БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалт 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр давхрын шалгалтын (CBT) танхимд явагдах болсныг тус байгууллагаас мэдээллээ.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net харах боломжтой.
Тусгай шалгалт өгөх иргэдийн анхаарах зүйлс:
- Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
- Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.
- Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
- Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах юм байна.