Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
СУУРЬ АГУУЛГА
Дэлхийн II дайн нацист Германы ялагдлаар төгсөв. Үүний дараа дэлхий дахин геополитикийн хоёр туйлт дэг журамд шилжлээ. Дэлхийн II дайнд АНУ, ЗХУ холбоотон байсан хэдий ч дайны төгсгөлд Хирошима, Нагасаки хотод хэрэглэсэн цөмийн бөмбөгийн хүч чадал Оросын талыг цочроосон юм. Хүчний тэнцвэр АНУ-ын талд хэлбийснийг ЗХУ олж харсан хэрэг. АНУ капиталист, харин ЗХУ коммунист гэх улс төрийн огт өөр тогтолцоотой байсан учир энэхүү үзэл суртлын зөрүү аажимдаа хүчний хоёр туйл үүсгэн, дэлхий дахины улс төр хүйтэн дайны байдалд шилжин үргэлжлэв.
45 жил үргэлжилсэн хүйтэн дайны өдрүүдэд зэвсэглэлээр уралдах, прокси дайн буюу зөрчил мөргөлдөөнийг далдуур санхүүжүүлж дэмжих, бүс нутаг болон олон улсын хэмжээнд үзэл суртлын ноёрхлоо тогтоох зорилготой өрсөлдөөн өрнөж байв. Гэхдээ 1989 оны арваннэгдүгээр сард Берлиний хана нуран унахад хүйтэн дайнд ЗХУ-ын тал ялагдсан нь тодорхой болж, дэлхий дахин нэг туйл давамгай дэг журамд аажмаар шилжих эхлэл тавигдав.
Тухайн үед бүтээмжгүй болсон, хатуу зохицуулалттай эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх зорилготой ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевын “перестройка” буюу өөрчлөн байгуулалт гэх бодлого эдийн засгийн тэнцвэрээ алдагдуулсан. Харин нөгөө талаас “гласность” буюу ил тод байдал хэмээх Засгийн газрын удирдлагыг өрсөлдөх чадвартай, нээлттэй болгох шинэчлэлийн бодлого нь улс төрийн орон зай үүсгэж, улс төрийн болон хувийн эрх чөлөөний боломжийг олж харах дам нөлөө үзүүлснээр Польшоос эхлэн Чехословак, Унгар зэрэг Зүүн Европын орнуудад ардчилсан хувьсгал ээлжлэн гарав.
Хүйтэн дайны дараах дэлхий ертөнцөд АНУ өөрийн бодлогоо түлхүү хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрчээ. Пакс-Американа буюу АНУ-ын тэргүүлэх барууны ертөнцийн давамгай байдал 2008 оны санхүүгийн хямрал хүртэл зогсолтгүй үргэлжилсэн гэхэд болно. Дэлхий дахины санхүү, эдийн засгийн ертөнцийг бүхэлд нь донсолгосон энэхүү хямрал хэт ашиг хөөцөлдсөн орон сууцын салбарт үнийн хөөс хагарснаас үүдсэн бөгөөд 1929 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн гүнзгий, өргөн хүрээг хамарсан тохиолдол юм. Үргэлжлээд Грекийн төсвийн хямралаар өдөөгдсөн Европын өрийн хямрал 2009-2011 он хүртэл дамнасан билээ. Эдгээр хямрал нь бүтцийн шок үүсгэсэн юм. Санхүү, эдийн засгаар хүчирхэг тал дэг журмаа тогтоож ирсэн нь түүхийн бодит үнэн билээ.
УРГАН ГАРСАН АСУУЛТУУД
Том зургаар нь харвал 2008 оны санхүүгийн хямрал олон улсад хоёр асуултыг гаргаж тавив. Нэгдүгээрт, дэлхийн баялаг болон хүчний төв өрнөдөөс дорнодод хүчтэй шилжиж эхэлсэн үү, хоёрдугаарт, барууны тэргүүлэх байр суурь ганхаж байна уу гэж.
Харин 2008 оны санхүүгийн хямралыг цорын ганц улс маш амжилттай давсан нь Хятад байлаа. Санхүүгийн хямрал гүнзгийрэхээс урьтан зөвхөн 2007 онд гэхэд Хятад улс арилжааны банкуудынхаа заавал байлгах нөөцийн хэмжээг арав, хадгаламж болон зээлийн жишиг хүүг зургаан удаа нэмэв. 2008 онд буюу ид хямралын үед Хятадын Төрийн зөвлөлөөс хүчтэй зохицуулалт хийж, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг дөрөв, хадгаламж болон жишиг хүүгийн түвшнийг таван удаа өсгөлөө. Хатуу зохицуулалтаар маш их хэмжээний хөрөнгийг зах зээлд цутгаж, үр дүнд нь Хятадын компаниудад зээлийн хомсдол огт үүсээгүй байна. Улмаар тус улсын санхүүгийн салбарын хөрвөх чадвар хадгалагдаж, эдийн засаг нь 2009 оны хоёрдугаар улирлаас эхлэн өсөж, мөн оны эцэст гэхэд 8.7, 2010 онд 10.4 хувиар тэлэв. Хэвийн үед Хятадын эдийн засаг жилд дунджаар 6.5 хувиар өсдөгтэй харьцуулбал энэ нь асар өндөр үзүүлэлт. Яг энэ хямралын үед бүс нутгийн дунджаас харахад Ази тивийн хэмжээнд эдийн засаг 15 хувиар агшсан байдаг.
Санхүүгийн хямрал дөрвөн жил үргэлжилсний эцэст 2012 оноос хэвийн болж эхэлсэн гэхэд болно. Харин энэ хямралаас Хятад улс эдийн засгийн хувьд ялагч болон гарч ирсэн гэлтэй. Хэдийгээр АНУ-ын нөлөө дэлхий дахинд хүчтэй хэвээр буй ч өмнө нь тулгарсан геополитикийн хамгийн гол асуудал нь хүчний шилжилт болов. Эдийн засаг, гадаад бодлого, цэрэг арми, аж үйлдвэр, технологийн хүчин чадлаар АНУ-тай бүрэн өрсөлдөхүйц байж болох хэмжээнд хүрсэн цорын ганц улс Хятад байлаа.
Макро орчны ийм үед 2014 оны хоёрдугаар сард Крымийг ОХУ өөртөө нэгтгэснээр геополитикийн цоо шинэ нөхцөл байдал үүсэв. Түүхийн үүднээс авч үзвэл Украин нь Оросын эзэнт гүрэнтэй зайлшгүй холбогддог. (Орчин цагийн Оросын төрт ёс дундад зууны Киев хот, Киевийн русуудаас эхлэлтэй гэж түүхчид үздэг). 1991 оны наймдугаар сард Украин нь ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2008 оны долдугаар сард Европын Холбоонд гишүүнээр элсэх бодитой алхам хийж, Украин-Европын Холбооны нэгдлийн гэрээний хэлэлцээг эхлүүлсэн байдаг. Гэтэл 2011 оны арваннэгдүгээр сард Украины тухайн үеийн Ерөнхийлөгч Виктор Янукович Европын Холбоотой хийх нэгдлийн гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зогсоож, ОХУ-ын байгуулсан Гаалийн нэгдсэн холбоотой ойртох хувилбарыг санал болгосноор өргөн хүрээний бослого, хөдөлгөөн дэгдэж, улмаар тэрбээр дүрвэхэд хүрч байлаа. Магадгүй Украины ард иргэд өөрсдийн хөгжлөө Европтой илүү ойрхон харж эхэлсэн байх талтай. 2014 оны есдүгээр сард Украины парламент Европын Холбооны гэрээг соёрхон баталсан байдаг. Эндээс үзвэл түүхэн ижилсэл ихтэй, хаяа залган орших Украин улсын Европ руу ойртох эрмэлзэл, НАТО-д гишүүнээр элсэх хүсэл зэрэг нь түүхийн төдийгүй үндэстний сэтгэлгээ, аюулгүй байдал, геополитикийн үүднээс Оросын талд маш хүндээр туссан байх талтай. Энэ бол Украинтай холбоотой улс төрийн зөрчил, цаашдын өрнөлийн суурь агуулга бөгөөд Крымийн хариу болгон ОХУ-ын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээ огт цуцлагдаагүй байсаар одоо хүртэл үргэлжилж буй. Нийт экспортынх нь 40 хувийг зөвхөн газрын тос бүрдүүлдэг гээд харвал хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт том цохилт болж байна. Эдгээр нь ДНБ-ий өсөлтөөс нь жилд дунджаар 6-30 хувийг доош чангаахаар байна.
ХОЛБООС ХАРАХ НЬ
АНУ, Оросын харилцаа хөрөхтэй зэрэгцэн Хятадын эдийн засаг, технологийн байдал эрс сайжирсан нь АНУ-д тулгарсан үндсэн өргийн хүндрэлтэй асуудлыг улам бүр төвөгтэй болгож буйг холбон ажиглах нь зүйтэй. Орос, Хятадыг оролцуулаад Евразийн бүс нутаг нь газар зүй, хүн ам зүй, байгалийн баялаг гээд олон хүчин зүйлээр давуу өгөгдөлтэй. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас үүдэн АНУ-ын улс төр, батлан хамгаалах болон гадаад бодлогын цөм Ойрхи Дорнод руу шилжээд байсныг Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны үед буцаан өөрчлөхөөс аргагүй байдалд орсон байдаг. Улмаар Ази, Номхон далайн бүсэд оролцоогоо нэмэгдүүлж, нөлөөгөө бэхжүүлэх үүднээс АНУ дахин тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлж эхлэв.
Геополитикийн хүндийн төв өөрчлөгдсөнөөр, жишээ нь, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Номхон болон Атлантын далайд 50/50 хувийн харьцаатай байрлаж байсныг 60/40 болгохоор шийдэв. Дэлхийн нийт экспортын урсгалын 42, импортын 38 хувь нь Ази, Номхон далайн бүс нутгаар дамжин өнгөрч буй стратегийн өндөр ач холбогдолтой бүсэд нөлөөгөө барих бодлого чухал шаардлагатай болсон гэлтэй.
Одоогийн АНУ, Хятадын худалдааны дайн Дональд Трамп төрийн эрх барьж байх үед буюу 2018 оны долдугаар сард эхэлсэн нь тухайн үеийн засаг захиргааны онцлох бодлого гэхээс илүүтэй АНУ-ын төрийн хар хайрцагны бодлого гэж үзэх нь оновчтой. Түүнээс эрс ялгаатай Жо Байден сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч болсон ч бодлого өөрчлөгдөөгүй, худалдааны дайн үргэлжилсэн нь Хятадын талаар баримтлах зөвшилцөл АНУ-ын дотоодод тогтсоныг илэрхийлнэ.
АНУ, Хятадын одоогийн гадаад харилцаа, худалдаа, батлан хамгаалах бодлого бүгд хүчний хуваарилалт өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдлыг тусгаж байна. 2015 онд Обамагийн засаг захиргаа “Үндэсний цэргийн стратеги”-иа өөрчиллөө. Энэхүү стратеги нь 2017 онд Трампын засаг захиргааны баталсан “Үндэсний аюулгүй байдлын стратеги”, 2018 онд баталсан “Үндэсний батлан хамгаалах стратеги”-ийн гол суурь баримт бичиг болов. Мөн түүнийг даган бүтцээ өөрчилж, төсвөө хуваарилж эхэлжээ.
Бүс нутагт нөлөөгөө тогтоон барих нь АНУ-ын гол зорилго хэвээр. Одоогийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээлэл, бүс нутагт үүсэж байгаа олон янзын хувилбартай гадаад бодлогын маневрыг үүгээр тайлбарлаж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй цахимаар уулзахдаа “Хоёр орныг удирдаж буй та, бид хоёрын үүрэг хариуцлага бол АНУ, Хятадын өрсөлдөөний улмаас хүссэн болон эс хүссэн мөргөлдөөн үүсгэхгүй байх юм гэж бодож байна. Маш энгийнээр бол цэвэр өрсөлдөөн юм” гэж хэлсэн байдаг. Энэ бол АНУ-ын байр суурийн албан ёсны томьёолол. Гэхдээ Жо Байдены гаргаж ирсэн гэхээс илүүтэй 2018 оны “Үндэсний батлан хамгаалах стратеги”-д орсон “стратегийн өрсөлдөөн” гэх томьёолол юм.
Ийнхүү стратегийн өрсөлдөөний нөлөө шууд болон шууд бусаар олон улсын гадаад харилцаа, геополитикийн сэдвүүдээр илрэн гарч буйг анхааралтай ажиглаж болно.
Үргэлжлэл бий.