-Таныг аймгийнхаа театрын түүхийн нэвтэрхий толь гэмээр байна. Тэгж нэрлэж болох уу?
-Бараг болох байх. Байгууллагадаа хамгийн олон жил ажилласан нь би юм даа.
-Орон нутгийн театрт ажиллахын сайхан, жаргал, бас хэцүү ч тал байдаг болов уу.
-Хэцүү үе байсан. Монголчууд ардчиллын замыг сонгож, шинэ нийгмийг байгуулж эхлэх үед театр тарах, үгүйдээ тулж байлаа. Бий болгосон нөөцийг авч үлдэхийн төлөө зүтгэсэн дээ. Тэр үеийг бодоход одоо цөөн уран бүтээлчтэй ч гэсэн ажил явуулж болоод байна.
-Хөгжимчнөөс удирдаач болох хүртэл туулсан замналаасаа сонирхуулж ярих уу, та?
-Хөгжимчин болохоос өмнөх үеэ цухас дурдъя. Дунд сургуульд байхдаа банзан гитар тоглодог байлаа. Үеийнхээ найзуудтай байнга тоглоно. Аравдугаар анги төгсөөд Дарханы Политехникумд суралцаж байтал Баянхонгор аймгийн театр хөгжимчин шалгаруулж авах гэж байна гэж дуулаад шалгуултал тэнцчихсэн. Ингээд л хөгжимчин болсон доо. 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх хөгжмийн багш, удирдаачдыг бэлтгэх мэргэжлийн курст суралцаж төгссөн.
-Тийм курс байсан гэж сонсоогүй юм байна.
-Орон нутгийн театр, чуулгуудыг мэргэжилтнээр хангах зорилгоор аймаг бүрээс нэг хөгжимчнийг энэ курст хамруулан сургаж, төгсгөсөн юм.
-45 хоногийн курсээр удирдаач бэлтгэчихнэ гэхээр бас сонин юм шүү.
-Тухайн үеийн төр, засгийн орон нутгийн театр, чуулгуудыг мэргэжилтнээр хангах бодлого юм. Томчууд хичээл заасан болоод ч тэр юм уу, жинхэнэ сургалт гэж тэр байлаа. Оркестр удирдах арга барил, эрдмийг Ж.Чулуун багш, хөгжмийн зохиомжийг С.Гончигсумлаа багш хариуцсан. Хөгжмийн гармонь буюу зохирлын тухай ойлголтыг хөгжмийн нэртэй онолч Д.Жанчив багш өгч байлаа. Мөн Л.Мөрдорж, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров гээд Монголын хөгжмийн урлагийн толгой мэргэжилтнүүд биднийг бэлтгэсэн юм.
-Та ямар хөгжим тоглодог байв?
-Кларнетыг найм, харин гобойг хоёр жил тоглоод удирдаач болсон. 1986 онд юм, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулууныг Соёлын яамнаас манай аймгийн театрын уран сайхны удирдагч, удирдаачаар томилж явуулсан тэр үед оркестр гурван кларнетчинтай болоод байлаа. Тэгэхэд Ц.Батчулуун багш “Хөгжмийн балансын хувьд таарахгүй байна. Нэг нь өөр зэмсэг эзэмшиж тоглодог болмоор байна” гэхэд хөгжим ангийн даргын хувьд би саналаараа гобой тоглож сурахаар шийдэж байлаа. Ингээд Улаанбаатарт ирж Улсын филармонийн гобой хөгжимчин Болдоор 56 хоног хичээл заалгасан. Зуулт өөр болохоос биш, хурууны даралт зэрэг нь кларнеттай төстэй л дөө. Тийм болохоор ядах юмгүй сурсан. Хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Аялгуу”, “Эхийн тухай дуу”, Цэргийн дуу бүжгийн чуулгын гобойчин Жаргалсайханы хоёр найруулгыг тоглон шалгалт өгч, гобой хөгжимчин болж байлаа. 1985 онд Үлээвэр хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд оролцох үеэрээ одоо Гавьяат багш болсон Г.Ширчинбаатар багшаас зөвлөгөө авах боломж олдож байв. Ц.Батчулуун багш манай театрын гурван үлээвэр хөгжимчнийг тус уралдаанд явуулсан юм. “Хөгжимчид яаж тоглодгийг сонс, тэдэнтэй өрсөлдөөд үз” гэж илгээсэн. Дуурийн театр, Филармони, ХБДС болон мэргэжлийн урлагийн бусад байгууллагад ажилладаг, бас гадаадад төгссөн, суралцдаг хөгжимчид оролцсон том уралдаан болсон тул бид гурав тайзан дээр тоглосондоо л баярлаж байлаа.
-Төрөлхийн авьяастай, хөгжимд дурласан залуу хүсэлдээ хөтлөгдсөөр нэг бус хөгжим тоглож, оркестр удирдсаар байгууллагадаа 45 жил ажиллажээ. Удирдан тоглуулсан бүтээлүүдийнхээ шилдэг гурвыг үзэхийг санал болгооч гэвэл та аль алийг нэрлэх вэ?
-Манайх хөгжимт драмын жүжиг голчлон туурвидаг театр. Хөгжимт драмын 13 бүтээлтэй. Бүх аймгийн театрын хөгжмийн багш, найруулагчдыг манайд цуглуулж, хөгжимт драм гэж юу вэ гэдгийг үзүүлэх сургалт явуулж ч байсан түүхтэй. Д.Намдаг гуай цомнолыг нь бичиж, Г.Бирваа багш хөгжмийг нь зохиосон “Их хурим” гэдэг жүжиг бий. Үүнийг хөгжим судлаачид дуурийн хэрийн бүтээл, хөгжмийн драм ч гэмээр юм байна гэдэг. Яагаад гэхээр үйл явдал, жүжиглэлт бүхнийг хөгжмөөр илэрхийлчихсэн. Үүнийг манай М.Огоо найруулагч тайзнаа тавьсан. Зөвлөх нь С.Гэндэн гуай байсан. “Үер” киноны Болд өвгөний дүрээр олон нийт андахгүй дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Б.Мөнхдорж найруулагч сэргээн тавьж өгсөн. Ийм томоохон бүтээл байна. “Эрдэнэтээлийн уянга” дуурийг нэрлэнэ. Болсон үйл явдлаас сэдэвлэж цомнолыг нь бичсэн. Галуут сумын нутаг дахь Тээлийн хангайгаар нутагтай Дантээ гэдэг үзэсгэлэнт бүсгүйг нэгэн хошуу ноён баруун тийш богтолж аваад явсан түүхтэй юм билээ. Харин жүжиг болгохдоо зохиолыг нь хурцатгах үүднээс манжийн түшмэл хүчээр авч явсан гэсэн хувилбартай болгосон гэдэг. “Эрдэнэтээлийн уянга”-ын цомнолыг түүх судлаач Д.Рэгсүрэн, харин хөгжмийг Г.Бирваа багш бичсэн.
-Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа нутгийнхаа театрт бүтээл туурвилаа нэлээд зориулдаг байжээ.
-Тийм ээ. Бүх л аймаг хөгжимт драмын театртай. Тийм атал юм л бол аймгийнхаа театрт гэдэг уран бүтээлч байсан даа. Сүүлд түүний хүү Б.Мөнхдорж найруулагч сэргээн тавьсан. Гол дүр Дантээд манай Болортуяа гэдэг дуучин дуулсан юм. Дантээгийн сэтгэлтэй залууд дуучин Тайванболд дуулсан. Дуурь учраас ДБЭТ-аас гоцлол дуучдыг урьж болох байсан. Гэхдээ театрынхаа уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах үүднээс өөрийн хүчээр тоглосон юм. Хөгжмийн зохиолчийн амьдралын тухай өгүүлдэг “Шинэ байшинд” гэдэг хөгжимт драм бий. Хөгжмийн зохиолч төгөлдөр хуураа “нүдээд” салахгүй болохоор нь эхнэр нь унтууцаж “Чиний хөгжмөөс илүү Долоон буудлын Долзод авгайн үнээний сүү хэрэгтэй байна шүү дээ” гэх мэтээр аашилдаг. Уран бүтээлч энэ мэтийн саад бэрхшээлтэй хэрхэн нүүр тулдгийг харуулсан сэтгэлгээний маягтай драм юм. Д.Намдаг гуай цомнолыг нь, мөн Г.Бирваа багш хөгжмийг нь бичсэн. “Гурван хашир, найман танхил” гэж Дархан-Уул хотын бүтээн байгуулалтын үеийн тухай драмыг ч бас нэрлэмээр байна.
-Энэ томоон бүтээлүүдийг 12 хөгжимчнөөс бүрдэх оркестр тоглочих уу?
-Тоглодог. Яагаад тэр вэ гэхээр бид хэдийгээр тооны хувьд цөөхөн ч бүтэц, бүрэлдэхүүн чанартай учраас болоод байдаг юм. Манай оркестр холимог бүтэцтэй. Үндэсний болон сонгодог хөгжмийг хослуулж найрал хөгжим болгосон. Энэ бүтцийг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Юндэнбат багш маань шийдэж өгсөн юм. Ингэж холимог бүтэцтэй болгосон оносон.
-Морин хуурын чуулгын жижгэрүүлсэн хувилбар гэж ойлгож болох уу?
-Тийм дээ. Одоо зарим аймгийн театр үндэсний хөгжмийн цөөхүүлтэй байна. Тэр нь ч хөг дутуу байх нь элбэг. Тэгэхээр уран бүтээл хийж болдоггүй. Манайх хүчин чадал харьцангуй илүү, бас уран бүтээлийн эрэл хайгуул ч байнга хийдэг тул бүхий л бололцоогоо дайчлан ажилладаг. Хамгийн сүүлд бид өнгөрсөн гуравдугаар сард баруун аймгуудын театруудтай хамтран ажиллах санаачилга гаргаж, гэрээ, хэлэлцээр хийсэн. Бусад театраас туршлага судалъя, суралцъя, ололттой тал нь юу байна, харъя гэж шийдээд явсан юм. Эхний ээлжид Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрынхантай хамтарсан тоглолт хийсэн. Эхлээд Баян-Өлгийд, дараа нь Баянхонгортоо тоглосон. Ингэж хоёр өөр өнгө аястай уран бүтээл хүргэхэд үзэгчид их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан шүү. Ер нь их сайхан хамтын ажиллагаа болсон.
-Хөгжимчид, дуучид олон бол сайхан дуугаралт сонсогдоно доо.
-Дээхнэ үед театрын орон тоо, бүтцийг үндэслэлтэйгээр тогтоож өгдөг байсан юм. Хөгжим анги 28, дуу анги нь найрал дуучид болон гоцлооч нийлээд 26 хүний бүрэлдэхүүнтэй байхаар зааж өгдөг байлаа. Одоо бол театр 60 хүний орон тоотой байна гэсэн ерөнхий тоо өгдөг болсон. Уран бүтээлийн хөгжимчид, дуучид, драмын жүжигчид, бүжигчид гэсэн дөрвөн ангитай. Захиргаа, аж ахуй буюу үйлчилгээнийхэн, техникийн ажилтнуудын анги бий. Ингээд театр нийт 60 хүнтэй бөгөөд хөгжим ангид гэхэд 12-оос илүү уран бүтээлч ажиллуулах боломжгүй байгаа юм. Социализмын үед орон нутгийн театруудад 145 хүн ажиллах орон тоотой байлаа шүү дээ. Уран бүтээлчид нь 80-90 байдаг байв.
-Тийм олон уу?
-Тийм ээ. Тухайн үеийг одоогийнхтой харьцуулахад тэс өөр байлаа. 1990 оноос хойш бай гууллагадаа үлдсэн хэдхэн уран бүтээлч театрынхаа хаалгыг бариулчихгүйн төлөө хичээн ажилласан. Уран бүтээлчид амьдралаа бодоод гараад явсан тул шавь сургалт зохион байгуулж, дунд сургууль төгссөн, урлагт сонирхолтой хүүхдүүдээс шалгаж элсүүлсэн. Ингэж бүрдүүлсэн хүний нөөцөө тараачихгүйн тулд Соёлын дээд, СУИС зэрэг мэргэжлийн сургуульд гэрээгээр сургаж төгсгөх ажил хийсэн. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд театртаа ажиллахад ямар зам туулснаа цухас ярихад ийм байна. Одоо манай уран бүтээлчдийн 90 хувь нь дээд боловсролтой. Энэ бол бидний хичээл зүтгэлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг нь гэж боддог.