Дэлхийн хүнсний өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг олон улсад 42, Монголд 20 дахь жилдээ тэмдэглэв. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ жилийн Дэлхийн хүнсний өдрөөр “Хэнийг ч ардаа орхигдуулахгүй хөгжье” уриа дэвшүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Гадаад харилцааны, Хууль зүй, дотоод хэргийн, Соёлын яамны удирдлагууд, 20 орны Элчин сайд оролцжээ. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн дөрвөн эмэгтэйг энэ үеэр “Хүнсчин баатар эмэгтэй”-гээр өргөмжлөв. Мөн “Хүнсний аюулгүй байдал-Тогтвортой үйлдвэрлэл-2022” эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ танилцуулж, шилдгээр шалгарсан оюутан, судлаач болон эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчдад шагнал гардуулсан юм. Түүнчлэн хүмүүсийн хооллолт, шим тэжээл, эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг уламжлалт хоол, хүнсний ач холбогдлыг тодотгосон “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ. Ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн үзмэрүүдийг дэлгэжээ. Тэдгээрээр дамжуулан олон нийтэд уламжлалт хоол, хүнсний талаарх мэдлэг, мэдээллийг түгээж, хэрэглээг дэмжих зорилготой аж. Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг таниулахад чухал үүрэгтэйг ХХААХҮЯ-наас онцлов.