Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3315 төгрөгөөр худалдан авч, 3330-аар зарж байв. Энэ нь уржигдрынхтай харьцуулахад америк мөнгөн тэмдэгтийг авах ханш нь даруй 47, борлуулах нь 45 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Тус захын нэгэн ченж “Ам.доллар зарах хүн цөөн байгаа бол авъя гэсэн нь олон байна. Банкуудын хязгаарлалттай энэ нь холбоотой байх” хэмээн өгүүлэв. Банкууд таван сая төгрөгт “ногоон” худалдаж байсан бол нэг сая болгон бууруулсан тухай бид мэдээлсэн билээ. Монголбанкны зарласан ханшаар өчигдөр ам.доллар 3228.2 төгрөгтэй тэнцсэн нь өмнөх өдрийнхөөсөө 7.34 төгрөгөөр дээшилсэн дүн юм. Арилжааны банкуудын бэлэн бус ханшаар ам.долларыг авах нь 3228-3230, зарах нь 3238-3240 төгрөг байв. Сонирхуулахад, яг зургаан сарын өмнө “Найман шарга” захад ченжүүд “ногоон”-ыг 2905 төгрөгөөр худалдан аваад, 2920-иор борлуулж байлаа. Өөрөөр хэлбэл, хагас жилийн хугацаанд уг валютыг авах ханш нь даруй 14.1, худалдах нь 14.04 хувиар өсөөд буй нь энэ. Тэгвэл гурван сарын өмнө ам.долларыг 3122 төгрөгөөр авч, 3126-гаар зарж байсантай харьцуулахад 6.18 болон 6.53 хувиар чангарсан үзүүлэлт юм.