Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Уг нь байх ёсгүй ч нийтлэг болчихсон зөрчил, будилаан ч өрнөж буй. Манай УИХ-ын зарим гишүүний улирч сонгогдох үндсэн аргуудынх нь нэгийг орон нутгийн сонгуульд хэрэглэсээр байгаа аж. Түрүүчээсээ үр дүнг нь хэдэн сонгуулиар баталчихсан уг арга нь “царцаа” нүүлгэх. Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос эхлэн шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд зогсоосон. Сонгуульд нэр дэвших нь тодорхой болчихсон зарим хүн үүнээс урьтаж өөрийг нь дэмжих хүмүүсийн бүртгэлийг тухайн тойрог руугаа шилжүүлжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд өнгөрсөн долоодугаар сарын 13-наас сонгогчийн нэрийн жагсаалтыг байршуулсан. Сонгогчид election.burtgel.gov.mn хаягаар нэвтрэн, регистрийн дугаараа оруулаад өөрийн бүртгэлээ шалгах боломжтой. Гэвч зарим нь хэнэггүйгээсээ болж цагийг нь тулгаж шалгадаг, эсвэл сарын өмнө зүгээр байсан бүртгэл нь гэнэт л будилаантсан гэх мэт зөрчил гарсаар байна.
Мөн үзэл бодол, хийхээр төлөвлөсөн бодит ажил, санаачилгаараа шударга өрсөлдөхийн оронд бусдыгаа харлуулах, хорлох явуургүй хар пиар ч хийсээр байна. Сурталчилгааны самбартай “зодолддог” жижиг улс төр ч урьдын адил олон байгаа аж.
Урилгагүй зочид
“Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн ... тоотод нэмэгдэж ирсэн гурван “царцаа” яаралтай буцаад ниснэ үү. Хуулийн байгууллагад хандана шүү. Миний сайн таньдаг ... дугаар сургуулийн захирал эгч нарынхаа хамт байх юм” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Бас дээрх хаягаар орж бүртгэлээ шалгахыг бусдадаа уриалсан байна. Гэвч сонгогчийн бүртгэлтэй холбоотой зөрчил, гомдол гаргах хугацаа есдүгээр сарын 27-нд дуусчихсан. Тэгэхээр үүнээс хойш бүртгэлээ шалгаж, нууцаар хаягт нь нүүж ирсэн хүмүүсийг илрүүлсэн нөхцөлд хэрхэх талаар хуульд зохицуулалт алга. Хэдийгээр цахимаар бүртгэлээ шалгах боломжийг нь сонгуулийн санал хураалт болохоос гурван сарын өмнө олгосон ч иргэд тэр бүр энэ эрхээ эдлээд байдаггүй, эсвэл зарим нь цаг тулгаж нягталдаг гэмтэй. Мөн сарын өмнө шалгахад асуудалгүй байсан бүртгэлээ ахин нягтлахад зөрчил гарчээ. Тухайлбал, нэгэн эмэгтэй нийгмийн сүлжээнд “Хүүхдүүдтэйгээ хил нэвтрэх гээд төрсний гэрчилгээг нь “И-Монголиа” аппликэйшнээс харуулах гэтэл оронд нь огт танихгүй хоёр хүн гарч ирлээ. Миний хүүхдүүдийн бүртгэл алга. Шалган нэвтрүүлэхийн ажилтны өмнө хүүхдийн хулгайч мэт эвгүй байдалд орлоо. Сарын өмнө ингэж шалгуулахад хоёр хүүхдээс маань өөр нэр байгаагүй, үзүүлээд нэвтэрч болж байсан юм. Үүнийг би орон нутгийн сонгуультай холбон хардаж байна, хэнд хандаж гомдлоо гаргах вэ” гэжээ. Гаалийн ажилтан түүнээс хүүхдүүдийнх нь регистрийн дугаарыг цээжээр хэлүүлж, шалгалт авсан гэнэ. Бүх зүйлээ төлөвлөөд, тасалбараа аваад мөрөөрөө хил нэвтрэх гэтэл цахим бүртгэлийн будилаанаас болоод хэсэг саатуулагдсан нь энэ.
Танай хаягт ч бас иймэрхүү урилгагүй зочид байгаа юм биш биз. Ер нь та дээрх хаягаар орж, сонгогчийн бүртгэлээ шалгаж үзсэн үү. Үгүй бол нягтлаад үзэхэд гэмгүй. Өдөр тутмын амьдралын асуудлуудаа шийдүүлэх төлөөллийг сонгох гэж буй учир бид илүү хариуцлагатай хандах учиртай. Иргэдийн хяналт сайн байвал улс төрчид “царцаа” нүүлгэх замаар санал худалдаж авдаг хууль бус аргыг зогсоох боломж бий.
Самбартай “зодолдогчид”
Орон нутгийн сонгуулийг 2020 онд баталсан хуулийн дагуу мажоритар системээр, хуучин арга хэлбэрээр зохион байгуулж байгаа. Тиймээс эл сонгуульд өрсөлдөж буй 17 277 нэр дэвшигч тухайн шатны сонгуулийн хорооноос баталсан тодорхой байршлуудад зурагт самбараа тавьж буй юм. Гудамжаар нэг эрээн самбар болдог жишиг давтагдаж байна гэсэн үг. Тиймээс мөн л хуучин “хэрүүл” гарч байна. Нэр дэвшигчид хоорондоо үзэл бодол, сонгогдвол хийх ажил, түүнийгээ хэрэгжүүлэх бодит судалгаа, тооцоо, бодлого ярьж өрсөлдөх учиртай. Гэвч манайд ямар нэг сэдэв барьж аваад, түүгээрээ дамжуулан танигдах ядмагхан арга л хэрэглэдэг. Хэрэв хөндсөн асуудал нь үнэхээр олон нийтийн эрх ашигт хамаатай байгаад, эцсийн үр дүнг нь гартал явж, буруу булхай шийдвэрийг цуцлуулж чадвал өөр хэрэг. Гэвч хоосон орилж, шоудаж байгаад л сонгууль дуусмагц мартчихдаг учраас ядмаг арга гэж нэрлэж буй юм. Эсвэл өрсөлдөгчөө хорлох, нэр хүндийг нь унагах хар пиар хийнэ. Үүний нэг нь сурталчилгааны самбартай “зодолдох”.
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч, “Хашаандаа сайхан амьдаръя” группийн админ Ц.Түмэнбаяр сурталчилгааны гурван самбар нь алга болсон тухай бичжээ. Мөн ИЗНН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Г.Хажидмаа самбаруудыг нь унагаад орхисныг бичлэгээр үзүүлж, шударга өрсөлдөхийг уриалсан байна. Түүнчлэн ХҮН намаас нийслэлийн ИТХ-ын нэгдүгээр тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн самбарыг урж, сүйтгэсэн аж. Тус намын нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа болон Б.Батжаргал, Т.Золбаяр нарын гурван хүн уг тойрогт нэр дэвшиж буй юм билээ. Тэд мөн өсвөр насны хөвгүүд шөнийн цагаар самбарыг нь хэрхэн гишгэчиж байгаа бичлэгийг ч цахим сүлжээнд хуваалцжээ. Самбар сүйтгэж буй хүмүүс нь хүүхдүүд байсан учраас “Саваагүй хүүхдүүдийн л зан байна” гэсэн бол “Өөрсдөө урчихаад өрсөлдөгчөө хийлгэсэн болгох гэдэг нэг технологи байдаг шүү” гэх мэтээр хүмүүс байр сууриа илэрхийлжээ. Хүүхдийн саваагүй зан гэхээс илүү зорилготой хийсэн үйлдэл мэт харагдаж байна хэмээн нэр дэвшигч Б.Батжаргал ярьсан байна лээ. Учир нь шөнийн 03.00 цагт ийм үйлдэл хийсэн учраас санаатай хэмээн хардаж буй юм байна. Тэд холбогдох байгууллагад гомдол гаргаж, шалтгааныг нь тогтоох боломжтой. Гэвч иймэрхүү зөрчлийн буруутныг тогтоосон тухай дуулдаж байсангүй. “Өрсөлдөгч намынхан л ингэлээ” хэмээн бухимдаж, хардаад өнгөрүүлсээр уджээ. Самбар салхинд унасан байж болох ч урж тасадна гэдэг нь хэн нэгний гараар хийсэн үйлдэл. Хүүхдүүд тоглоод урсан байж болох ч шөнийн цагаар, хорсолтойгоор өшигчиж эвдэнэ гэхэд боломжгүй. Ийм явдал сонгууль бүрээр гардаг учраас самбартай “зодолддог” нэр дэвшигчид байсаар аж. Үнэндээ өрсөлдөгчдийнхөө сурталчилгааны самбарыг урж тасадлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Сонгуулийн сурталчилгаа дуусахад зургаа хоногийн хугацаа үлдээд байна. 1996 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай бие даасан хуультай болсноос хойш манай улс найм дахь удаагаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллөө сонгох гэж буй. Гэвч явцгүй сурталчилгаа, пиарын арга барилаасаа салж завдахгүй л явна. Хэдэн жилийн өмнөөс ялгаатай нь цахим орчинд сурталчилгаа түлхүү хийдэг болсон байна. Тэр хэрээр нэр дэвшигчид тийш сурталчилгаагаа чиглүүлж, зарим нь ялгарах гээд өөрийгөө балласан бичлэгүүд ч цацаж буй юм. Гэхдээ сурталчилгааны үеэр илэрдэг хууль бус бүхнийг байдаг л зүйл мэтээр хүлээж авч дасах учиргүй юм. УИХ-ын сонгуулиар зарим нэр дэвшигч мөнгө тарааж буй бичлэг нь байдаг ч гишүүн болчихдог, “царцаа” нүүлгэсэн тухай тоо баримт дурддаг ч араас нь чухам ямар арга хэмжээ авдаг нь тодорхойгүй. Хариуцсан төрийн байгууллагынхан нь ч, сонгогчид нь ч дөжирчихсөн, нэр дэвшигчид нь амташчихсан ийм л гунигтай дүр төрх өөрчлөгдсөнгүй. Хар пиар, хууль бус арга барилын үр дүнд бүрдсэн шат шатны өөрөө удирдах байгууллагаас иргэдэд ээлтэй, зөв шийдвэр гаргана гэж, бидний амьдралыг сайжруулна гэж хүлээх утгагүй. Тэгэхээр одоо хэн хяналт тавих вэ. Өөрийнхөө сайн сайхан амьдрал, өнөөдрийн төлөө та, бид л илүү хянамгай, хэрсүү байж, “царцаа” нүүлгэж, самбартай тэмцэгчдээс салах ёстой болж байна. Хууль бус аргад амташсан нам, нэр дэвшигчдээс татгалзаж, ялгаж салгах, сонгох эрхээ идэвхтэй эдлэх арга л үлджээ.