Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Шангри-Ла” зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өчигдөр эхлэв. Уг чуулга уулзалт нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, оролцогч талууд”, “Уул уурхайн салбар дахь технологийн дэвшил, инновац”, “Нүүрсний зах зээл дэх өөрчлөлт, түүний дүн шинжилгээ”, “Нүүрс экспортлогч компаниудыг зам, тээврийн бодлогоор дэмжих нь”, “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд”, “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдвийн хүрээнд үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө. Энэ удаад манай сонин чуулга уулзалтын нээлт болон “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, оролцогч талууд” сэдвийн хүрээнд тавьсан илтгэл, хэлэлцүүлгийг онцлон хүргэж байна.
Чуулга уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар саяхан томилогдоод буй, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлсэн. Тэрбээр “УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог дөрвөн жил даргалж ажиллахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал харьяалагдаж ирсэн. Тиймээс энэ салбарын асуудлыг сайн мэднэ. Салбарын сайдынхувьд цаашид уул уурхайн салбарт баримтлах бодлогоо товчхон танилцуулъя. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Ашиглалтын ч бай, хайгуулын ч бай тусгай зөвшөөрлөө төр өгсөн л бол бодлогоор дэмжинэ. Миний асуудал биш гэж хойш суухгүй. Салбарын үйл ажиллагааг хааж боосон зүйл гаргуулахгүйн тулд ажиллана. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих өрсөлдөөний чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Төр давуу байдалтай хандаж болохгүй. Төр бодлогоороо хувийн хэвшлийнхнээр ажлыг нь сайн хийлгэх ёстой. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална. Үүнийгээ бусад тал, эрх бүхий хүмүүст ойлгуулахыг чармайж ажиллана” гэв.
Чуулга уулзалтад Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт ба хууль, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Урт нэртэй”, Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт эрх зүйн баримт бичгийг өөрчилсөн, баталсан жилүүдийг Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хэрхэн өөрчлөгдсөнтэй харьцуулсан график харуулсан нь оролцогчдын анхаарлыг татав. Хууль, эрх зүйн орчноо өөрчлөх тусам гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо цөөрч байжээ. Г.Эрдэнэтуяа “Улс төрийн тогтворгүй байдал хууль, эрх зүйн орчны тогтворгүй байдал бий болгож байна. Монголчууд хууль, эрх зүйн орчноо засчихвал хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж боддог. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид баталсан хууль, журмаа удахгүй өөрчилчихнө гэж болгоомжилж байна. Тиймээс бид хууль, эрх зүйн орчноо тогтвортой байлгадаг болж хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм. Үүнээс гадна хууль, журмын дагуу уурхай нээхээс эхлээд хаах хүртэл 1200 орчим стандарт мөрдөж, 300 гаруй зөвшөөрөл авдаг аж. Энэ нь бизнесийн орчны дарамт болж байгааг тэрбээр онцолсон.
“Эрдэнэс Монгол” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэл тавьсан. Тус компани “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 62.5, “Багануур”-ын 75, “Шивээ-Овоо”-гийн 90 хувийг эзэмшдэг. Эл компанийг Үндэсний баялгийн сан болгохоор дүрмийг нь өөрчилснөөр дээрх аж ахуйн нэгжүүд Нүүрс, эрчим хүчний группэд нь харьяалагдах болсон. Энэхүү шийдвэр нь төрийн өмчит нүүрсний компаниудын засаглал, үйл ажиллагааны уялдаа холбоог нь сайжруулж, үргүй зардлыг багасгаж байгааг дурдав. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьснаар нүүрсний тээврийн зардал хямдарч, экспорт нэмэгдэх нөхцөл бүрдэж буйг тэмдэглэсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ажил эхлүүлээд буй. Нүүрсээ баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортлох нь төрийн өмчит компаниудын гол бодлого болсныг тэрбээр онцолсон юм. Чуулга уулзалтын хэлэлцүүлэгт оролцсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Нүүрсээ боловсруулж худалдах нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт” хэмээв.
МЕРА группийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure”-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдэвт илтгэл тавьсан. Уурхай хоёр тохиолдолд зогсдог гэж уурхайчид ярьдаг. Машин механизмынх нь шатахуун тасарвал зогсоно. Мөн тэсэлгээний материал, хэрэгсэл нь дуусвал зогсоно. Тус групп маш олон уурхайтай хамтарч ажилладаг, энэ чиглэлийн толгой групп. ОХУ Украин руу дайрснаас хойш тэсэлгээний материал, хэрэгслээ хойд хөршөөс тээвэрлэн авчрахад хүндрэлтэй болжээ. ОХУ зарим төрлийн тэсэлгээний бодисоо худалдахгүй гэдэг болсон байна. Тиймээс уурхайнуудаа зогсоохгүйн тулд хойд хөршөөс тэсэлгээний бодис импортлоход төр, засаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр сануулав.
“Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр Австрали, Индонез, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн оронтой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож хурааж байгааг харьцуулан судалжээ. Бусад улс орон нүүрсийг чанараас нь хамаарч, олон төрөлд ангилж, тухай бүрт нь жишиг үнэ тогтоон төлбөр хураадаг аж. Тухайлбал, Индонез улс нүүрсээ чанараар нь 79 ангилж, жишиг үнэ тогтоон төлбөр авдаг гэнэ. Тэгвэл манайх цөөхөн ангилал үүсгэж нүүрсборлуулсны орлогоос төлбөр хурааж ирсэн. Үүнээс гадна манайх жишиг үнээс АМНАТ хураах, эсвэл гэрээнийхээс авах шийдвэрийг ээлжилж гаргаж иржээ. Энэ нь компаниудад тодорхойгүй байдал үүсгэж, хамгийн гол хүндрэл болж байсныг З.Манлайбаатар онцолсон.
Хэлэлцүүлэгт оролцогчид өнгөрсөн жил нүүрсний борлуулалтын үнээс гурав дахин өндөр жишиг үнэ тогтоон АМНАТ хураасныг шүүмжилж байлаа. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Нүүрсний ангиллыг 29-д хүргэж нэмэгдүүлсэн. Нүүрсээ чанараар нь ангилах нь нэг хэрэг. Харин жишиг үнэ тогтоох аргачлалаа сайтар боловсруулах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. Мөн оролцогчид АМНАТ-ийн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт үлдээхгүй байгааг шүүмжилсэн. Тэд АМНАТ-ийг орон нутагт үлдээхгүй, Сангийн яам руу татаж буй учраас нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцдэг болсон гэж үзэж байлаа. Эл асуудлыг олон жил дамнуулан улиг болтол ярьж байгаа билээ. Энэ удаагийн чуулганд оролцогчид эрчим хүчний нүүрс экспортлох боломж ихээхэн нэмэгдэж буйг дуулгав. Өөрөөр хэлбэл, хятадууд манай эрчим хүчний нүүрсийг худалдаж авах сонирхлоо илэрхийлээд эхэлжээ.
Хууль, эрх зүйн орчноо тогтворжуулах, хөрөнгө оруулалт татах, нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн арилжих, АМНАТ тойрсон бодлогоо боловсронгуй болгох гэх мэт уул уурхайд шинэчлэх зүйл олон байгааг сануулсан чуулга уулзалт үргэлжилж байна. Ядаж л тэсэлгээний материал, хэрэгслээр яаж тасарчихгүй байх вэ гэдгийг хүртэл бодох ёстой болжээ.