.
-Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцүүлж бууруулсныг дэвшил гэж харсан.
-Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг биш. Харин гурван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв гэж ойлгох хэрэгтэй. Ирээдүйн өв сангийн мөнгийг эрх баригчид халамжид тараагаад өгчихсөн. Юу ч үлдээгээгүй хуу хамсан. Уг нь байгалийн баялагтай орнууд хишгийг нь ирээдүйн иргэддээ хүртээх гэж ийм сан байгуулдаг. Энэ сангийн мөнгийг төсвийн шинж чанартайгаар захиран зарцуулахыг хориглосон байдаг. Ирээдүйн өв санд 1.5 их наяд төгрөг байсан. Алдагдлыг бууруулсан гэх мэтээр эрх баригчид төсвийг янз бүрийн залиар сайхан харагдуулж байна. Засгийн газар ирээдүйд их сургуульд хүүхдээ сургахаар хадгалж байгаа мөнгийг нь авч, архи уучихаад “байгаа, байгаа” гэж худлаа ярьж буй аав шиг юм.
-Хүүхэд бүрт сард 100 мянган төгрөг олгоход 1.4 их наяд төгрөг зарцуулж байна. Төсөвт хамгийн их дарамт болдог халамж нь энэ. Хүүхдийн мөнгөний хэмжээг бууруулах нь зүйтэй юү?
-Хавтгайрсан халамжийн бодлого баримталдаг орнууд улсын эдийн засагтаа гай болдгийн жишээ энэ л дээ. Хүүхдийн мөнгийг бүгдийг танах хэрэгтэй гэж хувьдаа үздэггүй. Хэмжээний хувьд бууруулж болно. Үүнээс гадна улсынхаа эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хөшүүрэг болгож ашиглах хэрэгтэй. Эцэг, эх нь хүн амын орлогын албан татвар төлдөг айлын хүүхдүүдэд мөнгө олгох бодлого баримталж болно. Тэгвэл иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол нэмэгдэнэ. Гэтэл хүүхдийн мөнгийг зөвхөн сонгуульд дэмжлэг авах хэрэгсэл болгож ашиглаж байна.
-Халамжийнхаа мөнгөөр хоол хүнсээ залгуулаад амьдарч болдог учраас ажил хийх, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй хүн олширч байна. Алс хэтдээ эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж төсөөлж байна вэ?
-Халамжийн хавх руу л орно. Аж ахуйн нэгжүүд өндөр татвар төлж чадаж байвал халамж тарааж болно. Гэтэл “Ковид”-оос хойш манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа төдийлөн сэргээгүй. Улс халамжийн хавханд орохгүйн тулд зорилтот бүлэг рүү чиглүүлж, эдийн засгийн идэвхэжлээ сэргээх хөшүүрэг болгох хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого баримтлах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар буурвал гадаадаас зээл аваад халамж тараах нөхцөл үүссэн. Энэ жил дотоодын зах зээлээс гурван их наяд төгрөг татахаар тусгасан байна лээ.
-Засгийн газрын өрийн 46 хувиар төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн гэсэн тооцоо гаргасан байна лээ.
-Аж ахуйн нэгжүүд, улсын эдийн засгийг дэмжихгүй байна. Халамжаар хүмүүсийг угжаад байвал дахиад УИХ-ын гишүүн болчихно гэсэн ахар бодолтой улстөрч олон. Одоогийн УИХ-ын танхимд төсөв уншаад ойлгочих гишүүн бараг байхгүй. Бүгдийг шүүмжлэх нь бас утгагүй юм. Ингэж ажиллаасай гэсэн санаа хэлье. Ирэх жил “Самурай”, “Гэрэгэ” гэсэн хоёр бондын 800 гаруй сая ам.долларын өрийг төлнө. Мөн Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын өрийг төлнө. Хавтгайрсан халамжаа болиод, өрөө төлчихөөч гэж хэлмээр байна. Дахин санхүүжилт хийгээд, нэрийг өөрчлөөд, зээл авах байх л даа. Дээр нь 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг төлнө. Би 7-8 жил төсөв уншлаа. Гэхдээ ийм муу төсөв оруулж ирсэн тохиолдлыг санахгүй юм.
-Төсвийн орлогыг хэр бодитой төлөвлөсөн байна вэ?
-Орлого дээр 36 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж төлөвлөсөн байна лээ. Энэ хоёр бол төсвийн орлогод чухал нөлөө үзүүлдэг таваарын бүтээгдэхүүн. Манай улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс хойш энэ хэмжээнд хүргэж чадахгүй байгаа. Чадахгүй байгааг нь төрийн бодлого муугаас шалтгаалсан гэж үзэхээс өөр аргагүй. “Ковид”-оос шалтгаалж, зэсийн баяжмал, нүүрсний борлуулалт муудсан гэж Засгийн газар ярьж байна. Манайх шиг БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлдэг Перу, Чили улсын эдийн засаг 2021 онд 11-13 хувиар өссөн. Тэд 20 мянган км-ийн цаанаас зэсийн баяжмалаа нийлүүлж чаддаг. Гэтэл манай төр яагаад 200 км газар тээвэрлээд нүүрсээ борлуулж чадахгүй байна вэ. Африкийн олон улс ч БНХАУ-д нүүрс нийлүүлсэн. Чадахгүй, бүтэхгүй байгаа зүйлээ “Ковид”-оос болсон гэж мэлздэг буруу жишиг тогтчихлоо.