Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гол замын нээлт өнгөрсөнбаасан гарагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн ордын дэргэдэх өртөөнд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам,тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар оролцов. Мөн төмөр замыг захиалагч “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Д.Баясгалан болон бусад зочид оролцсон. Дээрх чиглэлд төмөр зам тавих ажил 2009 оноос эхэлсэн түүхтэй.
Анх “Энержи ресурс” компани төмөр замыг концессын гэрээний дагуу солонгосчуудаар тавиулж эхэлсэн. Улмаар төрийн өмчит компаниар бариулах улс төрийн шийдвэр гарч, “Монголын төмөр зам” компани эрхийг нь шилжүүлэн авсан билээ. Уг төмөр замын суурь бүтцийн буюу далангийн ажил 2013 он гэхэд 68 хувьд хүрсэн байв. Гэвч нарийн, эсвэл өргөн царигаар тавина гэж улс төр, бизнесийн бүлэглэлүүд маргалдсаныг санаж байгаа биз. Үүнээс гадна санхүүжилтийн гацаа ч үүссэн. Энэ мэт шалтгаанаар уг төмөр замыг тавих ажил удааширсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн доор “Тавантолгой төмөр зам”-ыг байгуулан, хувьцааных нь 66 хувийг эзэмшүүлэх шийдвэр 2018 онд Засгийн газар гаргасан. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замын ерөнхий гүйцэтгэгч буюу “Бодь интернэшнл” группэд нүүрс нийлүүлэн, түүнийг нь борлуулан бүтээн байгуулалтыг нь санхүүжүүлэх механизмыг бодож олсон билээ. Ийм хамтын ажиллагаа, санхүүжилтийн механизмын дагуу ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гол замыг бүтээн байгуулалтыг дуусгалаа. Уг төмөр замын бүтээн байгуулалтын нийт өртөг 1.3 тэрбум ам.доллар аж. Нийгмийн сүлжээгээр “Энэ бол мухар төмөр зам” гэж онцлон бичиж байна. Одоогоор энэ төмөр зам Гашуунсухайт-Ганцмодны боомтоор Хятадын төмөр замтай холбогдоогүй байгаа. Тиймээс мухар гэж буй юм. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдсон. Тиймээс Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон “Улаанбаатар төмөр зам”-тай холбогдсон гэсэн үг.
Энэ нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам. Уулзваргүй гэдэг нь зам төмрүүдийг хооронд нь холбож гагнасан гэсэн үг. Уулзвартай төмөр замаар зорчиход “түг түг” гэж дуугардаг. Уулзваргүй замаар зорчиход ийм дуу гарахгүй. Ийм төмөр зам нь галт тэрэг хурдлах боломжийг олгох юм. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замаар ачаатай галт тэрэг 80 км цаг хурдлах боломжтой аж. Харин ачаагаа буулгачихаад буцахдаа 100 км цаг хурдлах нь. Тэгэхээр нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам тавьсан нь богино хугацаанд их хэмжээний нүүрс экспортлох Засгийн газрын зорилготой холбоотой. Хилийн төмөр замыг нь тавьж, нүүрс ачих буулгах терминалуудыг барьж, бүрэн ашиглалтад оруулснаар тус төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцоолж буй. Одоогоор төмөр замын гол замын урт нь 233.6 км, хоёр өртөө, зургаан зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай. Өртөө, зөрлөгийн салаа замуудыг оруулж тооцвол нийт 313 км зам тавьжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан гэнэ. Эл төмөр замыг тавьснаар монголчууд 60 гаруй жилийн дараа Хятадын талтай холбогдох дахин нэг төмөр замтай болж байна. Түүнчлэн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг монголчууд цар тахалтай хүнд цаг үед өөрсдийн санхүүжилт, ур чадвараар барьсан гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Ийнхүү монголчууд төмөр зам тавьж сурлаа. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих дөрвөн жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниас төмөр замын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр замаа өөрсдөө барьдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг, мэргэшсэн инженерингийн компани болж өсөн дэвжсэн” гэв. Тэгвэл “Бодь интернэшнл” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Д.Баясгалан “Энэ төслийг хэрэгжүүлэх нь эх орныхоо хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмэр хэмээн үзэж, төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нэгэн зорилгын дор хичээн зүтгэлээ. Энэ бол монголчууд хамтран ажиллаж, бүтээж чаддагийг харуулсан нэг илрэл боллоо” гэсэн юм.
“Улаанбаатар төмөр зам”-ыг вант улс болгосон хэмээгддэг Р.Раш “Төмөр зам бол төмөр төмөр дээрээ явдаг шинжлэх ухаан” гэж хэлсэн удаатай. Шороон далан бариад дээр нь дэрэн дээр зам төмөр бэхлээд төмөр зам болчихдоггүй. Эрчим хүч, холбоо, дохиолол хамгааллын кабель татах, өртөө зөрлөгийн бүтээн байгуулалт хийж, ажилтнуудаа мэргэшүүлж байж төмөр зам болдог. Төмөр замын нэг салшгүй хэсэг ачих, буулгах терминал юм. Терминалгүй бол ачаа ачиж буулгах боломжгүй. Мөн тухай төмөр зам нь гадаад, дотоодын төмөр замын сүлжээтэй холбогдсон байх ёстой. Ингэж байж үүргээ гүйцэтгэнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эрчим хүч, дохиолол холбоог орчин үеийн технологийн дэвшилт тоног төхөөрөмжөөр тоноглосон гэнэ.Орчин цагт нийцүүлсэн нь өртөө, зөрлөгийн барилга, байшингийн хэлбэр дизайн, тоног төхөөрөмжөөс харагдаж байлаа. Мал амьтныг хамгаалахын тулд төмөр замын хоёр талаар торон хашаа хүртэл татдаг. Торон хашаа нь хурдлан яваа галт тэрэгний урдуур мал, амьтан орж дайруулж үхэхээс хамгаалж, зориулан гаргасан нүхэн гарц болон гүүрэн байгууламжийн доогуур төмөр замыг гатлах нөхцөлийг бүрдүүлдэг.
Дээр дурдсанчлан барьж дуусгасан гол төмөр замынхаа хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд Хятадын талтай нэгдсэн ойлголцолд хүрч, хилийн төмөр зам холбох ёстой. Уурхай дээр нүүрс ачих буулгах терминалууд барих шаардлагатай. Мөн хилийн бүсэд ачих, буулгах, шилжүүлэн ачих терминал байгуулах учиртай. Уурхайд компаниуд өөрсдөө нүүрс ачих буулгах терминал, салаа замаа барих үүрэгтэй аж. “Тавантолгой төмөр зам” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг ачих терминалыг барьж байгаа юм билээ. Тэгвэл “Энержи ресурс” компани салаа төмөр зам, терминал барих ажлаа эхлүүлжээ. Харин орон нутгийн хэмээдэг “Тавантолгой” компани төмөр зам тавих, терминал барих газраа саяхан авч ажлаа эхлүүлсэн гэнэ. “Оюутолгой” компани салаа төмөр зам тавих ажилдаа хэдийн орсныг эх сурвалж дуулгасан. Дээрх ажлуудыг гүйцэтгэсний дараа сая ашиглалтад оруулсан гол төмөр зам Монголын эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж эхлэх юм. Эх сурвалжууд гурван жилийн дараа гэхэд энэ төмөр замаар их хэмжээний ачаа тээвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Зүгшрүүлэх тээвэрлэлтийг хоёр удаа хийж, нийт 20 орчим мянган тонн нүүрс хилийн бүсэд хүргэжээ. Нүүрсийг төмөр замаар чингэлгээр тээвэрлэх гэнэ. Терминал ашиглалтад ортол компаниуд чингэлгээ нүүрсээр дүүргэнэ. Түүнийг нь хүнд даацын өргөгчөөр ачиж, мөн хилийн бүсэд буулгаж, цааш нь машинаар экспортлох аж.
“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал эл төмөр замаар нэг тонн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомт хүртэл тээвэрлэхэд 11.8 ам.долларын зардал гаргах тооцоо хийснээ дуулгасан. Нэг тонн ачаанаас ийм хэмжээний төлбөр авахад төмөр зам хөрөнгө оруулалтаа 12 жилд нөхөх гэнэ. Хүнд даацын автомашинаар Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэл тээвэрлэхэд 46 ам.долларын зардал гардаг аж. Төмөр замыг ашиглалтад оруулснаар тээврийн зардал дөрөв дахин хямдрах юм. Мөн уурхайнууд амнаасаа нүүрсээ зарахаа больж, хил дээрээс борлуулдаг болох гэнэ. Тээврийн зардал хямдрах учраас компаниудын зардал багасна гэсэн үг. Энэ нь алсдаа улс орны эдийн засагт үр ашгаа өгөх билээ. Нээлтийн ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол амьдралын зам. Энэ төмөр замаар их хэмжээний нүүрс, хямд зардлаар тээвэрлэж Монгол Улс эдийн засгаа өөд нь татна, өр ширнээсээ сална” гэж хэлсэн. Гурван жилийн дараагаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам эдийн засагт бодит өгөөжөө хүртээж эхлэх нь дамжиггүй. Далайд гарцгүй манай орны хөгжлийн зүтгүүр нь төмөр зам билээ.