Төр аливаа зах зээл, салбарыг татварын бодлогоор дэмжиж хөгжүүлэх нь бий. Засгийн газар дотоодын бараа, бүтээгдэхүүнийхээ зах зээлийг ийм бодлогоор хамгаалж болно. Ихэнх тохиолдолд ижил төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг нэмж, дотоодын зах зээлээ хамгаалдаг. Тэгвэл тухайн зах зээл, салбарт татварын хөнгөлөлт үзүүлж хөгжлийг нь дэмжих нь бий. Хөрөнгийн зах зээлийнхэн, мэдээллийн технологийн гарааны компаниуд татварын хөнгөлөлт үзүүлэх хүсэлтээ Засгийн газарт удаа дараа хүргэж байв. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг МҮХАҮТ-аас нэг бус удаа гаргаж байлаа. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нарийн ногооны тариалалт, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөх ёстой гэж зарим эдийн засагч үздэг байв. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх хөшүүрэг болох юм. Засгийн газраас 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа дээрх салбаруудад татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь олны талархлыг хүлээж байна.
Засгийн газраас нээлттэй хувьцаат компанийн ногдол ашгийн татварыг таван хувь болгон бууруулах төсөл боловсруулжээ. Гэхдээ ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нээлттэй хувьцаат компанийн ногдол ашгийн татварын хувь, хэмжээг хэвээр үлдээх юм байна. Товчхондоо, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг нээлттэй компани хувьцааны ногдол ашиг тараавал үнийн дүнгээс нь дотоодын иргэн, аж ахуйн нэгжид 10, гадаадынхад 20 хувиар тооцож татвар хураана гэсэн үг. Харин бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг нээлттэй хувьцаат компани ногдол ашиг тараавал гадаад, дотоодынх гэж ялгахгүйгээр таван хувийн татвар хураах юм байна. Гадаадын хөрөнгө оруулагчид “Танай улс яагаад биднээс өндөр татвар хураадаг юм бэ” гэж байнга асуудгийг брокерууд дуулгаж байв. Засгийн газар уул уурхайн бус салбарт тэднээс ногдол ашгийн өндөр татвар хураахгүй байх санал гаргасан нь энэ.
Уул уурхайн компаниуд өндөр дүнтэй ногдол ашиг тараадаг. Жишээ нь, коксжих нүүрс экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани 2020 оны цэвэр ашгаасаа 154 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан удаатай. Мөн “Тавантолгой” компани хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээдэг уламжлалтай. Тиймээс Засгийн газар уул уурхайн компанийн ногдол ашгийн татвараас төсөвт төвлөрүүлэх орлогыг хэвээр байлгах бодлого баримталсан бололтой. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээллээр 33 хувьцаат компани өнгөрсөн оны цэвэр ашгаас нийт 101.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг тараагаагүй. Тэгэхээр уул уурхайн бус компаниудын ногдол ашгийн татвараар улсын төсөвт жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэж төсөөлж болох нь. Ногдол ашгийн татварын бодлогыг өөрчилснөөр төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг болгоно гэсэн үг. Ногдол ашгийн татварыг таван хувь болгож бууруулснаар иргэд, аж ахуйн нэгжийн хувьцаа худалдаж авах сонирхол нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь татварыг бууруулахын хэрээр иргэдийн хүртэх өгөөж өсөх юм. Иргэд, аж ахуйн нэгжийн хүртэх өгөөжийг өсгөж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нь төсөвт таван тэрбум төгрөг илүү төвлөрүүлснээс хэдэн дахин өндөр үр өгөөж эдийн засагт оруулж мэднэ.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас бүрэн чөлөөлөх төсөл боловсруулаад байна. Хөрөнгө оруулалтын сан эзэмшиж буй үнэт цаасаа өөр нэгэнд зарлаа гэхэд олсон орлогоос нь 10 хувийн татвар хураах хуулийн заалт одоо үйлчилж буй. Сангийн менежер 100 сая төгрөгөөр үнэлэгдэх хувьцаа худалдах шийдвэр гаргалаа гэж бодъё. Тэгвэл орлогоос нь 10 сая төгрөгийг нь татвар хураана гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдан явуулдаг. Хөрөнгө оруулалтын менежментийн компани мөн орлогын албан татвар 10 хувиар тооцож төлөх хуультай. Энэ нь орлогын албан татварыг давхардуулж авч буй зохицуулалт юм. Тиймээс хөрөнгө оруулалтын сангийн орлогоос татвар хураахыг зогсоохыг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд шаардсаар ирсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан ч төдийлөн хөгжихгүй байгаа нь татварын давхардалтай холбоотой гэж үзэх шинжээч ч бий. Сангийн орлогоос татвар хураасан практик одоогоор гараагүй гэнэ. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж, тоглоомын дүрмийг нь дэлхийн жишигт нийцүүлэн, тодорхой болгох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзсээр байна.
Мөн Засгийн газар хөрөнгийн зах зээлийг дэмжсэн өөр нэгэн санал гаргасан нь компани хувьцаагаа анх удаа олон нийтэд арилжихад гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцох юм. Компани IPO гаргахдаа 100 сая төгрөгийн зардал гаргалаа гэж тооцъё. Тэгвэл 120 сая төгрөгийн зардал гаргасан гэж тооцох нь байна. Татварын тайлан гаргахад хасагдах зардал гэсэн ойлголт бий. Олсон орлогоосоо гаргасан зарим зардлаа хасаад илүү гарснаас нь орлогын албан татвар төлдөг. IPO хийхдээ гаргасан мөнгөө 20 хувиар нэмж, хасагдах зардалд тооцуулбал, бага дүнгээс орлогын албан татвар төлөх нь дамжиггүй. Энэ нь компаниудыг олон нийтийнх болгож, хөрөнгийн зах зээлд гаргах хөшүүрэг гэнэ. Ямартай ч хувьцаат компани болоход багагүй дэмжлэг болох нь дамжиггүй. Гэхдээ эхний хоёр санаачилга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэж төсөөлж байна.
Мэдээллийн технологийн компаниудын гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татвар одоо 20 хувь байгаа. IT компаниуд гадаад руу 1000 ам.доллар шилжүүлбэл 200-г нь суутган татварт хураана гэсэн үг. Үүнийг дөрөв дахин бууруулж, таван хувь болгох санал гаргажээ. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, цахим хэрэглээ нэмэгдсээр байна. Программ хангамж боловсруулдаг, хөгжүүлдэг компаниуд үйл ажиллагаандаа бусдын программ хангамжийн эрхийг ашигладаг. Үүний төлөө шимтгэл төлөх учиртай. Мөн гадаадын сервер түрээслэх нь бий. Мэдээллийн технологийн компаниуд программ хангамжийн эрхийн шимтгэл, түрээсийн төлбөрт ихээхэн “ногоон” гадаад руу шилжүүлдэг болсон. Татварыг нь бууруулснаар мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлэлтийн зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Мэдээллийн технологи хөгжих нь манай улсын эдийн засаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ нь гэдэгтэй хэн маргахгүй биз.
Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацаанд бүрэн чөлөөлдөг байсан. Тэгвэл үүнийг таван жил болгон хугацааг нь уртасгах санал гаргаад байгаа юм. Гарааны компанийн үйл ажиллагаа таван жил болоод тогтворждогийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс татвараас чөлөөлөх хугацааг тогтворжих хугацаатай нийлүүлж буй хэрэг гэнэ. Хэрэв тогтворжиж амжаагүй байхад нь татвараар дарамталбал хөл дээр зогсож чадахгүй сөхрөөд уначихаж мэднэ. Аль салбарын гарааны компанийг татвараас чөлөөлөх нь сонирхол татах нь мэдээж. Инновацын тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулж буй гарааны компанийг татвараас чөлөөлнө гэж тодорхой заажээ. Одоогоор мэдээллийн технологийн гарааны компаниуд л инновац нэвтрүүлж буй. Тэгэхээр мэдээллийн технологийнхонд татварын нэлээд хөнгөлөлт эдлүүлж, дэмжих бололтой.
Засгийн газраас санаачилсан төвлөрлийг сааруулах зорилготой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ өнгөрсөн хавар баталсан. Уг хуулийг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш гурав жилд 90, дараагийн гурван жилд 50 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Түүнчлэн нийслэл хотоос орон нутагт руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, хөдөө шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгож, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан юм.
Үүнээс гадна УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хавсралтад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжихээр тусгасан. Мөн хүнсний сав баглаа, боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан билээ. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас 2027 он хүртэл чөлөөлөх санал гаргаад байна. Тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж импортоллоо гэж бодъё. Тэгвэл 100 сая төгрөгийн татвараас чөлөөгдөх нь байна. Тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх нь хэзээд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого байдаг билээ. Татварын хөнгөлөлтөөс хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологи, инновац, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг хүлээх нь ээ.