-Бүс нутгийн хэмжээнд 420 эмэгтэйгээс шилдэг 15-д багтахад ажлын ямар үр дүн, амжилт нөлөөлөв?
-Шалгаруулалтаар хувь хүний манлайлал, хүчин чармайлтыг үнэлдэг. Хэдий тийм ч гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Монгол Улсын манлайлал бүс нутгийн түвшинд өндөр байгаа нь би эхний 15 эмэгтэйн нэгээр шалгарахад ихээхэн нөлөөлсөн. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” санаачилгыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд манлайллаа үзүүлсэн эмэгтэйчүүдийг дэмжих, эрсдэлийг бууруулахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Уг шагнал “Шилдэг манлайлагч эмэгтэй”, “Залуу манлайлагч эмэгтэй” гэсэн хоёр төрөлтэй. Шагналыг Австралийн хөгжлийн хөтөлбөр, Филиппиний “SM prime” хувьцаат компани ивээн тэтгэдэг юм билээ. 2022 оны шагнал гардуулах ёслол Австралийн Брисбен хотод зохион байгуулсан, гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурлын үеэр боллоо. Нэр дэвшиж, шалгаран үлдсэн эмэгтэйчүүдийг овог, нэр, улс орноор нь дуудаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулсан амжилт, хувь нэмрийг дурдахад сэтгэл их хөдөлсөн. 2022 оны “Шилдэг манлайлагч эмэгтэй” шагналыг геологийн гаралтай аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан амжилтаар Вануату улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уур, гео-аюул, байгаль орчин, эрчим хүч, гамшгийн менежментийн яамны газрын дарга, доктор Эслин Гарабитид хүртлээ. “Залуу манлайлагч” шагналыг голын ус, хөрсний элэгдэл ихтэй, гамшигт өртөмтгий Энэтхэгийн Мажули хотын ард иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ тус улсын судлаач, доктор Хомолата Бора авсан. Миний хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, бодлого, төлөвлөлт, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан амжилтаар эхний 15 эмэгтэйн нэгээр шалгараад, Монгол Улсынхаа нэрийг дуудуулсан нь бахархалтай сайхан байлаа.
-Та онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж буй юм билээ. Энэхүү албыг хэрхэн сонгосон бэ. Тэр дундаа эрсдэлийн чиглэлээр мэргэшин ажиллах болсон түүхээсээ хуваалцана уу?
-Гамшгаас хамгаалах салбарт ажиллаж байгаагаараа бахархдаг. Бидний ажил бол хүний амийг авран хамгаалах юм. Бас гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлдэг өгөөмөр алба. Улсын болон хувийн их, дээд сургуульд багшилж байхдаа төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй байв. Тэгээд 2004 онд ОБЕГ-ыг анх байгуулахад Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргасан. Ингээд 2005 оны гуравдугаар сард ажлаа эхэлж байлаа. Ажилд орохдоо Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн II бага хурлаас баталсан “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг орчуулан, шалгуулж байв. Тухайн үед ойлгохгүй зүйл зөндөө байсан ч их л чармайн орчуулаад дуусгаж билээ. Ажилд ороод хамт олноосоо, ялангуяа тухайн үед ахлах мэргэжилтэн, дараа нь Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдсон, хурандаа Ш.Алтанчимэгээс их зүйл сурч, туршлага хуримтлуулсан. ОБЕГ-ыг дөнгөж байгуулсан үед ямар улсууд, байгууллагатай харилцаа тогтоох, хамтарч ажиллахаас авхуулаад шинэчлэн гаргах дүрэм журам, олон улсын туршлагыг нэлээд судалж байлаа. 2012 онд Австралид хүрээлэн буй орчны хөгжлийн практик чиглэлээр магистрт суралцах боломж олдсон юм. Тэнд би хоёр жил суралцан, төгсөж ирээд ОБЕГ-ынхаа Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтэст хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2015 оны Засгийн газрын 303 дугаар тогтоолоор батлуулсан Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, 2017 оны Засгийн газрын 355 дугаар тогтоолоор батлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байлаа. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг. Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагын нэвтрүүлэх, чиг хандлагыг хэрэгжүүлэх хүрээнд Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар шинээр байгуулахад ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.
-Монгол орны уур амьсгал эрс тэс. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй бүс нутагт тооцогддог. Сүүлийн жилүүдэд гэнэтийн салхи, шуурга ихэссэн, байгалийн гамшгууд ч хааяагүй тохиолдох боллоо. Цаашид ч ихсэх хандлагатай гэх болсон. Мэргэжлийн хүний хувьд үүний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол эх газрын эрс тэс уур амьсгалтай. Эрт дээр үеэс монголчууд уур амьсгалдаа зохицон мал ахуйгаа эрхэлж ирсэн. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүлийн 80 гаруй жилд манай орны агаарын дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буйн илэрхийлэл. Үүнээс шалтгаалан аюулт үзэгдэл нэмэгдэж байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай. Иймд бид өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд дасан зохицох замаар гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах бодлого баримтлан ажилладаг. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхи шуурга, гэнэтийн үер, хуурайшилт, ган, зуд, ой, хээрийн түймрийн давтамж, эрчим нэмэгдлээ. 2004-2016 онд бүртгэгдсэн ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн дундаж тоог 2021 оныхтой харьцуулахад бараг гурав дахин өсжээ. Тохиолдлын тоо нэмэгдэнэ гэдэг нь учирч болзошгүй хохирол ихэснэ гэсэн үг. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард 16 аймгийн 51 сумын нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй шуурга болсон. Энэ шуурганаар 10 хүн амиа алдаж, 700 гаруй хүн төөрч, олон айлын гэр нурж, мал хорогдож байв. Гэнэт аадар бороо орсны улмаас үер буун, хөрсний нуралт үүсэж, дэд бүтцэд хохирол учруулсан тохиолдол сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарлаа. 2018 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 328 зорчигчтой суудлын галт тэрэг осолдож, 60 орчим хүн гэмтсэн. 2020 оны зургадугаар сард Улаанбаатар-Чойр чиглэлийн төмөр замын хэд хэдэн цэгт хазайлт үүсэж, далангийн шороо урссан. 2021 онд Сэлэнгэ аймагт галт тэрэг осолдож, ихээхэн хэмжээний түлш асгарсан гээд байгалийн үзэгдлээс шалтгаалсан олон осол, хохирлыг дурдаж болох юм. Үүнээс гадна манай оронд газар хөдлөлтийн гамшгийн аюулын эрсдэл өндөр байна. 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлдэг. Өнгөрсөн онд 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт ес, 6-6.9-тэй нь хоёр удаа Хөвсгөл аймгийн Ханх сумд бүртгэгдсэнийг иргэд мэдэрсэн. Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо буураагүй, 2015 онтой харьцуулахад 18 хувиар өссөн нь харамсалтай. Үүний дотор хүүхдүүд 22 хувийг эзэлж байгаа. Гамшгийн төрлөөр авч үзвэл амиа алдсан хүүхдүүдийн 41 хувь нь усны осол, 38 хувь нь объектын түймэр, 6.6 хувь нь ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн хохирогч болжээ. Бид иргэд, олон нийт, хүүхдийн гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, аюулт үзэгдэл, ослын хохирлын дата мэдээллийг шуурхай цуглуулж, боловсруулан, анализ хийх чиглэлээр ажиллаж буй. Мөн Монгол Улсын эрсдэлийн сан бүрдүүлэх, иргэд оршин суугаа газар нутгаа гамшиг, эрсдэлийн аль түвшинд байгааг мэдэх хүртээмжтэй арга хэрэгслийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй.
-Аль төрлийн гамшиг, осол манайд тохиолдох магадлал өндөр бол. Түүнээс сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
-Манай оронд 15 орчим төрлийн гамшиг, аюулт үзэгдэл, осол түгээмэл тохиолддог. Гамшиг, аюулт үзэгдэл, ослыг гарал үүслээр нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүсэл тэй гэж ангилна. Байгаль, геологийн гаралтай аюулт үзэгдлээс газар хөдлөлт, хөрсний гулсалт, биологийн гаралтай хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, тухайлбал “Ковид-19”, тарваган тахал, шүлхий, боом зэрэг гамшиг тохиолддог. Ус, цаг агаарын гаралтай аюулаас уруйн, гэнэтийн, гол, мөрний үер, цасан болон шороон шуурга, аянга, ган, зуд, ой, хээрийн түймэр гарч байна. Мөн хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй гэвэл үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс үүссэн, уул уурхайн, цацраг, химийн, тэсэрч дэлбэрэх бодисын, усны осол, объектын гал түймэр зонхилон тохиолддог. Ой, хээрийн түймэр нь хуурайшилт, хэт халалт, аянгаас үүсэх нь бий ч хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалах тохиолдол манайд илүү өндөр байгаа. Нэр томьёо, агуулгын хувьд гамшиг, аюулт үзэгдэл, осол гэсэн гурван үг өөр өөр тодорхойлолттой. Хүн, амьтан амьдраагүй бүс нутагт газар хүчтэй хөдлөх, үер болох, хүчтэй салхи шуурга тохиолдох нь аюулт үзэгдэл. Харин суурин газарт болж, олон хүн өртөн, амиа алдаж, гэр, байшин барилга нурж их хэмжээний хохирол учирвал гамшиг гэж ойлгож болно. Гамшгийн эрсдэл гэдэг нь гамшгийн улмаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг хэлдэг. Иймд эрсдэл гэдэг бол магадлал юм. Эрсдэл нь аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын харилцан хамаарлаар тооцогддог. Зарим гамшгийн аюулыг таамаглах, урьдчилан сэргийлэх боломжтой. Харин заримынх нь аюулаас амжиж сэргийлэх хугацаа, боломж маш бага. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хотжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан гамшгийн эрсдэлийн шинж чанар өөрчлөгдөж, дагалдан гарах уршиг нэмэгдсээр байгаа. Ган, зуд, гал түймэр, үер, усны осол, газар хөдлөлт нь манай улсад эрсдэл өндөр, анхаарал татсан гамшгийн төрөл. Үүний дотроос газар хөдлөлтийн аюулыг хүн төрөлхтөн урьдчилан мэдээд, амжиж анхааруулах хугацаа маш богино. Түүнчлэн маш их хохирол, сүйрэл дагуулах гамшгийн төрөл. Бусад гамшгийн төрлийн хувьд газар хөдлөлттэй харьцуулахад иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, бэлэн байдлаа хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэвэл урьдчилан таамаглаж, сэрэмжлүүлж болно гэж боддог. Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаас харахад Монгол орны нутаг дэвсгэр бүхэлдээ газар хөдлөлтийн эрсдэлтэй. Харин чичирхийллийн мужлалын хувьд өөр өөр.
-Австралийн Брисбен хотноо гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал зохион байгуулсан талаар та өмнө дурдсан. Энэ үеэр ярьсан, хөндсөн гол асуудал нь юу байв?
-Энэхүү хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас баталсан, 2015-2030 онд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн явц, бүс нутгийн хэмжээний ололт амжилт, туршлага, сургамж, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг уг хурлаар хэлэлцлээ. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Австралийн Засгийн газар хамтран зохион байгуулсан уг хурлын үеэр “Хямралаас гамшгийг даван туулах чадавх руу-Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Ази, Номхон далайн бүсийн ирээдүйг өөрчилж шинэчлэх нь” сэдвийг онцлон хэлэлцлээ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт мэдлэг, туршлагыг ашиглах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, алслагдмал нутгийнхан гээд хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй байдлыг хангах талаар хөндсөнөөрөө өмнөх хуралдаануудаас ялгаатай байв. Улс орон бүрээс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ажиллахаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн явцын хяналтыг хариуцах нэг ажилтан томилдог. Миний хувьд энэ асуудлыг хариуцан ажилладаг тул Монгол Улсад “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, явц, ололт амжилт, тулгарч буй сорилт, гамшгийн өмнөх үеийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, “Сургуулийн орчны аюулгүй байдал” хөтөлбөр, гамшгийн дата мэдээлэл, улс орны бүртгэл сэдвийг хамарсан хэд хэдэн илтгэл танилцуулж, хэлэлцүүлсэн.
-“Шилдэг манлайлагч эмэгтэй”шагналд манай алба хаагчид ирэх жил ч нэр дэвших үү?
-2021 онд 22 орны 153 эмэгтэй нэр дэвшсэн. Энэ онд 24 орны 420 эмэгтэй нэр дэвшиж, илүү өргөн хүрээг хамруулсан байна. Ирэх жил илүү олон хүн оролцох болов уу. Манай онцгой байдлын байгууллагад амжилттай, манлайлал үзүүлэн ажиллаж байгаа олон эмэгтэй алба хаагч бий. Тэднийг дараа дараагийн жилд нэр дэвшүүлнэ.