Монгол Улсын экспортын орлогын 94 хувийг дангаар бүрдүүлж буй уул уурхайн салбарынхан таван өдрийн турш буюу өнгөрсөн даваагаас баасан гарагт туулсан замынхаа амжилт ололт, алдаа оноог хэлэлцлээ. Манай улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан салбарын яам, “Оюутолгой” компани хамтран анх удаа зохион байгуулсан “Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр тун баялаг байсан гэхэд болно. Тухайлбал, эхний өдөр өнгөрсөн жилүүдэд хууль, эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн тогтворгүй байсан болон цаашдын бодлого, зорилтын талаар хэлэлцэхийн сацуу уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах учиртай тухай ч ярилцаж амжив. Эл салбарын өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуцлагатай уул уурхайг дэмжин, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалан, хувийн хэвшлийнхэнд боломж өгч, хамтран ажиллаж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм.
ХААЛТАА “ДААХГҮЙ” УУРХАЙГ НЭЭХ ЁСГҮЙ
Эрдэс баялгийн салбарын талаарх монголчуудын ойлголт, хандлагыг шат ахиулах ач холбогдолтой уг арга хэмжээний хоёр дахь өдөр хайгуул, олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, хаалт, хөрөнгийн зах зээлийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр уурхай хаах төлөвлөгөө чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Уурхайн амьдралын мөчлөг нь бүтээн байгуулах, олборлох, татан буулгах, нөхөн сэргээх, арчлах, газар чөлөөлөхөөс зайлшгүй бүрдэх ёстойг ч хэлж байв. Ингэснээр тодорхой бус байдлыг бууруулах, хаалтын өртөг зардлыг оновчтой шийдвэрлэх, нэр хүндээ хамгаалах, Засгийн газар, иргэдийн дэмжлэгийг цаашид авах давуу талтай аж. “Оюутолгой” компанийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэд “Оюутолгойн уурхайн хувьд залуу гэж хэлж болно. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй ч бид одооноос уурхайн хаалтын талаар ярьж эхэлсэн” гэв. Ташрамд дурдахад, 2005 онд манай улсын тусгай зөвшөөрлийн тоо 5913 байсан бол энэ жил 2564 болж, 2.3 дахин цөөрчээ. Тэгвэл нөхөн сэргээлтэд зарцуулж буй хөрөнгө жилээс жилд өсөж, өдгөө 34.2 тэрбум төгрөгт хүрсэн аж. Оролцогчдын зүгээс хаалтаа “даахгүй” уурхайг нээх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
“Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” бага хурлын үеэр хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татав. Иргэдийн дунд эл салбарын талаарх ойлголт, мэдээлэл бүрэн бус байгаагаас шалтгаалж компаниудыг эсэргүүцэж, бүр төслийг нь зогсоосон жишээ бий нь харамсалтай. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн үзэж байгаа салбарынхаа тогтвортой үйл ажиллагаанд анхаарах цаг болсныг харуулж буй.
Уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон эл арга хэмжээний үеэр гүний уурхайн симпозиум зохион байгуулсан юм. “Оюутолгой”-н худалдан авалтын стратегийн менежер Г.Батбаатар “Манай компани орон нутгийн худалдан авалтад зориулж 2010 онд хагас сая доллар зарцуулсан бол 2021 онд 400 дахин нэмэгдсэн. Гүний уурхайг олон арван жил ажиллуулна. Тэгэхээр дотоодын ханган нийлүүлэлтийн маш том сүлжээ бий болох боломжтой” хэмээн тэмдэглэсэн юм. Хөрөнгө оруулагчдын хувьд “луужин” болдог эл төслийн үр нөлөө их гэдэг нь эндээс харагдана. Мөн өөр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлага бийг ч илтгэж буй. Түүнчлэн “Оюутолгой”-д ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн дэлгэж, дэвшилт техник, технологийг танилцуулсан бөгөөд 100 орчим компани бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлав. Тэгвэл ямар чанар, стандарт хангасан бүтээгдэхүүнийг “Оюутолгой”-д нийлүүлдэг талаарх туршлагаас олон компани судалж, мэдсэн болов уу. Үүнээс гадна өнгөрсөн лхагваас баасан гарагт “Steppe arena”-д “Mongolia mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулсан юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААГАА “НОГООРУУЛАХГҮЙ” АВААС УЛАМ ӨНДӨР ЗАРДАЛТАЙ БОЛОХ НЬ
Нэгдсэн арга хэмжээний сүүлийн өдөр “Уул уурхай ба ногоон хөгжил” сэдвийг онцлон хэлэлцлээ. Бага хурлыг нээх үеэрээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд талуудын оролцоо чухал гээд, “Цаашид ашигт малтмалын болон байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдож, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлд нөхөн сэргээлтийн норм, стандартыг тогтмол сайжруулж, боловсронгуй болгох зорилт хэрэгжүүлэн, дэмжин ажиллана” хэмээв. Эл өдөр “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг БОАЖЯ, “Рио тинто Монгол” компани, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ байгуулсан юм. Тус компанийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын тэрбум гаруй модыг аварч, хөнөөлт шавжтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь. Ингэхдээ хортон шавжаас үүдэн доройтсон газар нутгийн тал хувийг хамруулан тэмцэх ажлыг хийх аж. Энэ талаар “Рио тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Хөнөөлт шавжийн улмаас Монголын ой мод эрсдэлд ороод байгаа. Ойн дархлааг тогтоохын тулд бид ирэх гурван жилд 1.1 тэрбум мод хамгаалах төсөл хэрэгжүүлнэ” хэмээн тодотголоо.
Дээрх бага хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Нүүрсхүчлийн хийг бууруулах стратеги” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр Тавантолгойн ордын олборлолтын тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулсан бөгөөд автомат буюу жолоочгүй автомашиныг нүүрс тээвэрт нэвтрүүлж, ус хэмнэн, уурхайгаас ялгарч буй нүүрсний давхаргын метан ба бусад хийн ашиглалтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг дурдлаа. Түүнчлэн “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Ногоон эдийн засгийн шилжилт уул уурхайд” сэдвээр илтгэх үеэрээ эрчим хүчний хэмнэлтэд төдийлөн анхаардаггүй байгууллага хэрэглээгээ 20-40 хувиар бууруулах боломжтой талаарх судалгаа бийг тэмдэглэсэн юм. Мөн манай улсын хувьд эрчим хүчний үнийг доод тал нь 20 хувиар өсгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсныг ч хэлэв. Хэдийгээр өдгөө нүүрстөрөгчийн татвар байхгүй ч үйл ажиллагаагаа “ногооруулахгүй” бол цаашид өндөр зардал гарах гэнэ. Магадгүй нэг тонн нүүрс ашиглахад түүний зардлаас ч илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй аж. Тэгвэл “De design+Environment” байгууллагын ерөнхийлөгч Дэйвид Осуалдын өгүүлснээр улс орнууд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) талаарх ойлголтыг хүлээн зөвшөөрч, арга хэмжээнүүд хэрэгжүүлж буй гэнэ. Мөн уул уурхайн салбарыг “ногооруулахад” нөлөөтэй олон стандарт бийг тэрбээр тэмдэглээд, үүний хэрэгжилтэд оролцогч талууд бүгд анхаарч, түншилж байж амжилтад хүрнэ гэдгийг дурдлаа. Ерөөс уул уурхайн салбар нь эрчим хүч, дулааны зарцуулалт өндөртэй, их хэмжээний дизель түлш ашиглаж буй учраас үйл ажиллагаагаа “ногооруулахад” анхаарах нь зайлшгүй чухал билээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Рио тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор “Рио тинто” групп нэлээд олон ажил хэрэгжүүлж, шинэ санаачилга гаргаж байгаа. Цаашид тэдгээрийг Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж бид үзэж буй. Саяхан бид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал хариуцсан ажилтантай болсон бөгөөд ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой талаарх судалгааг хийж байна. “Рио тинто” группийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх стратегийн хүрээнд 2050 он гэхэд ялгаруулж буй хүлэмжийн хийг тэг болгохыг зорьж байгаа” хэмээн тодотгосон.
Төр, засгийн зүгээс хариуцлагатай уул уурхайг дэмжих, хариуцлагагүйтэй нь тэмцэх бодлого баримтлахаа дуулгасан бөгөөд эл салбарынхан ч үүнийг санал нэгтэй зөвшөөрч буйгаа илэрхийлж байв. Нэгэн зуунаа дүгнэж, дараагийн 100 жилийн ажлаа төлөвлөх, баялаг бүтээх, тогтвортой хөгжлийг баталгаажуулах чухал цаг үед зохион байгуулсан арга хэмжээг хаах үеэрээ УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал дараа жилийн “Уул уурхайн долоо хоног” ирэх оны есдүгээр сарын 18-22-нд болохыг дуулгалаа.
БҮГД ИЖИЛ АМБИЦТАЙ
Дээрх арга хэмжээний хүрээнд “Оюутолгой” компаниас найм дахь удаагаа зохион байгуулсан, шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах “Эрдэнийн говь” ёслол болсон юм. Энд нэг зүйл дурдахад, тус компанийн ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний чанар сайжирч, тоо хэмжээ, орлого, ажлын байр нь жилээс жилд нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Уг ёслолын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж буйг онцолсон юм. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтална. Монгол Улс бол уул уурхайн орон. ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс хайгуулын лицензтэй холбоотой тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага үүсэж байна. Иймээс Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллана. “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюутолгойн хэлэлцээрийн бодит үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон гэдэгт итгэлтэй байна” гэв.
Нэгэн үед олон улсын уул уурхайн гол цэг болж, дэлхий нийт анхаарал хандуулан, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж асан цагийг эргүүлэн авчрах хүсэл төр, засагт ч, компаниудад ч бий нь өнгөрсөн өдрүүдэд харагдлаа. Үүний тулд оролцогч талууд хамтдаа хичээх, төр, засгийн бодлого тогтвортой байх, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, хариуцлагатай, ногоон уул уурхайг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах арга замыг эрэлхийлэх, салбарын тогтвортой хөгжилд саад болж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх нь чухал гэдгийг туулсан замаа дүгнэн, цаашдын ирээдүйгээ хэлэлцэхээр чуулсан оролцогчид хөндлөө. Үгүй аваас улс орнуудад 13 000 гаруй уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй энэ үед Монгол дэлхийн хөгжлөөс алсрах, хоцрох эрсдэл хэдийн үүсжээ. Эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхийн тулд манай улс уул уурхайн салбараа түшихээс өөр аргагүй. Ингэж чадахгүй бол хөгжлийн бариа бараа болоод алсарч ч мэднэ.