“Зэс эрдэнийн хувь” компани цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулснаа өчигдөр мэдээллээ. Тус үйлдвэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал овоолгоос катодын цэвэр зэс үйлдвэрлэх юм байна. “Зэс эрдэнийн хувь” нь 24 500 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд төлөвлөгөөт төслүүдээ хэрэгжүүлж дуустал нийт 320 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тэдэнд хүртээх аж. Катодын цэвэр зэс үйлдвэрлэснээр 500 гаруй ажлын байр шинээр бий болгохын зэрэгцээ Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс жилд дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийх боломж бүрдэж буй аж. Үүнээс гадна үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй технологи нэвтрүүлжээ.