Польш улсын Варшавын их сургуулийн Дорно дахины сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимийн багш Р.Бямбаатай ярилцлаа. Тэрбээр “Монгол шуудан” компанийн Үнэт цаасны газрынхантай хамтарч бурхны шашны сэдэвт марк, дугтуй, ил захидлын үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаад буй юм. Гандантэгчэнлин хийдэд номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан тэрбээр 2001 оноос хойш дээрх их сургуульд багшилж байгаа аж.
-Марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнг цөөн хоногийн хугацаатай гаргаж буй юм байна. Үүнийг хэрхэн санаачилсан бэ. Таны цуглуулга хэр арвин бол?
-Монгол Улс шуудангийн марктай болсны 100 жилийн ойг 2024 онд “Монгол шуудан” компаниас тэмдэглэх юм билээ. Үүнийг угтуулж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь надтай хамтарч үзэсгэлэн гаргах байлаа. Тэдний урилгаар марк, дугтуй, ил захидлын хувийн цуглуулгын үзмэрүүдээсээ дэлгээд байна. Би таван настайгаасаа марк цуглуулсан. Тэгэхээр нэлээд их юм бий. Энд шашны сэдэвтэйгээс нь олон нийтэд дэлгэн харуулж байна. Монголын анхны марк шашны сэдэвтэй байсан шүү дээ.
-Яагаад тэр юм бол?
-Ардын хувьсгал ялснаас хойш буюу 1922 оноос Монгол олон улсын шуудан харилцааны журамд зохицсон, өөрийн орны онцлогийг тусгасан шуудангийн анхны тэмдэгт марк гаргахаар болжээ. Тэр үед манайх Богд хаант Монгол Улс байлаа шүү дээ. Тийм болохоор шашин, төрийг хослон барьж байсан Богд хааны санал “Элдэв-Очир” хэмээх долоон нэрийн анхны маркийн санаа, агуулга, загварт орсон гэж үздэг юм билээ. Ардын Засгийн газрын шийдвэр 1923 онд гарч, маркийг дараа жилийнх нь долдугаар сарын 1-нээс шуудангийн гүйлгээнд гаргасан гэдэг. “Элдэв-Очир” бол бурхан шашны бэлгэ тэмдэг болох таван махбодыг бэлгэдсэн марк. Таван өнгөтэй солбилцсон хоёр очир болон янз бүрийн цэцгэн хээтэй хүрээтэй, дунд нь сүрэг тамганы дүрстэй. Анхны марк бий болсноос хойших 98 жилийн хугацаанд Монгол Улсын Төрийн сүлд, далбаа, бичиг үсэг, уран зураг, шашин, соёл, үндэсний хувцас, ховор ан амьтан, ургамал, түүхэн хүмүүс болон тэмдэглэлт ой, спорт зэрэг 1110 сэдвийн 4293 нэр бүхий маркийг гүйлгээнд гаргасан гэж “Монгол шуудан” компаниас бэлтгэсэн танилцуулгад бий. Үүний дотор бурхны шашны холбогдолтой 80 гаруй сэдвийн марк байдаг.
-Улсын хөгжлийг маркаас нь харж болно гэж үздэг юм билээ. Цуглуулагчийн хувьд та улсынхаа хөгжлийн талаар бодож, дүгнэж байдаг биз ээ. Юу ажиглагддаг вэ?
-Тийм ээ. Яг л алган дээрээ тавиад харж байгаа юм шиг санагддаг. Энэ жижигхэн цавуутай цааснууд улс орон, үндэстний түүх, соёл, хувьсал өөрчлөлтийн тухай өгүүлж байдаг юм. Сайтар анзаарвал монголчууд ардчилсан нийгэмд шилжих тухай 1990 оноос л бодож эхлээгүйг ч мэдэж болно. Ардчилсан хувьсгал өрнөхөөс нэлээд хэдэн жилийн өмнөөс ард түмний оюун санаанд амьдарч буй нийгэм нь нэг л биш гэдгийг ойлгосон, шинэ нийгэм журмыг хүсэмжилсэн тэмүүлэл илэрч байсныг олон үзмэрээс мэдэх боломжтой. Үнэндээ бид нэг л өдөр шийдээд, ардчилсан нийгэмд хөл тавьчихаагүй, ард түмний оюун санаанд үр хөврөл нь бүрдэж, удаан хугацааг туулсаар, цаг нь болоход тэсэрсэн. Монголчууд Манжийн дарлалаас гарсан түүх ч үүнтэй адил. Тусгаар улс болох юм шүү гэсэн тэмүүлэл байсан болохоор үүний төлөө тэмцсээр хүрсэн.
Марк бол түүхийн толь. Социализмын он жилүүдэд уран бүтээлчид, тэр дундаа төрийн албаны бага, дунд шатанд бурхны шашны сэдвийг орхигдуулж байгааг харж болно. Жишээ нь, сүм хийдүүдийн марк гаргах болохоороо сэдвийг “Соёл, урлаг”-т хамааруулан авч үзэж, төсөл, төлөвлөгөөгөө батлуулдаг байж. Түүнээс биш зөвхөн сүм, хийдүүд гэвэл тухайн үеийн дарга нар бие биеэсээ айгаад дэмжихгүй, хөрөнгө батлахгүй байсан биз ээ. “Уран зураг” гэдэг сэдвийн маркуудыг харъя. Уран зургууд дунд Цагаан дарь эх бурхны маркийг оруулчихсан л байгаа юм. “Бүжиг”-үүд дунд бурхны шашны бүжиг цамыг багтаачихсан байх жишээтэй.
-Та Варшавын их сургуульд ямар хичээлүүд заадаг вэ?
-Орчин цагийн монгол болон төвөд хэл, Монгол Улс, Төвөдийн соёлтой холбоотой хичээлүүд заадаг. Манай тэнхимд таван польш багш бий. Тэд бүгд монголоор ярьдаг.
-Польш хэлээр хичээл заах шаардлага гардаг уу?
-Зааж буй хичээлтэйгээ холбогдуулан оюутнуудад польшоор тайлбарлах хэрэг гаралгүй яах вэ. Тийм болохоор польш хэл сурсан.