-Тамирчдын спортын замналаа эхлүүлсэн түүх сонирхолтой байдаг. Та бөхийн төрлүүдэд амжилт гаргаад багагүй хугацааг үджээ. Бөхийн замд хэн хөтөлсөн бэ?
-Нагац ах нар минь бөхөд их дуртай. Тэд хүүхэд байхын мариалаг, өсгөлүүн намайг барилдуулж, биеийг нь чийрэгжүүлэн, тураах нь зөв гэж ярилцаад бөхийн спортоор анх хичээллүүлсэн юм. Найман настай байхад эмээ сүмо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж очсоноор тамирчин болох замналаа эхлүүлж байв.
-Дэвжээнд ирсэн анхны өдөр ямар бодол төрүүлэв. Хэдийн тамирчин болчихсон үеийнхнийгээ хараад тэр үед шантрав уу?
-Бэлтгэл хийхээр очсон эхний өдөр үеийнхнийгээ хараад өөрийгөө том биетэй гэж боддог байсан минь тэр даруй замхарсан.Тэд харин ч намайг бодвол хэрсүүжиж, чанга биетэй болсон байлаа. Тухайн үед нас бага байсан болохоор шантрахыг мэдэхгүй. Олон хүүхэд бужигнасан зааланд бэлтгэл хийж өнжих хөгжилтэй санагддаг сан.
-Шагналынхаа салхийг алтан медалиар анх хагалах танд мартахааргүй дурсамж үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Сүмо бөхийн “Ирээдүйн аварга” тэмцээнд түрүүлчихээд, “Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн барилдаанаас хүрэл медальтай гэртээ харьсан мөч урам өгсөн биз?
-Бэлтгэл хийгээд сарын дараа өсвөр үеийнхний УАШТ болоход өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Миний хувьд анхны тэмцээн тул барилдаануудын учрыг сайн мэдэхгүй, нэр дуудахад нь гарч барилдаад, даваад байлаа. Тэгтэл аваргын төлөө зодоглож түрүүлэхэд хүмүүс “Мундаг хүү байна” гэж магтахад надад “Бэлтгэлээ сайн хийж, тэмцээнд амжилт гаргавал сайхан юм байна” гэсэн бодол төрсөн юм. Олноос хайр, хүндлэл авсан тэр мэдрэмж спортоор тууштай замнах сонирхлыг минь төрүүлсэн.
-Бөхийн төрлүүдээр хичээллэдэг тамирчны олонх нь бөхийн удамтай байх юм билээ. Танд ч гэсэн энэ талаар ярих зүйл бий л байх.
-Манай удам, гэр бүлд бөх хүн байгаагүй. Гэхдээ монголчууд хүү төрвөл бөх болно гэж ярьдаг. Ноцолдвол бүгд барилдаж чаддаг шүү дээ.
-Аав, ээж нь хүүгээ бөхийн спортод хөл тавихад дуртай дэмжив үү?
-Манайхан маш их баярласан. Одоо ч дэмждэг. Аав “Чиний сонголт чиний л амьдрал” гээд миний шийдвэрийг хүндэлж ирсэн. Бөхийн спортод хөл тавьсан хүүхдүүдэд өөрийн биеэр үлгэрлэдэг хүмүүс бол манай сүмо бөхчүүд. Тэдэн шиг барилдахыг мөрөөдсөн цагаасаа энэ спорттой үнэнчээр нөхөрлөж байгаа.
-Японы Осакад 2008 онд болсон “Хакүхо сүмо” тэмцээнд анх удаа оролцохоор хилийн дээс алхжээ. Тэнд хөл тавиад ард түмнийх нь ямар зан чанар, улсынх нь юуг анхаарч ажигласан бэ?
-Японд тэмцээнд оролцохоор анх очихдоо эргэн тойрныхоо зүйлийг эхэндээ сайн анзаараагүй. Хэн ч байсан инээмсэглэж угтаад, хүндлэн бөхөлзөх нь тун найрсаг санагдсан. Осака хот хүн ам ихтэй ч цэвэрхэн. Цаг агаар нь халуун, бүгчим байсныг санадаг. Сүмо япончуудын үндэсний спорт. Хүүхдүүд нь дөрөв, таван настайдаа хичээллэж, бэлтгэл тогтмол хийдэг тул хүчтэй, техниктэй байдаг. Тэндхийн хүүхдүүдтэй барилдахдаа их зүйл сурсан шүү.
-Та кураш, самбо, жүдогийн өсвөрийн тамирчин байхдаа чамгүй амжилт гаргасан. УАШТ-ий цөөнгүй түрүү ч бий. Ямар дасгалжуулагчийн удирдлагад анх хичээллэв?
- 2012 онд “Тэмүүжин” дугуйланд орж, жүдо бөхийн дасгалжуулагч Д.Энхбаатар (Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийн дасгалжуулагч) багшийн удирдлагад хичээллэсэн. Тэрбээр шаргуу, хөдөлмөрч зантай багш тул бэлтгэлийн үед жүдоги (өмсгөл) өмсөөд хүүхдүүдтэй ноцолдохдоо өөрт нь тохирсон барилдаануудыг зааж, зөвлөдөг байлаа.
-Өрсөлдөгчөө ялж зүүдэг болохоор тамирчид хүрэл медалийг их бэлгэшээдэг. Та олон шагналтай. Туузанд тань ямар медаль хамгийн олон нь байдаг вэ?
-Хэдийгээр өрсөлдөгчдөө ялагдаад хүртсэн ч мөнгө хүрлийн дээр. Миний шагналын туузанд алт, хүрэл медаль олон бий.
-ОХУ Эрхүү, Тайвань улсад болсон залуучуудын АШТ-ээс хүрэл, мөнгөн медальтай ирэхэд гэрийнхэн, багш нь их баярласан байх.
-Гадаадын тэмцээнд шилдгүүдтэй хүч сорих хэцүү. Тэр их өрсөлдөөн дунд хүний нутгаас медальтай ирэх л хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг. Онгоцноос медалиа зүүгээд буух мөч үгээр хэлэмгүй баяр шүү дээ. Угтаж авахаар ирсэн олны баярлахыг харах надад сайхан санагддаг юм.
-Бэлтгэл хамт хийдэг байсан үеийнхээ нөхөдтэй одоо ч холбоотой явдаг уу?
-Хүүхэд байх үеийг бодвол байнга харилцаж, холбогдох нь багассан. Бүгд өөрийн сонгосон замаар ажил, амьдрал гээд завгүйхэн яваа харагддаг.
-Та АНУ-д төвхнөөд хэр удав. Хүний нутагт эх орон, гэр бүл, нутаг ус гээд олон зүйл бодогдож, санадаг биз?
-Би энд ирээд хэдэн сар боллоо. Шинэ газарт эхэндээ дасах амар байгаагүй ээ.
-Сонирхогчдын сүмогийн ДАШТ-д оролцож, аварга болсныг тань мэдэж байна. Америкчууд кураш, сүмо бөхөөр хэр хичээллэж, амжилт гаргадаг вэ?
-Монголд 2016 онд болсон сүмо бөхийн залуучуудын ДАШТ-д түрүүлж, аварга болсон юм. Хоёр жилийн дараа Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль гардсан. Энэ жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн. Цар тахлын улмаас 2020, 2021 онд тэмцээн болоогүй. Өнгөрсөн наймдугаар сард “World games 2022” тэмцээн АНУ-ын Алабама муж улсад зохион байгуулахад сүмо бөхийн төрлөөр оролцож, IV байрт шалгарсан юм. Дараахан нь “USA sumo open” олон улсын тэмцээний хүнд болон үнэмлэхүй жинд 14 удаа барилдаж, 14:0 гэсэн амжилтаар тус бүр алтан медаль хүртлээ. Сүмо бөх энд ид хөгжиж байна. Хүмүүс нь их сонирхож үздэг.
-Америкчуудаас юуг хамгийн түрүүнд сурч, амьдралдаа хэрэгжүүлэв. Тэд Азийнхантай хэр ойр дотно нөхөрлөдөг бол?
-Америкчууд зан чанарын хувьд нээлттэй, ямар ч улсын иргэдтэй чөлөөтэй харилцдаг. Тэд шударга зантай. Чадах, чадахгүйгээ бөөрөнхийлөлгүй шууд хэлнэ. Миний хувьд эхлээд англи хэлний мэдлэгээ сайжруулж, цаашид сонирхож байгаа мэргэжлээрээ суралцах бодол бий.
-Ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хэцүү санагддаг уу?
-Хаана ч амьдарсан ажил, бэлтгэл хийхээ зохицуулж сурах нь чухал байдаг. Ажил их, завгүй гээд бэлтгэлээ орхиж болохгүй. Бэлтгэл хийнэ гээд ажлаа цалгардуулах ёсгүй. Тэгэхээр хувийн зохион байгуулалт өндөртэй байх шаардлагатай.
-Бөхийн спортоор олон жил тууштай хичээллэж байж амжилтаас атгадаг. Заримдаа болих тухай бодол төрдөг л байх.
-Бөхийн спорт амар биш. Тэмцээнд ялагдах ч хүнд. Ялагдсаны дараа алдаа, дутагдлаа хэд хоног бодож явах бүр хэцүү. Сүмо бөхийн тэмцээн энд цөөн болдог. Болж байгаа нь олон улсын чанартай. Тамирчид уналт, ялагдлыг гэр бүл, хамт олныхоо урам хайрласан үгээр даван туулж, өөрийгөө хурцалдаг юм шүү дээ.
-Сонирхогчийн сүмогийн ДАШТ-д түрүүлэхдээ ямар улсын бөхчүүдтэй таарав?
-Унгар, Гүрж, Япон, Египетийн тамирчинтай таарсан. Бүгд хүчтэй. Дэлхийн аваргын дэвжээнд муу тамирчин хүч сорьдоггүй юм. Миний хувьд өрсөлдөгчдөө боломж олгодоггүй, дайрч гаргадаг. Тэр барилдаанаа хийж ялсан даа.
-Тэр өдрөөс хойш өсвөрийн дэлхийн аварга гэж дуудуулах нэг л өөр мэдрэмж төрүүлсэн гэж бодож байна.
-Дэлхийн аварга гэж дуудуулах сайхан л даа. Гэхдээ чи дараагийн тэмцээнд аварга болсон нэр хүндээ өндөрт өргөж явахыг хичээнэ шүү гэсэн үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан.
-Хойшдоо кураш, жүдо, самбо бөхийн тэмцээнд оролцох уу, эсвэл сүмогоор дагнах уу?
-Миний хувьд тэмцээнд байнга оролцоод байдаггүй ч бэлтгэлээ бол таслахгүй хийдэг. Хойшид бөхийн төрлүүдээс сүмогоор дагнана.