Монгол Улс эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй. Газар зүйн байрлалаар Төв аймгийн зүүн урдаас Сүхбаатар хүртэл эрчим хүчний нүүрсний хэд хэдэн том бассейн байдаг гэж геологичид ярьдаг. Энэ бүсээс гадна Дорноговь, Дорнод аймагт ч эрчим хүчний нүүрсний томоохон ордуудыг нээгээд байна. Баримт сөхвөл 15 сав газарт 300 ордын илэрц бий агаад нүүрсний геологийн таамаг нөөц нь 173.3 тэрбум тонн хүрдэг. Одоогоор баталгаажсан нөөц нь 37.4 тэрбум тонн аж. Эрчим хүчний нүүрсийг чулуун болон хүрэн гэж ангилдаг. Хүрэн нүүрсний баталгаажсан нөөц 20 тэрбум тоннд хүрчээ. Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн мэдээллээр манай улс 2018-2021 онд жилд дунджаар 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон байв. 2018 онд 5.1 сая тонныг экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Үүнээс гадна жилд 10 орчим сая тонн нүүрс олборлож, зүүн болон төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудад нийлүүлдэг. Арвин нөөцтэй, эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нь нэмэгдүүлбэл чамгүй ашиг олох боломж манайд бий.
Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний “Биг могул фанд” компанийнхан жилд дээд тал нь 30 сая тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-д худалдаж, хоёр тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоолол хийжээ. Гэхдээ эл төслөө хоёр дахин бууруулж, жилд 15 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолж, нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой хэмээн уул уурхайн салбарынханд танилцуулж буй юм. Мөн эрчим хүчний нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, БНХАУ руу оргил үедээ жилд 30 сая кВт цаг эрчим хүчийг нэг кВт цагийг нь 10 центээр нийлүүлэн, гурван тэрбум “ногоон” олох боломжтой гэсэн төсөөлөл хийсэн юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Хилийн боомтуудтай ойр, тээврийн зардлаа даах боломжтой уурхайнуудын нөөц, олборлолтын хэмжээг тооцож үзэхэд жилд 30 сая тонн эрчим хүчний нүүрс экспортлох боломж харагддаг. Манай эрчим хүчний нүүрсний үнэ хямд учраас худалдаж авах сонирхлоо хятадууд байнга илэрхийлж байна. Монголын уурхайнууд, Хятадын худалдан авагчид шилний цаана, наанаас бие бие харж байгаа юм шиг дүр зурагтай болсон. “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Засгийн газар БНХАУ-ын талтай эрчим хүчний нүүрс их хэмжээгээр нийлүүлэх худалдааны хэлэлцээр хийчихвэл экспортын хаалга нээгдэнэ гэж бодож байна” гэв.
Өдгөө төрийн болон орон нутгийн өмчит долоон компани найман уурхайд ажиллаж буй. Мөн дотоодын болон хамтарсан 28 аж ахуйн нэгж 33 уурхайд ажилладаг. Түүнчлэн гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай долоон компани найман уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статистик бий. Эрчим хүчний нүүрсний эдгээр 39 уурхай тус бүр хайгуулд дунджаар 15, үйл ажиллагааны зардалд гурван сая ам.доллар зарцуулсан гэж “Биг могул фанд” компанийнхан тооцжээ. Ингэхээр уурхайгаа хөгжүүлсэн нийт зардал нь дунджаар 18 сая ам.доллар болж байна. Эрчим хүчний нүүрсний дийлэнх уурхай борлуулалт хийхгүй байгаа. Тиймээс нийт 702 сая ам.доллар “царцсан” гэж тэд үзэж буй юм. Хэрэв эрчим хүчний нүүрсний экспортын хаалгыг нээвэл “царцсан” хөрөнгө үр өгөөжөө өгч эхлэх нь ойлгомжтой.
Тус компанийнхан Дорноговийн Замын-Үүдийн боомтоор найман уурхай жилд гурав, Хангиар таван уурхай хоёр, Сүхбаатарын Бичигтээр зургаан уурхай мөн хоёр сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж тооцжээ. Тэгвэл Өмнөговийн Гашуунсухайтаар зургаан уурхай гурав, Шивээхүрэнгээр таван уурхай нэг, Дорнодын Хавиргаар дөрвөн уурхай хоёр, Говь-Алтайн Бургастайгаар таван уурхай хоёр сая тонн нүүрс экспортлох боломжтой гэнэ. Ингэхэд жилд нийт 15 сая тонн нүүрс экспортлох юм байна. Энэ бол өнөөгийн нөөц боломжийг хоёр дахин бууруулж, “дарсан” тооцоолол гэдгийг дахин сануулъя. Ийм хэмжээний эрчим хүчний нүүрс экспортлохын тулд боомт бүр өдөрт зөвхөн эрчим хүчний нүүрс ачсан 160-200 автомашин нэвтрүүлэх шаардлагатай аж. Долоон боомтоор өдөрт эрчим хүчний нүүрс ачсан 1120 автомашин нэвтрүүлж, тонн тутмыг нь хил дээр 66 ам.доллароор борлуулж чадвал нэг тэрбум ам.долларын орлого олох юм байна. Уурхайнуудад нүүрс борлуулах үнээс илүү худалдан авагч нь урт хугацаанд хамтран ажиллах, нийлүүлэх нүүрсний хэмжээ нь тогтвортой байх нь чухал байдаг гэнэ. Нийт 39 уурхай эрчим хүчний нүүрс экспортолж эхэлбэл 14 мянга орчим ажлын байр бий болох аж.
Хэрэв эрчим хүчний нүүрсээ экспортолж эхлэхийг хүсвэл Засгийн газар юуны түрүүнд боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болох нь. Тэгэхээр “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх өргөтгөл, шинэчлэлдээ эрчим хүчний нүүрс экспортлох боломжоо давхар тооцоолж байх хэрэгтэй юм санж. Дараа нь хятадуудтай хэлэлцээр хийх учиртай. Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр хийж, өмнөд хөршид жилд 30 биш юм гэхэд, 15 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг болчихвол манай эдийн засагт тустай нь дамжиггүй. Нэг тэрбум ам.долларын орлого гэдэг бол жижиг эдийн засагтай манай улсад “том мөнгө”. Өмнөд хөрш жилд 3.2 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэглэдэг. Тохиролцож чадвал Монголоос 30 сая тонн нүүрс худалдаж авах нь тэдэнд түүртэх ажил биш билээ.
БНХАУ-ын төр, засгаас Монгол Улсаас эрчим хүч худалдаж авбал Хэбэй мужийн эрчим хүчний системд холбох цэг тогтоосон. Энэ нь урд хөрш манай улсаас эрчим хүч импортлох сонирхолтой байгааг илэрхийлдэг юм. Жилд 30 сая кВт цаг эрчим хүчийг нэг кВт цагийг нь 10 центээр борлуулж, гурван тэрбум ам.доллар олох боломж хэрхэн үүсэж буйг тодруулъя. Шивээ-Овоогийн цахилгаан станцыг жилд 700, Чандганыхыг 600, Цайдам нуурынхыг 600, Бөөрөлжүүтийнхийг 600, Багануурынхыг 700, Тэвшийн говийнхийг 600, Эрдэнэцогтынхыг 600 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Эдгээр станцыг ашиглалтад оруулбал нийт 4800 МВт хүчин чадал бүрдэх юм. Станцууд байгуулах нийт хөрөнгө оруулалтын зардал нь 7.4 тэрбум ам.долларт хүрэх гэнэ. Дээрх станцуудыг түшиглэн барих уурхайнуудын нүүрсний нийт батлагдсан нөөц 5.7 тэрбум тонн аж. Жилд 26.4 сая тонн нүүрс олборлож, станцуудыг ашиглуулан эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гаргажээ.
Эл санаачилгыг хэрэгжүүлэх “амин сүнс” нь Монголын Засгийн газар Хятадын төрийн өмчит компанитай хамтран өндөр хүчин чадалтай дамжуулах шугам татах юм. Тодруулбал, хоёр тал хамтран эрчим хүч экспортлогч холдинг компани байгуулан 800 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг Монголоос Хятадын Хэбэй муж руу татах хэрэгтэй гэж “Биг могул фанд”-ынхан үзэж байна. Дамжуулах шугам эзэмшигч хамтарсан компани нь эрчим хүч экспортолно, нүүрсний уурхай түшиглэн байгуулсан цахилгаан станцууд нийлүүлнэ. Ийм байдлаар эрчим хүчний нүүрсээ ашиглаж орлого олох нэг суваг ажиллах дүр зураг гаргажээ. Уурхай хөгжүүлэх, станц барих хугацааг 3-4 жил гэж тооцоолсон байна. Энэ санаачилгыг ажил хэрэг болгох бодлогыг одооноос хэрэгжүүлж, хятадуудтай тохиролцоонд хүрч чадвал 5-6 жилийн дараа манай улсын экспортын орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх нөхцөл бүрдэх нь.