-Дэлхий дахинд 13 000 гаруй уул уурхайн төсөл хэрэгжүүлж байна-
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж, ачааны хүндийг үүрч байгаа, орчин цагийн уул уурхайн салбар манайд үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг угтан “Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг УУХҮЯ, “Оюутолгой” компани анх удаа зохион байгуулж байна. Эл арга хэмжээг нээх үеэрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын экспортын орлогын 94 хувийг бүрдүүлсэн уул уурхайн салбар стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглээд, “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Улс орны эдийн засгийн, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч уул уурхайн салбар нэгэн зууны ажлаа дүгнэж, дараагийн зууны чиглэлээ тодорхойлох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, олборлолтоос боловсруулалт руу шилжин, эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үе ирээд байна” хэмээв. Мөн УУХҮЯ-ны зүгээс хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалтын зарчимд тулгуурласан бодлого хэрэгжүүлж, үүний хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжих, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшлийнхэнд боломж, итгэл өгч хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагчдын итгэл багасаж, салбарын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц эсэргүүцэл нэмэгдэж, хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар буйг шийдвэрлэхийн төлөө ажиллахын сацуу томоохон ордуудыг эргэлтэд оруулахыг дэмжинэ гэдгээ тодотголоо. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, хайгуулын хэмжээ эрс багасаж, түүхий эдийн нөөцийн хомсдол үүсэх, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр буй учраас ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг зохих түвшинд олгож эхэлнэ гэдгийг салбарын сайд мэдэгдсэн нь таатай мэдээ байв.
Өдгөө улс орнууд байгаль орчин, нийгэм, засаглалд (ESG) анхаарч буйг “Монгол Улсын өрсөлдөх чадвар” илтгэл тавих үеэрээ Дэлхийн банкны уул уурхай хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт өгүүлээд, манай эрдэс баялгийн салбар, тэр дундаа зэсийн үйлдвэрлэл 2030 он хүртэл үсрэнгүй хөгжих төлөвтэйг тэмдэглэсэн юм. Түүний үзсэнээр үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхийн зах зээл дэх үнэ өндөр байвал тус салбарын орлого 2020-2030 онд 5.3 тэрбум ам.доллароос 12.5 болж нэмэгдэх боломжтой аж. Манайх давуу талаа ашиглан олон улсыг хангах боломж бий. Дэлхий дахин дахь эрчим хүчний шилжилт, тээврийн салбарын хөгжилтэй холбоотойгоор зэс, никель, лити зэргийн эрэлт нэмэгдэх боломжийг ашиглаж чадвал шүү дээ. Тухайлбал, цахилгаан автомашин үйлдвэрлэхэд энгийн буюу дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад 3-4 дахин илүү зэс ашигладаг аж. Дамиан Бретт “Монгол Улс уул уурхайг хөгжүүлэхийн сацуу хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах тал дээр бодлогын бичиг баримтаа эхлээд боловсруулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр манай улс зорьж буй. ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулганы өгүүлснээр зарим боомтыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр зураг, төслийн ажлыг нь гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сард багтаан 10 боомтын зураг төслийн ажлыг бүрэн дуусгах гэнэ. Манай улс авто болон төмөр замын нийт 33 боомттойгоос 11 нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй аж. Өөрөөр хэлбэл, дийлэнх боомтыг хэрхэн өргөтгөх, ямар бүтээгдэхүүн тээвэрлэх нь тодорхойгүй гэсэн үг. Иймээс дээрх яамны зүгээс боомтуудыг эрэмбэлэх, аль боомтоор ямар бүтээгдэхүүн нийлүүлэхийг ангилах, алинаар нь бараа импортолж ачааллыг тэнцүүлэх боломжтойг судалж байгаа аж. Шаардлагатай бол зарим боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэх нь. Бүтээгдэхүүн экспортолдог боомтуудын хувьд нэмэлт байгууламжууд, авто болон төмөр замын дэд бүтэц нэлээд сул байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Иймээс нэмэлт байгууламжуудыг олшруулж, үндсэн дэд бүтцийг сайжруулах бодлого баримтлах гэнэ. Үндсэн болон нэмэлт байгууламжид цахилгаан, ус, дулаан хангамж, гаалийн лаборатори, ачиж, буулгах терминал зэрэг багтаж буй. Үүнээс гадна хөрш орнуудын боомтын хөгжлийн бодлоготой уялдуулан ажлаа төлөвлөн ажиллахыг Х.Эрдэнэбулган дуулгав. Монголоос экспортолж буй нүүрсний 60 орчим хувь нь ӨМӨЗО-ы Бугат, 20 хувь нь урд хөршийн Гансу мужийн Жүи Чуань, үлдсэн нь Хэбэй муж, Тяньжин хотод ногдож буй аж. Тэрбээр хуурай боомтуудыг хөгжүүлэх оновчтой байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлснийг тэмдэглэсэн юм.
Дэлхий дахинд 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаар 13 000 гаруй уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Иймээс ч зөвхөн манай улс л баялагтай мэт хандах учиргүйг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл” сэдвээр илтгэл тавих үеэрээ онцолсон юм. Тэрбээр мөн “Бидэнд нөөц бололцоо бий ч гадаад зах зээлд том тоглогч болж чадахгүй байна. Тиймээс олон улсад хэрхэн өрсөлдөх талаарх бодлогоо сайтар тодорхойлох цаг иржээ” хэмээв. Манай уул уурхайн экспортын тэргүүлэх түүхий эд болох нүүрс, алт, хайлуур жонш, зэс, төмрийн хүдэр, газрын тос, молибден, цайр гэсэн бүтээгдэхүүний хувьд аль нь ч дэлхийн топ тавд багтдаггүй байх жишээтэй. Тиймээс ч АМНАТ, түүхий эдийн жишиг үнэд анхаарал хандуулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага бий. Дэлхий нийтийн чиг хандлага critical mineral-д (чухал ашигт малтмал) чиглэж буй энэ үед хайгуулын ажлыг одоо хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнээс 10-20 жилээр хоцрох нь тодорхой болсныг сануулав. Тэгэхээр хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон төслүүдээ зөв менежменттэйгээр, богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашид хөрөнгө оруулалт татахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал болжээ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар тухайн улсын нэг ам км талбайгаас олборлож байгаа түүхий эд, бүтээгдэхүүнээс ДНБ-дээ оруулж буй үр өгөөжийн хэмжээгээр манайх хойгуур эрэмбэлэгдэж байгаа аж. Тодруулбал, Монгол ийм хэмжээтэй газраас бүтээгдэхүүн олборлоод 2390 ам.долларыг ДНБ-дээ оруулж буй бол Чили улсын хувьд үүнээс 10 дахин их буюу 23 271 “ногоон” олж байгаа дүн гарчээ. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус улс ирэх 10 жилийн хугацаанд 74 тэрбум ам.доллар татах “Чилид хөрөнгө оруулаарай” төлөвлөгөө хэрэгжүүлж буй агаад дээрх металлын шинэ төслүүдээ таван жилийн турш НӨАТ-аас чөлөөлөхөөр болжээ. Тэгвэл сүүлийн 10 жил уул уурхайн салбартаа 60 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан Перу улс ирэх жилүүдэд 38 төсөлд 59 тэрбум “ногоон” татахаар төлөвлөөд байгаа аж. Харин манай улсад 2010-2021 онд 32.3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан нь чамлалттай тоо. Үүний 73 хувь буюу 23.6 тэрбум нь уул уурхайд ногдсон нь Монгол Улс яалт ч үгүй эл салбарт түшиглэсэн эдийн засагтай гэдгийг батална. Гэвч “Урт нэртэй”, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталж, хөрөнгө оруулагчдыг гэнэтийн “шок”-нд оруулж байв, манай улс. Хэдий хууль, эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулсан ч бодитой эерэг үр дүн гараагүй хэвээр. Өнгөрсөн хугацаанд алдаж, онож ирсэн уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж, алдаагаа давтахгүйн тулд бусад улс орны хууль, эрх зүйн орчныг судлах хэрэгтэйг Г.Эрдэнэтуяа хэлж байлаа.
Өдгөө манайд олон нийтийн зүгээс уул уурхайг эсэргүүцэх, газар нутаг цөлжсөнд эл салбарыг буруутгаж буй нь өрөөсгөл аж. Угтаа үүний гол шалтгаан нь бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой гэдэг. Монгол Улсын газар нутгийн ердөө 0.27 хувьд нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ч нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн орлого, улсын хөгжилд ихээхэн нөлөөтэй эл салбарт хөрөнгө оруулалт татаж, ард түмний баялаг болох нөөцөө үр бүтээлтэй ашиглахын тулд оролцогч талуудад зөв зүйтэй мэдээлэл өгч, ойлгуулахад анхаарах зайлшгүй шаардлага хэдийн үүссэн нь эндээс харагдана.
Тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, гарц шийдэл хайх, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарыг идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, таатай боломжуудыг эрэлхийлж буй энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал ба ирээдүй”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ”, “Эрдэс баялгийн салбар ба хөрөнгийн зах зээл” сэдвээр хэлэлцэх юм. Мөн “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг”, “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт” бага хурал болохын сацуу “Tedtalks:Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавих нь анхаарал татаж байна. “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ баасан гарагт өндөрлөнө.