Сербийн Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнгөрсөн сард болоход Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баттулга нарын удирдлагад 20 тамирчин өрсөлдөж, таван медальтай ирсний нэг нь ОУХМ З.Занабазар. Тэрбээр энэ удаа хүрэл медаль хүртэж, шигшээ багийнхантайгаа Дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон. Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Улаанбаатарт хөл тавьсан түүнд 2013 он аз, амжилт далласан жил байв. Тэр жилийн хавар эх орондоо зохион байгуулсан өсвөр үеийнхний Азийн АШТ-ий 54 кг-д түрүүлэн, Сербийн Сержанин хотыг зорьж өсвөр үеийнхний дэлхийн аваргаас хүрэл медаль зүүсэн юм. Үүний дараахан насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2017 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн АШТ-ээс мөнгө, 2018 онд Владимир Семеновын нэрэмжит “Угра кап” ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн Нефтеюганск хотод болсон 15 дахь удаагийн тэмцээнээс хүрэл медаль гардсан билээ. “Хилчин” спорт хороогоор овоглож, дэлхийн медальтан болсон түүнтэй ярилцлаа.
-Та Серби улсыг хоёр ч удаа зорилоо. Тэндээс өмнө нь медальтай ирсэн болохоор энэ удаа ч гэсэн шагналын тавцанд зогсох итгэл дүүрэн байв уу?
-Өсвөр үеийн тамирчин байхдаа Сербийн Сержанин хотод болсон ДАШТ-д анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэн тул энэ удаа ч гэсэн шагнал гардах зорилготой очсон. Хилийн дээс алхахын өмнө жиндээ таарах бөхчүүдийг чамгүй судалж, тэр хэрээр бие, сэтгэл зүйгээ бэлдсэн. Тэндхийн дэвжээ Монголын тамирчдад ээлтэй санагддаг. Бид энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөж, таван медальтай ирж, бөхийн хорхойтнуудыг баярлууллаа.
-Дэлхийн дэвжээнд шилдгүүд л зодоглодог. Энэ удаагийн сугалаанд хүндхэн учраануудтай таарсан байдаг шүү.
-Тэнд олонд танигдсан бөхчүүдтэй гар зөрүүлэх амар байгаагүй. Эхлээд Канадын тамирчин, Пан Америкийн аварга Дарте Капелланыг 5:1, дараагийн тойрогт Туркийн Мухамет Каравушийг 8:1-ээр цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт АНУ-ын тамирчин, 2021 оны дэлхийн аварга Томас Гилмантай таарсан юм. Түүнтэй хэрхэн барилдах талаар багштайгаа зөвлөлдөж, судалгаа хийсэн ч дэвжээнд төлөвлөснөө бүрэн гаргаж чадалгүй хожигдсон. Дагах барилдаанд Австралийн легионер Якутын бөх Георгий Окороковыг илүүрхэн, хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ванхао Жоуг буулган авч шагналын тавцанд зогссон. Азиас өмнөд хөршийнхөн хөнгөн, хүнд жинд сайн барилддаг. Надтай таарсан бөхчүүдээс хамгийн хүчтэй нь тэр байлаа.
-Ванхао Жоуг ялбал медальтай, ялагдвал хоосон буцах тул танд тэр үед заавал ялах ёстой гэх бодол хамгийн их төрсөн байх.
-Тийм ээ. Тэр барилдаанаас миний амжилт, чансаа, хувь заяа минь шийдэгдэх тул өөрийгөө бүх талаар дайчилсан. Тэмцээний үед хамгийн их түшиг тулгуур болдог хүн бол багш байдаг. Барилдаанаас барилдааны хооронд сэтгэл зүй тогтворгүй болж байсныг Б.Баттулга багш ажигласан тул надтай сайн ажилласан. Шагналын тавцанд зогсож байхдаа хүрэл медаль надаас маш их хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл гаргуулсны эцэст үнэ цэнтэй ирснийг ойлгосон. Туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж, нутгаасаа чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ээс медаль гардсан анхны тамирчин боллоо. Ганцаараа зүтгээд алдрын оргилд гарсан тамирчин байдаггүй юм. Би чөлөөт бөхөд хөл тавиад дасгалжуулагч Ц.Гантөгс, И.Моломжамц нарын удирдлагад хичээллэж, спортын замналаа эхлүүлж байв. Амжилтаас атгаснаа багш нарынхаа хөдөлмөр, хичээл зүтгэлтэй холбож ойлгодог. Сербийг зорихын өмнө нутгийнхан минь дэмжиж, сайхан сэтгэлээр тусалсан. Тэднийхээ ач тус, итгэл найдварыг амжилтаар хариулсандаа баяртай байна. Үндэсний шигшээ багийнхан АНУ-ын Хавай муж улсад арванхоёрдугаар сарын 10-нд эхлэх Дэлхийн цомд оролцохоор боллоо. Тус тэмцээнд өрсөлдөх эрх аваагүй Белградаас гонсгор буцсан олон тамирчин бий. Манай эрэгтэйчүүд багийн дүнгээр III байрт шалгарах магадлалтай байсан ч Японы тамирчдаас хоёр оноо дутаж, шагналт IV байр эзэлсэн. Дэлхийн цомын тэмцээнд ДАШТ-д амжилттай өрсөлдсөн шилдэг зургаан баг оролцдог. Бид түүхэнд бичигдэх амжилтыг Америкийн дэвжээнд гаргахаар зорьж байгаа. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн тул шигшээгийнхэн тэндээс ирээд бэлтгэлдээ шаргуу орсон шүү.
-Тамирчид өрсөлдөгчөө судлахгүйгээр амжилт гаргадаггүй. Тантай барилдсан бөхчүүдээс хэн олон зүйлийг ойлгуулж, ухааруулав?
-Ямар ч тэмцээнд оролцсон өрсөлдөгчдийнхөө давуу талыг олж харахыг боддог. Эхний тойрогт надад ялагдсан Пан Америкийн аварга Дарте Капелланаас суралцах зүйл олон байлаа. Миний хувьд зүүн золгож барилддаг, тонгорч, тохой сөхөж хөл авдаг. Бид хойшид олон тэмцээнд таарах байх. Би хүүхэд байхдаа үндэсний бөхөөр барилдаж, чөлөөтөөр хичээллэх сууриа тавьсан. Манай удамд бөхчүүд бий. Авга ах аймгийн заан цолтой. Аав минь залуудаа барилддаг байсан тул нутгаасаа их спортын тамирчин бэлтгэе гэж дүү бид хоёрыг чөлөөт бөхөөр хичээллүүлсэн юм. Дүүг минь З.Сумъяабазар гэдэг. Өсвөр үеийнхний ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Одоо насанд хүрэгчдийн ангилалд 74 кг-д барилддаг, УАШТ-д хоёр түрүүлсэн амжилттай. Гэрийнхэн минь биднийг дэвжээнд гарсан цагаас тууштай дэмжиж, амжилт гаргах бүрт ар тал минь болж ирлээ. Би медалийн төлөөх барилдааны өмнө аавтай холбогдоход “Миний хүү тайван барилдаж, зорьсондоо хүрээрэй. Хүүгийнхээ төлөө нутгийнхаа уул, усанд залбирч, цайныхаа дээжийг өргөлөө” гэж ярихад нь тайвширсан. Аавынхаа олон жил бодсон хүсэл мөрөөдлийг биелүүлж, дэлхийн дэвжээнээс медальтай ирж баярлууллаа.
-Бөх сонирхогчид өнгөрсөн хавар болсон Азийн АШТ-ээс таныг медаль хүртчихээсэй гэж их харсан. Өрсөлдөгчдөө ялах боломж байсан ч барилдаан чинь нэг л болоогүй.
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд хожигдсон. Надад медалиас шүүрэх, бүр түрүүлэх боломж ч байлаа. Тэр тэмцээнээс хойш өөртэйгөө маш их ажиллаж, өдөр бүр зорилгоо бодож хичээсэн. Эх орныхоо дэвжээнээс медаль хүртээгүйгээ хэдэн сар бодож, гонсгор явсан. Өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээсэн ч нэг мэдэхэд бухимдчихдаг байв. Сербийг зорих өдрүүд ойртох тусам тайвширч, анхаарлаа ДАШТ-д хандуулсан. Азийн аваргаас медаль зүүж чадаагүй харамслаа Белградын дэвжээнд тайлж, сэтгэл уужирлаа. Тэнд зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлэхэд нуруун дээрх хүнд ачаагаа аваад хаясан мэт санагдаж байв. Монголд ирээд олноос магтаал их сонслоо. Тамирчин хүн магтаал, шүүмжлэлийг дааж явах ёстой. Сайхан үгэнд бялуурч, хэт баярлаж болохгүй. Тиймээс аль, алийг нь зөвөөр хүлээж авч байна.
-Спортын босго өндөр, сорил нь их. Тэр хэрээр тэсвэр хатуужилтай байхыг шаарддаг. Унаж, боссон өдрүүдэд хэн урам өгч, зоригжуулсан бэ?
-Спортын талбарт хэн их сэтгэл, зүтгэл гаргасан нь амжилтад хүрдэг. Надад шантарсан үе бишгүй бий. Миний хувьд 2018-2019 он хүндхэн жил байв. Тэмцээнд оролцохдоо маш их бэртсэн. Бэртлээ эдгээсэн ч бэлтгэл хийгээд сэдрээчихнэ. Дэвжээнд үлдэх, эсэх нь эргэлзээтэй, сэтгэл зүй хүндхэн, учраа олохгүй нэг хэсэг явахад Гавьяат тамирчин Э.Ням-Очир ах зөвлөж, түшиг тулгуур болсон. Өөртөө амралт өгч, дөрвөн сарын дараа эргэж ирэхдээ амжилтын төлөө тэмүүлсэн. Тийм үед урам өгч, зоригжуулсан гэр бүл, хань, дүүдээ их баярладаг. Тэд минь дэмжиж, туслаагүй бол өнөөгийн энэ амжилтыг гаргахгүй байсан болов уу. Тамирчид “Хожилдлын тоо дуусна” гэж ярьдаг юм. Найзууд “Зориод урагшлахад нэг л өдөр амжилт ирнэ”, аав, авга ах хоёр “Ялагдаа л биз, юунд нь сэтгэлээр унадаг юм. Алдаагаа хойшид давтахгүй байх хэрэгтэй. Аливаа зүйл цаг хугацаатай байдаг. Сэтгэлээ тайван байлгаж, бэлтгэлээ сайн хий” гэж зөвлөдөг байлаа.
-Гэргийг тань чөлөөт бөхийн тамирчин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Танд түшиг тулгуур болж, алдаа, оноог тань зөвлөдөг биз?
-Эхнэрийг минь Г.Мөнхцэцэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат. Нутгийнхаа Э.Одгарав дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, тамирчны гараагаа эхлүүлсэн. Дараа нь “Хасу мега” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийн удирдлагад үргэлжлүүлж, өсвөр үе, залуучуудын улсын аварга, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Хоёр жилийн өмнө чөлөөт бөхөөс зодог тайлж, MGL sport сайтад спортын сэтгүүлчээр ажиллах болсон. Тамирчин хүнийг амжилт гаргахад гэр бүлийнх нь хандлага, хүлээж авах байдал их нөлөөлдөг. Надад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гэртээ тухалсан өдөр ховор. Зорьсондоо хүрэхээр завгүй зүтгэсэн тэр өдрүүдэд эхнэр ар гэрийнхээ бүх ажлыг миний оролцоогүйгээр амжуулж байсан. Намайг тайван бэлтгэл хийлгэж, хэцүү бүхнийг тэвчинэ гэдэг амар биш шүү дээ. Манайх хоёр хүүхэдтэй. Охидоо сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч авах, орой бэлтгэлээс ирэхэд минь халуун хоол, цайтай угтах гээд ар гэрийн завгүй ажлыг хань минь нугалдаг юм.
-Эхнэр тань ээж болоод удаагүй хэрнээ УАШТ-д оролцож, аваргын төлөө барилдаад мөнгөн медаль хүртэж байсныг саналаа.
-Тийм ээ, эхнэрээ насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож, аваргын төлөө 53 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчинтай барилдаж, мөнгөн медаль хүртэхэд нь их баярласан. Бидний хэн нэг нь тэмцээнээс медаль хүртвэл тэр хамгийн сайхан баяр болдог. Би хааяа нэг олддог чөлөөт цагаа гэр бүлдээ зориулахыг хичээж байгаа шүү.
-Охидоо спорт сонирхвол чөлөөт бөхөөр хичээллэх үү?
-Том охин спортод сонирхолтой. Намайг их дэмжинэ. Тэмцээн үзэж суухдаа “Аав аа ялаарай” гээд хашхирна. Бид бөхийн спортын амаргүйг туулсан болохоор охидоо барилдуулахыг нэг их хүсдэггүй. Хэрвээ хичээллэх тэмүүлэлтэй байвал хүсэл, сонирхлыг нь хүндэлнэ.
-“Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тантай нэг жинд олон жил барилдсан. Дэвжээнд байнга таардаг хүчтэй өрсөлдөгч тань 61 кг-д хүч сорьдог болсон байна билээ.
-Бид нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч болж, дэвжээнд медалийн төлөө цөөнгүй таарсан. Спортын талбарт хөл тавьсан цагаасаа л өгөө аваатай урагшиллаа. Э.Бэхбаяр ах энэ жилээс жин өгсөж, 61 кг-д хүч сорих болсон. Түүнтэй дэвжээнд ана мана өрсөлддөг ч энгийн үед сайхан нөхөрлөдөг. Аваргын төлөө барилдаад хөл авах мэхэнд нь хожигдчихдог байлаа. Миний хувьд түүний олон давуу талаас суралцдаг. Ямар ч үед сэтгэл зүйгээ зөв удирдаж, өөдрөг байлгадаг зангаар нь бахархдаг юм. Монголд 57 кг-д өрсөлддөг хүчтэй тамирчин олон бий. Бөхийн төрлүүдийн спорт хөгжиж, тамирчид нэгнийхээ барилдааны арга барилыг мэддэг болсон тул амархан бууж өгөхгүй.Ирэх улсын аваргад тэднээс хэн нь 57 кг-д барилдахыг таашгүй. Дотоодынхоо хүчтэй өрсөлдөгчдийг ялж, гадаадын тэмцээнд оролцох эрх авах амаргүй болсон. Би УАШТ-ий хошой хүрэл, тус бүр нэг мөнгө, алтан медальтай. Энэ жил түрүүлж, улсын аварга болсон.
-Анх сонссон хүнд нэр тань содон юм. Спортын өөр төрөлд Занабазар нэртэй тамирчин байхгүй санагдана.
-Хүмүүс миний нэрийг сонсчихоод “Хөөх, ямар сайхан нэртэй хүү вэ” гэдэг юм. Аав, ээжийнхээ хайрласан Занабазар нэрийг өндөрт өргөж явахыг үргэлж хичээдэг. Бид эцэг, эхээс гурвуулаа. Би айлын ууган хүү. З.Сумъяабазараас гадна Ариун-Эрдэнэ гэдэг эмэгтэй дүүтэй. Одоо долдугаар ангийн сурагч.