-Хөгжмийн шинэ бүтээлийн “Алтан намар” наадамд сойсон бүтээлийнхээ талаар танилцуулах уу?
-Энэ нь нэг болон хоёрдугаар хийл, эрдүү хийл, морин хийл хөгжмөөс бүрдсэн дөрвөлд зориулсан утсан хөгжмийн квартет юм. Монголынхоо байгаль, улирал, говийн ард түмний аж байдлаас сэдэвлэсэн бүтээл. Хөгжим тус бүр гоцлох хэлбэрийг ашигласан. Жилийн дөрвөн улиралд говь ямар байдгийг хөгжмийн хэлээр дүрслэхийг хичээсэн юм. Улирал бүр дэх байгалийн үзэгдлүүд, жишээ нь, урьхан салхи, шиврээ бороо, цасан болон шороон шуурга, ард түмний тэнэгэр сэтгэл гээд бүхий л үзэгдэл, юмсыг аялгуу, зохирлоор хөгжим тус бүрээр илэрхийлэхийг зорьсон.
-Гоё санагдаж байна. Олон нийтэд сонсох боломж олдох уу?
-Телевизээр гарах байх аа. Утсаар хийсэн бичлэг бий л дээ.
-Та хүүхдүүдтэй удаан хугацаанд ажилласан гэлээ. Сургуульд ажилласан уу?
-Манай аймаг “Тэнгэрийн тэмдэг” гээд хүүхдийн театртай юм. Тэнд 2014 оноос хойш хөгжмийн багшаар ажилласан.
-Уран бүтээлийнхээ түүх, замналаас ярьж өгөөч.
-Миний уран бүтээлийн замнал товчхон доо. Дан хөгжмийн бүтээл цөөнтэй. “Зэрэглээн донж” гэж симфони найрал хөгжимд зориулсан зураглал, морин хуур болон үндэсний цөөхүүл найрал хөгжимд зориулсан “Уран сэтгэмж”, ёочин, симфони найралд зориулсан рондо, эвэр бүрээ, төгөлдөр хуурын “Уянгын аяз”, тэгээд энэ квартет байна. Нэлээд хожуу СУИС-ийн хөгжмийн зохиомжийн ангид элсэж, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн шавь болох хувь тохиосон юм. Багш минь “Нутаг орондоо суурин амьдарч, хүн зоны аж байдал, онцлог, байгаль, орчныхоо тухай зохиол бүтээл дээ тусгаж ажиллах уран бүтээлч ховор, маш чухал болсон үед чи говиос ирлээ. Сайн байна. Юм хийнэ шүү” гэдэг байсан. Энэ үг нь ташуур мэт санагдаж, бичих, зохиох их дуртай болсон.
-Өмнө нь хөгжимчин байсан уу?
-Би 1994-1997 онд Соёлын коллежийн хөгжмийн багшийн ангид суралцаж төгссөн юм. Тэнд сурч байхад ая зохиогчдын уралдаан болдог байлаа. Тэр үеэс дууны ая зохиож, уралдаан, наадамд оролцож эхэлсэн. СУИС-д бол 2003 онд элссэн. Ц.Нацагдорж багш минь их урам хайрлаж, үргэлж дэмжиж, хөгжим яаж зохиодгийг сэтгэл зүрхээрээ заадаг байж билээ. Аргагүй биз дээ, багшийн минь эрхэм чанар нь тийм юм чинь. “Дэлхийн хөгжимд монгол хүн бичсэн гэгдэх бүтээл төрүүлэх юм сан” гэж хэлснээс нь үзэхэд багш хөгжмийн урлагийн хөгжлийн төлөө цохилох зүрхтэй хүн байжээ гэж ойлгодог. Түүний ингэж хэлсэн нь уран бүтээлчийн шавь нартаа үлдээсэн захиас ч гэмээр. Монголынхоо хөгжмийн урлагийг үргэлжлүүлэн хөгжүүлэх юм сан, олон шавь төрүүлэх юм сан гэж бодож явсныг нь хожим л ойлгож явна. Цар тахлаас болоод сүүлийн хоёр жил өнжсөн “Алтан намар” наадам, уралдааныг Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага сайхан зохион байгууллаа. Тус холбооны ерөнхийлөгчийн ажлыг түр гүйцэтгэгч Х.Алтангэрэлд, хөгжмийн зохиолчид болон зохион байгуулалцсан, оролцсон хүмүүст танай сониноор дамжуулж талархал дэвшүүлье.
Баруун гараас эхэнд буй нь Б.Эрдэнэбаяр. Тэрбээр “Алтан намар-2022”-т“архаг” хөгжмийн зохиолчидтой өрсөлдөж, гуравдугаар байр эзлэв
-Та Дундговийн хүү аж. Хаана төрж, өссөн бэ. Ер нь намтраасаа сонирхуулах уу?
-Тийм ээ. Би Эрлэнэдалай сумд төрсөн. Аймагтаа дунд сургууль төгсөөд, 1987-1989 онд цэргийн алба хаасан. Ирээд сум, нэгдэлд нормчин, Соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1994 онд Улаанбаатар хотод ирж Соёлын коллежийн хөгжмийн багшийн ангид орсон юм. Төгсөөд ОХУ-ын Буриад улсын “Авьяастны сургууль”-д үндэсний хөгжмийн багшаар ажилласан. Харин 1999 оноос төрөлх нутаг Дундговь аймагтаа суурин байна. Эхнэр бид хоёр охин, гурван хүүтэй. Бага хүү Э.Нармандах маань аавынхаа мэргэжлийг өвлөнө гээд СУИС-д багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын удирдлагад хөгжмийн зохиомжоор суралцаж байна.
-Морин хуурч юм билээ. Дунд сургуульд байхдаа сурсан юм уу?
-Тийм. Морин хуурын анхны багш минь Баатархүү. Баян хуурыг бол ааваараа, бас дунд сургуулийн багш Ө.Лхамсүрэнгээр заалгасан.
-Морин хуураар шавь бэлтгэсэн үү?
-Шавь хэдэн арваар тоологдоно. Нутагтаа морин хуурч олноор төрүүлэх зорилгоор дугуйлан хичээллүүлдэг. Хөөмийч Ц.Баттөр, “Түмэн эх” чуулгын хуурч Х.Дамдин, Ц.Түвшинжаргал, СУИС-ийн морин хуурын багш Д.Намсрайжав болон Амарсайхан, Дэлгэрмөнх, Билгүүнтөгс нарын хуурч байна.
-Квартетыг тань сонслоо. Долоон минут орчмын бүтээлд говийн байдлыг уран зургаар үзүүлэх мэт дүрсэлжээ. Маш сайхан зохиол байна. Ц.Нацагдорж багш нь сонссон бол юу гэх байв?
-“Говь нутгийн хүнээс гарах л хөгжим” гэх байсан болов уу. Эсвэл “Юу нь мэдэгдэхгүй, сүүүүүү гээд л байх юм” гэж голох байсан биз дээ. Дэмий, онолын үндэслэл муутай, “цээжний бан”-гаар туучихаж гэсэн санаагаа ингэж хэлэх байсан даа, багш минь.
-Олон дуу төрүүлсэн үү?
-30 гаруй дуутай. Үндэсний цөөхүүлд зориулсан хэд хэдэн бүтээл, романстай.
-Хожуу хөгжмийн зохиолч болсон гээд байсан. Чамлахааргүй олон бүтээлтэй юм байна шүү дээ.
-Тоо ч яах вэ, чанар чухал. “Алтан намар”-т III байр эзлэх бүтээл туурвисан гэж бодохоор хичээл зүтгэлийн үр дүн байна гэж бодож байлаа. Хөгжим судлаачид нэгийг хэлэх биз дээ.