-Норвегийн олон улсын хөгжмийн наадамд өмнө нь Монголоос оролцож байсан уу?
-Үгүй. Би анхных нь болж байна. Гадаадынхан хөөмий их сонирхдог. Тиймээс “Youtube”-д олон хүн намайг дагадаг болжээ. Энэ сүлжээнд идэвхтэй байснаар ийм гоё наадамд уригдлаа. Мөн Норвегт байдаг Амархүү эгч бас тусалсан л даа.
-“Youtube”-тэй анх хэрхэн холбогдож байв?
-Анх нутгийнхаа уулан дээр ногоон дээлтэй суугаад дуулсан бичлэгээ нийгмийн сүлжээнд тавихад гадаадынхан ихэд сонирхсон. Үндсэндээ би алдаршсан (инээв). Тэр цагаас хойш нэлээд хэдэн жилийн дараа өөрийн “Youtube” сувгийг нээсэн юм. Дуулж, хөөмийлсөн бичлэгээ хааяа тавьдаг. Охинтойгоо хамт дуулсан “Хотгойдын унага” дууг байршуулснаар дагагчийн тоо эрс өссөн. Би ингэж ажиллаж чадаж байхад залуус, дүү нар илүү сэтгэнэ дээ. Тиймээс уран бүтээлчдээ олон улсын энэ гоё талбарт идэвхтэй байгаач гэж хэлдэг юм. Бүр уриалмаар байдаг.
-Дагагчийн тоо 100 мянгаас дээш болохоор “Youtube”-ээс мөнгө олгодог гэдэг юм билээ. Та авдаг уу?
-Авдаг. Их биш ч гэсэн сар бүр мөнгө авдаг. Анх мөнгө цугласныг мэдээгүй байсан. Учрыг нь олсноор хөөцөлдөж байгаад бүгдийг авсан. Наддаа бол санаанд оромгүй их мөнгө байлаа. Дансандаа хүлээж авах сайхан байсан.