"Чингис хаан" музей байгуулах Засгийн газрын 280-р тогтоол 2019 онд гарсан. Энэ тогтоолын дагуу Чингис хаан хаад язгууртны музейг Монгол Улсад байгуулж, өндөр үүдээ нээсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо. Чингис хааны төрсөн, эзэнт гүрнээ байгуулсан уугуул нутагт түүний дээдсийн болон хойчсын өв соёл, үлдээсэн өв, дэлхийг түүхэнд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох, сурталчлах судлах, танин мэдэх, олон түмэнд түгээх үүднээс эл "Чингис хаан" музейг байгуулж буй. Музей 20.5 ам.метр талбайтай, нийт талбайн хэмжээгээрээ Ази тивдээ дээгүүрт орно гэдгийг өчигдөр тус музейн удирдлага онцолсон. Нээлтийн ёслолд зориулж, есөн хөлт цагаан тугийг залсан юм. Эл музей 11 000 үзмэртэй. Үзмэрүүдийн 93 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь 10 улсын номын сан, музейн архив дахь эд өлгийн зүйлсийн хуулбар уран бүтээл аж. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин том хүн 30 000, гэр бүлээрээ үзвэл 20 000, оюутан 15 000 төгрөгөөр үзэх боломжтой. Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ.
Музейд
- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.