-Та сорилго тэмцээнд хүчтэй өрсөлдөгч- дөө хожиж түрүүлсэн. Дэлхийн аваргад оролцох эрх тийм ч амархан ирээгүй байх.
-Монголд ДАШТ-д өрсөлдөх эрхийн төлөөх сорилго тэмцээн өнгөрсөн сард анх удаа зохион байгууллаа. Манай улсад 1993 оноос өнөөг хүртэл дартсын спорт хөгжсөн ч дэлхийн аваргад тамирчин сойж байгаагүй. Миний хувьд хилийн дээс алхах болсондоо сэтгэл өндөр байна. Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүн М.Эрдэнэ багшаас тэмцээний тухай сонсчихоод заавал оролцож түрүүлнэ гэж бодсон. Аваргын төлөөх тоглолтод найз Б.Анхбаярт хожигдож явсан ч ялсан. Тэрбээр намайг дартсаар 2014 онд сонирхож хичээллэхээс хоёр жилийн өмнө тоглож сурсан байв. Бид 2016 оноос тэмцээнүүдэд таарч, өгөө, аваатай урагшилсан даа.
-Аваргын төлөө тоглохоор шалгарахад юу их бодогдов?
-Дартсын тэмцээнд өөр зүйл бодох төдийд алдаа гаргадаг. Найман жил тоглосны хувьд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж өрсөлдөхийг хичээсэн. Тэмцээний уур амьсгал, олны дуу чимээнээс өөрийгөө чөлөөлж, зөвхөн тоглолтдоо төвлөрсөн. Хожигдож эхлэнгүүт “Тоглолт дуусаагүй байхад ялагдчихлаа гэж сэтгэлээр унаж болохгүй. Бэлтгэл хийхдээ шиддэг байсан шигээ тоглоё. Олон зүйлд сатаарахгүйгээр яг одоо анхаарал хандуулах хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Онооны харьцаа 3:2 болоход өөрийн эрхгүй итгэл төрж эхэллээ. Тэр үед хоёр сумаа шидэж, 4:3 болгосноор хожлын салхийг өөрийн талд эргүүлсэн.
-Таны өвөө, ээж дартс тоглодог. Сонир - хож хичээллэсэн түүх тань тэднээс улбаатай юу?
-Миний дартс сонирхсон түүх өвөөтэй их холбоотой. Тэрбээр 1990 оноос Монголд энэ спортыг хөгжүүлэхээр зорьсон хүмүүсийн нэг. Би хичээллэхээсээ өмнө компьютерын дэлгэц өдөр, шөнөгүй ширтэн, тоглоом тоглож суудаг хүүхэд байлаа. Тэгтэл өвөө нэг өдөр “Чи үүгээр тоглоод нэг үз” гээд дартс санал болгов. Намайг хөтөлж очоод дасгалжуулагч М.Эрдэнэ багштай танилцуулснаар шавь нь болсон юм. Дартс тоглох тусам сэтгэл татагддаг. Тоглолтоосоо хожих, хожигдох мэдрэмж авах сайхан санагддаг байв. Сүүлдээ компьютерын тоглоомоос холдож мартсан. Зөв хүн болж төлөвшихөд минь дартс их нөлөөлсөн шүү.
-Тэр цагаас багшийнхаа зөвлөснөөр ур чадвараа хөгжүүлж, чансаа олгох тэмцээнд оролцдог болов уу?
-Тийм ээ. Тэмцээнд анх удаа тоглохдоо хамгийн өндөр 180 (64х3) оноо авчихаад баярлаж байснаа мартдаггүй. Намайг түрүүлэхэд өвөө орон нутагт зохион байгуулсан тэмцээн шүүхээр явсан юм. Хамт яваа танилаасаа аварга болсныг минь сонсоод баярын нулимс унагасан гэдэг. Өвөө тэмцээн өндөрлөнгүүт Улаанбаатарт яаран ирж, баяр хүргэсэн. Ажлаа тараад гэртээ иртэл миний шагналыг өмнөө тавиад унтаж байв. Би хичээллээд удаагүй байхдаа “Хэзээ нэгэн өдөр дэлхийн аваргын тайзан дээр гарч үзнэ” гэхэд өвөө “Миний хүү амжилт гаргаад, заавал оролцох хэрэгтэй. Би чамайг дэмжинэ” гэж билээ. Тэр үед хэлсэн үг минь энэ жил биеллээ. Намайг бие дааж бэлтгэл хийх хүртэл өвөө дасгалжуулсан. Одоо ч гэсэн миний оролцсон тэмцээнийг сонирхож үздэг. Манайхан гэртээ чөлөөт цагаараа дартс тоглодог юм. Би айлын ууган хүү, гурван эмэгтэй дүүтэй. Дунд дүү минь тоглох сонирхолтой. Миний бэлтгэл хийхийг хараад “Ах аа, би шидье” гэдэг. Дүүгээ эхнээс нь зөв техниктэй шидүүлж сургахыг хи- чээж байгаа.
-Та өмнөд хөршид 2017-2019 онд болсон олон улсын тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллынхантай оролцсон байх аа?
-Анх удаа БНХАУ-ыг зорьж, олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Өөрийгөө байр эзэлнэ гэж бодоогүй. Таарсантай нь тоглож, бэлтгэл хийдэг шигээ сумаа шидсээр III байрт шалгарчихав. Миний хувьд ямар ч тоглолтод оролцохдоо тамирчдын шидэлтийг ажиглах дуртай. Тэр үед өмнөд хөршийнхнөөс зөв техниктэй шиддэг нь цөөн байсан. Олонх нь сонирхлоороо сурсан тул шидэлт нь буруу байлаа.
-Өсвөр үеийнхний УАШТ-ээс гардсан шагнал одоо ч тоогоо алдсан байлгүй.
-Тус бүр хоёр алт, хүрэл медаль гардсан. Хотын аварга шалгаруулах тэмцээнээс улсынх өрсөлдөөнтэй болдог. Дартсын тэмцээнд азаар түрүүлдэггүй юм. Энэ утгаар нь яривал сэтгэл зүйн спорт. Тоглолтын өрнөлийг сайн эхлүүлсэн тамирчин хождог. Тэмцээнд бэлтгэлээс илүү сэтгэл зүй өндөр байх нь чухал. Тооцоолон бодох ухаан, орон зайн мэдрэмж, анхаарлаа төвлөрүүлэхийг маш их шаарддаг спорт. Сэтгэл жаахан тогтворгүй болоход л өрсөлдөгчдөө ялагдана.
-Сэтгэлд тань ДАШТ хэр багтаж байх юм?
-Дэлхийн аваргад Ази тивийг төлөөлж зургаан тамирчин оролцоно. Би өрсөлдөгчдөө судлахаас илүү өөрийнхөөрөө л тоглох сонирхолтой. Хамгийн сүүлд Тайландад болсон тэмцээний бичлэгийг үзэхэд монгол тамирчдын ур чадвар, тоглох техник, мэдрэмж, туршлага нэг их дутахааргүй санагдсан. Тиймээс дэлхийн аваргын тоглолт миний санаанд багтаж байгаа. Дартсын тамирчид тэмцээнд оролцохдоо нэгнийхээ тоглолтыг шүүдэг юм. Манай шүүгчид ур чадвар өндөртэй. Гадаадынхантай эн зэрэгцэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр болсон насанд хүрэгчдийн УАШТ-ий тоглолтыг ДАШТ-ий оноог зарладаг, Английн шүүгч Расс Брей Монголд анх удаа ирж шүүсэн. Тэрбээр томоохон шоу тэмцээнийг зарлаж хөтлөхөөс гадна сүүлийн дөрвөн өргийн тоглолтыг шүүдэг юм билээ.
-Багш тань дартс анх заахдаа зөв техникээр тоглуулж сургасан уу?
-Тамирчин хүн хичээллэдэг спортынхоо техникийг эхнээс нь зөв сурвал амжилт гаргахдаа цаг хугацаа алддаггүй. Зөв сурсан хүний ур чадвар хурдан ахиж байгаа нь андашгүй. Буруу сурвал техникээ засахад маш их хүч, хөдөлмөр зарцуулдаг. Дартстай нөхөрлөсөн он жилүүдэд хандлагаа өөрчилж, сэтгэл зүйгээ зөв удирддаг болсон. Тэмцээнтэй үед олны нөлөөнд автахгүйгээр анхаарлаа төв - лөрүүлж, тайван тоглодог. Тамирчин болс - ноор хатуужил, тэвчээрээс багагүй суралцлаа. Өдөржин зогсож бэлтгэл хийхэд хөл их өвдөнө. Тоглолтын үед анзаардаггүй ч дараа нь ядарснаа мэдэрдэг юм. М.Эрдэнэ багшийнх гэр бүлээрээ тоглодог. Тэдний хичээл зүтгэл, хөдөлмөрийн ачаар Монголын тамирчид, тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг боллоо. Амжилт гаргах бүртээ өвөө, багшаараа бахархдаг. Спорт тухайн тамирчны хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгждөг шүү дээ. Багштайгаа анх уулзахдаа дартс тоглох хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэж байлаа. Бэлтгэл хийх цагаас өмнө очоод хүлээдэг сэн. Тэрбээр тоглодог хүн бүрт урам хайрлаж “Итгэл, зүтгэл, сэтгэл байхад болно. Бэлтгэлээ сайн хий” гэж зөвлөдөг.
-Хүн болгоны шидэх техник өөр. Та бусдаас ялгардаг тоглолтынхоо онцлогоос сонирхуулаач.
-Шидэх тусам техник гарт орж, зөв эзэмшдэг. Хамгийн гол нь үр дүнтэй бэлтгэл хийж амжилт гаргах. Би тэмцээний өмнө тайван байхыг хичээдэг. Дартсын спортод догдолж, сандарвал амжилт хэзээ ч гаргахгүй. Тоглолтын үед өөртөө таарсан хувилбар бодож, тооцоолно. 300 онооноос тоглолтын хувилбар эхэлдэг юм. Миний хувьд (16-гийн зах) үндсэн хувилбараас өөрөөр шиддэг. “Mongolia open-2017” олон улсын тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн нь санаанд тод үлджээ. Үеийнхээ хоёр тамир- чинтай баг болж гадаадын тоглогчидтой өрсөлдөх үед “Бид яах бол, амжилт гаргах болов уу” гэж эргэлзэж байв. Дартсын тоглолтод эрч хүч гаргавал гар чичирч алдах тул тэмцээн дуусах хүртэл сэтгэл хөдлөлөө дардаг. Түрүү- лэх нь тодорхой болсон ч баяр хөөрөө дарах ёстой. Хэрвээ хожчихлоо гэж бодвол өрсөлдөгчдөө ялагдана. Тамирчдын сэтгэл зүй тоглолтын явцад анзаарагддаг. Сэтгэлээр унаж, эсвэл сандарч, тэвдээд өөртөө итгэлгүй байгааг нь шууд мэдэрнэ. Дэлхийн аваргад амжилттай оролцохын тулд өдөрт найман цаг бэлтгэл хийж, дунд нь хоёр удаа амарч байна.
-Найман жил тоглохдоо олон ч сум сольж, шинэчилсэн байлгүй.
-Хичээллэхдээ сонгож авсан сумаараа одоо ч шиддэг. Шидсээр байгаад бүр дасчихсан. Өөр сумаар солих бодол төрдөггүй. Тэгээд ч сэтгэлд хүрдэггүй юм. Сумны хамгийн түрүүнд мууддаг зүйл нь далбаа, хошуу. Их бие болох төмрийг нь үлдээж, далбаа, хошууг нь байнга шинэчилдэг. Миний хувьд сумнаас илүү олон самбар солилоо. Төмрийнхөө чанараас шалтгаалаад сумны үнэ өөр. Англиас анх сум захиалж 120 мянган төгрөгөөр авч байв. Тэр үеийн ханшаар бодвол өндөр өртөг. Олон жил шидсэн болохоор төмөр нь элэгдэж 0.5 грамм хасагдсан байна билээ. Дартс өртөг өндөртэй спортын төрөлд ордоггүй. Тамирчид бэлтгэлээ заавал клуб гэхгүйгээр байгууллагынхаа ажлын өрөө, гэртээ ч базааж болдог давуу талтай.
-Баянзүрх дүүрэг дэх Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн төгсөгчдийн нэг нь та. Тус сургуулийн төгсөгчдөөс дартсын спортод хөл тавьсан хүн хэр олон бол?
-Саяхан төгсөгчдийн дунд тэмцээн зохион байгуулахад спортын төрөлд нь дартс багтсан. Төгсөгчдөөс сонирхож тоглодог хүн цөөнгүй бий. Энэ мэтчилэн хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монголд одоо УАШТ-д 400 гаруй тамирчин оролцдог. Тэднээс таних хүн цөөн. Монголд дартсын тэмцээн зохион байгуулдаггүй байгууллага өнөө цагт ховор болсон. Үүний нөлөөгөөр орон нутагт ч хөгжиж байгаа.
-Тамирчдад уналт, сэргэлт гэж бий. Та ч гэсэн тэдний адил дуртай спортоосоо холдмоор санагдах хүндхэн сорилтой тулгарсан биз.
-Амжилт ахихгүй, нэг хэвийн болчихсон мэт санагдах үе бий. Би ч гэсэн дорвитой тоглохгүй нэг жил болсон. Тиймээс түр завсарлаж, өөртөө амралт өгөхөөр шийдсэн юм. Тэр хугацаанд тэмцээн сонирхож үздэг байлаа. Хүн дуртай зүйлээсээ удаан холдож чаддаггүй. Өмнө нь хожигддог байсан тамирчид медаль хүртэхээр шар хөдөлж “Бэлтгэлээ хийе, тэмцээндээ оролцъё” гэх бодол төрдөг. Одоо бол байнга тоглох сонирхолтой.
-Байгууллагынхаа хамт олон, найз нөхдөө дартстай нөхөрлүүлсэн үү?
-Би ШУТИС-ийн мэдээлэл холбоо, хиймэл оюун ухааны ангид сурдаг, II курсийн оюутан. Намайг элсэх жил энэ ангийг нээсэн юм. Одоо “JS25” сүлжээ дэлгүүрийн нэг салбарын менежерээр ажиллаж байна. Тоглохын хажуугаар бусдад дартс заах сонирхолтой. Намайг дуурайгаад ангийн хоёр найз хичээллэсэн. Тэд спортын мастер цолтой болчихоод өөр хоорондоо өрсөлдөж байна. Надаас “Дартсын клуб хаана байдаг юм бэ, очиж тоглоё” гээд асууж билээ. ДАШТ-д оролцох эрхийн төлөөх сорилго тэмцээний шигшээ тоглолтод найз О.Дөлгөөнтэй таарсан. Түүнд 2:0-ээр хожигдож явсан ч оноог 3:2 болгож хожсон. Тамирчид медалиа тоолдоггүй. Шагналын маань дийлэнх нь алт, хүрэл. Мөнгөн медаль нэг ч байхгүй. Жилд болдог тэмцээнүүдээс наанадаж таван медаль хүртдэг. Миний хувьд тэмцээнд заавал хожиж байж сэтгэл амардаг юм.
-Дэлхийн аваргад шилдгүүдийн хэнтэй ч таарч мэднэ. Тэдний тоглох техник хэр сонирхолтой санагддаг вэ?
-Тоглолтоо бусдынхтай харьцуулахыг хүс - дэггүй. Хаана, хэнтэй ч таарсан хожно гэж бод - дог. Хэн нэгнийг өөрөөсөө илүү гэж дүгнэвэл амжилт гаргахгүй. Өөртөө итгэлтэй, өндөр сэт - гэл зүйтэй, орчин нөхцөлөө мэдэрч тоглох хэрэгтэй. Надад гадаадын тоглогчдын хувцаслалт таалагддаг. Миний хувьд ДАШТ-д өмсөх хувцасныхаа загварыг гаргасан. Үндэснийхээ бичиг соёл, өвөрмөц онцлогийг харуулсан хувцастай оролцох бодол бий. Хилийн дээс алхахаар эх орны минь нэр гарна. Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам улсынхаа нэрийг өндөрт өргөж, амжилт гаргах үүрэг, хариуцлагаа ч ухамсарлаж байгаа. Дэлхийн аваргын тайзан дээр шилдгүүдтэй нүүр тулах байх. Тамирчдын алдар нэртэй нь бус, ур чадвартай нь өрсөлдөнө. Тэнд тэдний алдаа, оноо, амжилт, ур чадварыг нь харна. Дартсын олон улсын тэмцээнд ч гадаадынхан сэтгэл хөдлөлтэй оролцдог. Тэмцээний үед өрсөлдөгчдөө хөдөлгөөн, харц, нүүрний хувирал, шидэлт, тоглолтоороо өөрийгөө илэр - хийлж ойлгуулдаг. Тэгвэл Азийнхан маш тай - ван, сандарч, догдолж байгаагаа тэр бүр харуулдаггүй. Тэднээс сэтгэл хөдлөлийг нь олж харах амаргүй.