-ДАШТ-ээс ирээд бэлтгэлдээ шаргуу оржээ. Хааяа амармаар санагддаг уу?
-Амармаар санагдалгүй яах вэ. Гэхдээ зорилгоо бодохоор чаддаггүй юм. Тамирчин хүн тэмцээнд оролцохдоо ямар сайхан мэдрэмж авдаг билээ. Тиймээс амрахгүйгээр бэлтгэлдээ орсон. Би Болгарын Софи хотод өнгөрсөн сард болсон 39 дэх удаагийн уран гимнастикийн ДАШТ-д оролцлоо. ДАШТ тивийн хэмжээний тэмцээнээс олон зүйлээр ялгардаг. Уран сайхны гимнастикаар Азийнхны чансаа дээшилж байгаа ч Европын шилдгүүдийн эгнээнд хараахан жагсдаггүй. 2021 оноос ДАШТ-д зөвхөн эрх авсан тамирчид оролцдог болсон. Тивийн АШТ-ээс эрх авч, шигшээд үлдсэн нь өрсөлддөг. Медальт байрт шалгарсан улсаас гурван тамирчин оролцож, финалд үлдсэн нь зөвхөн нэг тамирчин оролцуулах эрхтэй. Энэ удаа Монголоос ганцаараа оролцлоо.
-Өнгөрсөн жилээс ДАШТ-ий босго өндөр болсон. Хойшдоо чансаа өндөртэй шилдгүүд өрсөлдөх нь. Тэмцээн олон өдөр болж, сунжрахгүй байх.
-Намайг 2019 онд анх удаа оролцоход 180 гаруй тамирчин өрсөлдөж, тэмцээн есөн өдөр үргэлжлэхэд амаргүй санагдаж байв. Уран гимнастикийн ганцаарчилсан төрөлд олон тамирчин бэлтгэгддэг. Азид энэ төрөл нь өндөр хөгжсөн. Багийн төрөлд БНХАУ, Японы гимнастикчид дэлхийн шилдэгт багтдаг бол бусдад нь хөгжиж байна. Уран сайхны гимнастик Болгар улсын үндэснийх нь спорт. Тамирчид нь авьяас, ур чадвар, техникээрээ ялгардаг. Энэ удаа ДАШТ зохион байгуулах эрх авсан тул тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан.
-Дэлхийн аваргад шилдгүүдтэй өрсөлдөх амаргүй. Анх удаа оролцож байгаа тамирчдад сандрал, догдлол аль аль нь давхацдаг юм билээ.
-Азербайжаны Бакуд болсон тэмцээнд анх удаа оролцоход маш их дарамт мэдрэгдэж байсан. Туршлагатай, шилдгүүдийг хараад эхэндээ айдас төрж, өөртөө итгэж чадахгүй зогсож байснаа санадаг. Тэр үед “Би ийм мундаг аваргуудтай өрсөлдөх юм уу” гээд өөрийгөө олон бодлоор ачаалсан удаа бий. Энэ удаа шигшээд үлдэж, медаль хүртэх хэмжээнд хүрэхгүйг ойлгосон болохоор өөрийнхөө юу хийхийг, бас Монголд уран сайхны гимнастик ямар хэмжээнд хөгжиж байгааг харуулах зорилготой оролцсон. Тэмцээний талбарт мэдрэмждээ тулгуурлан, сэтгэл зүй, хөгжмийн аяыг мэдэрч үзүүлбэрээ хүргэсэн болохоор аз жаргалтайгаар өрсөлдсөн. Азийнхан тэмцээний үед сэтгэл зүйн байдлаа тэр бүр ил гаргадаггүй. Тэгвэл Европынхон нээлттэй. Тэдний биеэ авч яваа соёл, хандлага, зан чанарын байдал нь биднээс өөр. Талбайд гарахын өмнө багш нь тамирчнаа тэвэрч үнсэнэ, урам хайрласан үг чихэнд нь шивнэж ойр дотно байгаагаа илэрхийлдэг. Одоогоор Азийнхнаас Казахстаны тамирчид чансааг тэргүүлж байгаа.
-Спортынхны амжилт, ялагдал олны өмнө өрнөдөг болохоор хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсаар ирсэн. Энд, тэнд зочноор уригдах нь танд ямар бодол төрүүлдэг вэ?
-Хэрвээ энгийн нэгэн байсан бол хэвлэл мэдээллийнхэнтэй энэ спортын тухай яриа өрнүүлэхгүй шүү дээ. Би тамирчин болсноороо их бахархдаг. Телевиз, сонин, сайтад нэг ч удаа зочноор уригдаагүй олон хүн бий. Өөрийнхөө дуртай спортоор хичээллэж, мэддэг зүйлийнхээ тухай үзэгчидтэй хуваалцах сайхан. Спорт сонирхогчид нэг үеэ бодвол уран сайхны гимнастикийн талаар ойлголттой болсон. Намайг анх хөл тавихад найзууд минь “Миний найз нугараач” гэж ярьдаг байлаа. Тэднийг ингэж ярихад нь “Яахаараа энэ спортын талаар ямар ч ойлголтгүй байдаг байна. Бөх, боксын тамирчдыг таньдаг шигээ хэзээ намайг үүгээр хичээллэдгийг минь мэддэг болох бол” гэж боддог байв.
-Уран сайхны гимнастикчид багаасаа хичээллэж, амжилт гаргадаг. Тамирчдын ид амжилт гаргах насанд тэд зодог тайлж байгаа харагддаг.
-Би туслах дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байна. Өнөөгийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, спортын ямар нэгэн төрлөөр хичээллэх нь зөв гэж дэмждэг болжээ. Тэр ч хэрээр гимнастикийн спортыг сонирхож, хичээллүүлэхээр хөтлөөд ирдэг. Тэд намайг хараад “Чамайг тэмцээнд оролцохыг цөөнгүй харсан. Охиноо энэ төрлөөр хичээллүүлье” гэдэг юм. Хүмүүс уран гимнастикийг ойлгодог болсонд медаль хүртсэнээс илүү баярладаг.
-Та дасгалжуулагч М.Булганы удирдлагад олон жил хичээллэсэн. Одоо ч багш, шавь хоёрт ойлголцдоггүй зүйл ховор биз?
-Намайг долоон настай байхад аав, ээж минь түүнтэй танилцуулснаар шавь нь болсон түүхтэй. Тэр цагаас өнөөг хүртэл удирдлагад нь хичээллэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцож байна. Бид нэгнийхээ зан чанар, сэтгэл зүйн байдлыг харц, хөдөлгөөнөөс нь хэдийн мэдэрдэг болсон. Хааяа нэг өөртөө итгэлгүй болчихсон байх үед багш урам өгч, урагшлуулдаг. Түүнээс гадна гэрийнхэн минь ямар ч үед тулж, түших найдвартай ар тал болдог. Миний үеийн охид сургууль, гэр бүл нь дэмждэггүйн улмаас хүсэл, мөрөөдлөө орхиж байгаа харагддаг. Манайхан “Чи юу хүсэж байна, түүнийгээ л хий. Хүн болгон өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах эрхтэй. Бид чамайг шүүмжлэхгүй. Зорьсондоо хүртэл бүх талаар тусалж дэмжинэ” гэдэг юм. Аав, ээж тамирчны амьдрал ямар байдгийг мэддэг тул зорьж буй зүйлд минь анхаарал хандуулж ирсэн. Гэрийнхнийгээ дэмжсэний хүчинд өдий зэрэгтэй амжилт гаргаж яваа.
-Олны дунд “Тамирчид амжилтын төлөө олон зүйлийг золиосолдог. Тууштай байж амжилтад хүрэхгүй бол спортын амьдрал хэцүү” гэх яриа бий.
-Би үеийнхээ охидтой ойр дотно нөхөрлөж, олон ч тэмцээнд оролцсон. Тэр үед хэрхэн амжилт гаргаж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх талаар ярилцдаг найзууд минь амьдралын нөхцөл, санхүүгийн боломжгүйгээс дуртай спортоосоо холдохыг хараад сэтгэл их эмзэглэдэг байлаа. Хүмүүс “Тамирчид спортын төлөө олон зүйл золиосолдог тул амьдралаа сэтгэл хангалуун авч явах боломжгүй” гэж боддог. Тиймээс хүүхдүүдээ сонирхдоггүй мэргэжлээр нь хүчээр сургаж, аз жаргалгүй болгодог тал бий. Миний хувьд хоёр жилийн өмнө шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Тамирчин хүн цалин авч, амьдарч болдгийг дүү нартаа бодитоор харуулбал эцэг, эх нь хичээллүүлэхээс татгалзахгүй байх гэж боддог юм. Хүнд хүсэл мөрөөдөл, ирээдүй, өөрийнх нь зорьсон зам бий. Тэр бүхнийг нь олж хараад, хүүхдээ жаахан ч гэсэн дэмжээд өгвөл амжилт ойрхон л байдаг.
-Спорттой нөхөрлөсөн 15 жил бага хугацаа биш. Шантраад уйлсан охинд шагналын тавцанд медаль хүртээд инээж зогссон өдөр ч бий л байх.
-Энэ спорттой нөхөрлөхдөө олон тэмцээнээс медаль хүртжээ. Медалийн тавцанд шагнал гардах бүхнээс сайхан санагддаг. Би нэг хэсэг хүрэл медальтай гэртээ их харьсан. Түрүүлнэ гэж хичээсэн ч III байрт шалгарчихдаг болохоор өөрийгөө голж, чамладаг байв. 10 настай байхдаа БНСУ-д болсон олон улсын тэмцээнд үеийнхэнтэйгээ оролцож ганцаараа хүрэл медаль зүүсэн юм. Тэр үед өөртөө “Би хийдэг зүйлээ чадаж л байгаа юм байна” гэж урам өгч билээ.Тэндээс ирээд бэлтгэлээ шаргуу хийж Азийн АШТ-д өрсөлдсөн. Өөрийгөө зоригжуулж, цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нэг тэмцээн байдаг. Монголд 2018 онд Азийн цомын АШТ анх удаа зохион байгуулахад дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн. Тивийн томоохон тэмцээнд Монголоос уран сайхны гимнастикаар шагнал гардсан анхны тамирчин болсон юм. Надад “Сурсан зүйлээ хийж чадаж байгаа цагт хэзээ ч зогсож болохгүй” гэдэг бодол төрсөн. Охидын олонх нь 16 нас хүрээд уран гимнастикаас зодог тайлдаг. Тэр жил би 17 настай байлаа. Түүнээс хойш мэргэжлийн тамирчны карьераа эхлүүлж, УАШТ-д долоон удаа түрүүлжээ. Одоогоор Монголын уран гимнастикчид Азийн аваргаас хараахан медаль хүртээгүй байна. Миний хувьд тивдээ томоохон амжилтыг энэ жил гаргаж, XI байр эзэллээ. Ирэх жилийн тэмцээнд эхний наймд багтах зорилготой.
-Хүрэл медаль хүртээд байхаар “Би ер нь ингээд л болчихсон юм байх даа” гэдэг бодол төрдөг байв уу?
-Тэр үед “Яаж ч хичээсэн III байраас хэтрэхгүй нь дээ” гэж бодоод бүр шантарч байсан. Аав, ээж, багш минь зоригжуулж, энэ спортоос холдуулалгүй аварч үлдсэнд баярладаг. Гэрийнхэндээ болих талаар хэлэхэд “Чи боливол Монголд уран сайхны гимнастик гэж байгаад яах юм. Шантрах байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм. Юу бодож хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд оролцсон юм бэ. Шийдвэр гаргахаасаа өмнө зорилгоо дахиад нэг бодоод үз” гэдэг байв. Надад маш том хүсэл мөрөөдөл байсан болохоор гимнастикаас холдож чадаагүй. Яах гэж эхлүүлснээ бодох тусам өөрийн эрхгүй амжилт руу тэмүүлэх зориг төрдөг байлаа.
-Хойшдоо дасгалжуулагчаар ажиллах уу?
-Санаа бий. Мэргэжлийн түвшинд хүрчихээд тамирчдад заана гэж боддог. Одоогоор багшийнхаа удирдлагад бага насны охидод анхан шатны дасгалууд заадаг. Би Азербайжан улсад хэдэн сар бэлтгэл хийхдээ сайн дасгалжуулагч, тамирчидтай танилцсан юм. Тэднийг дэргэдээс нь харж бэлтгэл хийсэн болохоор дасгал, хөдөлгөөнүүдийг бага насны хүүхдүүдэд суулгаж, хэвшүүлэхийг зорьж байна. Миний хувьд багштайгаа тамирчны хувиар олон жил хамтарч ажиллалаа. Гэртээ аав, ээжтэйгээ байх цаг хугацааныхаа ихэнхийг зааланд бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Үнэнийг өгүүлэхэд, надад гэртээ тухалж өнжих зав бага гардаг. Бэлтгэлийн заал гэрээс минь ялгаагүй, багш минь ээжээс дутуугүй санагддаг болсон.
-Таныг ШУТИС-д инженер мэргэжлээр сурдаг гэж сонслоо.
-Одоогоор чөлөө авсан. Би багаасаа инженер болохыг хүсдэг байлаа. Физикийн хичээлд сайн байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон юм. Хойшид үргэлжлүүлж сурах талаар шийдээгүй байна. Ирэх жилийн гуравдугаар сард Дэлхийн цомын цуврал тэмцээн эхэлнэ. Грек, Болгар, Узбекистан улсад зохион байгуулахад нь оролцох байх.
-Уран гимнастикийн шүүлтийн дүрэмд ойрын үед ямар өөрчлөлт орсон бол?
-Гимнастикийн спортод шүүлтийн системийг хүндрэл, гүйцэтгэл, жүжиглэлт гэсэн хэсэгт хуваадаг. Жүжиглэлтэд зохиомж орно. Тухайн хөгжмийн аянд зохицож хөдөлгөөнийг хэрхэн илэрхийлж байгаагаас оноо хамаардаг юм. Онооны гуравны нэг нь жүжиглэлт байдаг тул бүжгийн хөдөлгөөн, урлагийн мэдрэмж чухал. Тэгэхээр хөгжим, урлаг, бүжгийн аль алийг нь харгалзаж хардаг. Зөвхөн техник сайтай байлаа гээд гүйцэтгэл, жүжиглэлтгүй бол үзүүлбэрээ цогцоор нь илэрхийлж чадахгүй. Токиогийн олимпын наадмаас хойш тамирчид урлаглаг байдлаа авч үлдэх тал дээр анхаарал хандуулж байна. Өмнөх олимпын циклийн дүрэмд жүжиглэлтийн оноог хассан тул тамирчид цагтаа амжуулж олон хөдөлгөөнийг ар араас нь хурдан хийснээр зөвхөн техник харуулахыг зорьдог байв. Товчхон хэлбэл, циркийн үзүүлбэрээс ялгаагүй. Тиймээс уран сайхны гимнастикийн урлаглаг байдлыг хадгалж үлдэхийн тулд жүжиглэлтийн оноог нэмсэн. “Парис 2024“ олимпод жүжиглэлт, зохиомж сайтай тамирчид илүү уран сайхан харагдах боломжтой.
-Уран гимнастикчид жин нэмэхгүй байхад их анхаардаг уу?
-Охид өсвөр насандаа жин нэмэхээр стресстэж бухимддаг. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Багш “Тамирчин байхыг хүсвэл хориглож байгаа зүйлийг идэж болохгүй. Хэрвээ болмооргүй байвал дуртай амттанаа ид” гэж хэлдэг болохоор багаасаа жин барих дэглэм баримталж сурсан. Гимнастикийн тамирчид биеийнхээ тэнцвэрийг өлмий дээрээ авдаг. Тиймээс жин хөнгөн, хөл чанга, хурдтай байх шаардлагатай.