Канадын Торонто болон Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлсэн “Эрдэнэ ресурс девелопмент корпорац” Баянхонгор аймгийн өмнөд хэсэгт алтны хайгуул хийж буй. Улмаар ашигт малтмал ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй болсон. Тус компани “Алтан хөндий” төслийнхөө бүтээн байгуулалтыг эхлүүлж, уурхай нээхээр ажиллаж буй ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэднийх Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлэх үеэрээ нутгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хувьцаа эзэмшүүлсэн нь нутгийнхаа баялгаас хувь хүртэх боломжийг иргэдэд олгосон хэрэг байв. Нөгөөтээгүүр, энэ нь нутгийн иргэдтэй эдийн засгийн хамтын ажиллагаа үүсгэж буй хэлбэр юм. “Эрдэнэ ресурс девелопмент корпорац”-ын уул уурхайн үйл ажиллагааг нөлөөллийн бүсэд нь ороогүй, 130 км зайтай Баян-Өндөр сумын иргэд эсэргүүцэж буй. Баталгаатай эх сурвалжийн мэдээлснээр “нинжа” хэмээдэг, хувиараа алт олборлогчид өөр газраас ирж, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж байгаа аж. Тэдний цаад зорилго бол илрүүлсэн алтны нөөцийг нь олборлох гэнэ. Энэ бол Монголын уул уурхайд нүүрлээд буй гажуудлын нэг тод жишээ.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид аль нэг аймаг, сумын нутагт хайгуул хийхэд байгаль дэлхийгээ хамгаалж буй нэрийн дор Улаанбаатараас хүмүүс очиж эсэргүүцэх тохиолдол олон гарсан. Тэд байгаль дэлхийнхээ төлөө тэмцэж байна гэдэг ч үнэн хэрэгтээ уул уурхайн компаниас мөнгө авах сонирхолтой. Тэмцэл нь хайгуулын ажлыг зогсоосон тохиолдол ч цөөнгүй бий. Үнэхээр уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд багтаж буй иргэн эсэргүүцвэл хүндэтгэж үзэхээс өөр аргагүй. Харин харь хол нутгийн иргэд ирж, эсэргүүцэж буйг хэрхэн ойлгох вэ. Уул уурхайн компанийг хэн дуртай нь “бойкотолж” ажлыг нь нураадаг гажуудлыг засах ёстой. Уурхайн нөлөөллийн бүсэд багтаагүй этгээд хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор үйл ажиллагааг нь эсэргүүцвэл хариуцлага тооцдог эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэн эсэргүүцэх эрхтэй вэ, эсвэл үгүй вэ гэдгийг ялгаж салгах ёстой юм. Мэдээж уул уурхайн нөлөөллийн бүсэд багтаж буй иргэн нөхөн төлбөр, дэмжлэг авах эрхтэй байх нь зүйн хэрэг. Үүний төлөө үгээ хэлж, гомдол мэдүүлэх эрхтэй байх нь зөв. Гол нь ашиг сонирхлыг нь ялгаж, салгах хэрэгтэйг л хэлэх гээд байна.
Уул уурхай өндөр хөгжсөн Канад Улсад төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлээд нутгийн иргэдтэй ойлголц, тэдэнтэй харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүл гэсэн хандлага давамгайлах болжээ. Нутгийн иргэдээс хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах, уурхайдаа ажиллуулах гэх мэтээр эдийн засгийн хамтын ажиллагаа үүсгэдэг байна. Төслөө эхлүүлэхээс өмнө нутгийн иргэдийг сургалтад хамруулах тохиолдол ч байдаг гэнэ. Нутагт нь уурхай нээгдээд, тэр нь амьдралд нь ашиг тусаа өгч, амьжиргааг нь дээшлүүлж байвал эсэргүүцэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, тухайн уурхай урт хугацаанд үйл ажиллагаа явуулах “нийгмийн лиценз”-ээ авчихна гэсэн үг. Тэнд уул уурхайн зарим төсөл нутгийн иргэдээс зөвшөөрөл авахад гурван жил гаруйн хугацаа зарцуулсан тохиолдол ч байдаг гэсэн.
Манайд уул уурхайн компани нутгийн иргэдтэй ойлголцох нь бүү хэл, үйл ажиллагааныхаа талаар ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хайгуулын ажил эхлүүлсэн тохиолдол олон. Мэдээлэл өгөхгүйгээр ажлаа эхлүүлсэн төслүүд амжилт олдоггүй. Ямар ч ойлголт, мэдээлэлгүй иргэдийн сэтгэл зүй хүчтэй эсэргүүцэх хандлагатай байдаг. Хожим хэчнээн тайлбарлаж яриад тэдний сэтгэл зүйг эргүүлж чадахгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр уул уурхайн хайгуулын ч, олборлолтын компани ч нутгийн иргэдэд мэдээллээ ил тод нээлттэй байдлаар өгч, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа үүсгэх боломжийг эрэлхийлж байх хэрэгтэй. Нутгийн иргэдээс “нийгмийн лиценз” авахад нэлээд хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Яарч хөрөнгө оруулалт хийгээд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, төслөө зогсоож байснаас тэднээс зөвшөөрөл автлаа хүлээх нь зөв. Тэдэнтэй хамтарч ажиллах шаардлагатай. Ингэвэл төслөө урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалт бий. Эл заалттай уялдуулан Засгийн газар 2016 онд Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай гэрээний загварыг баталсан. Уг загварын дагуу орон нутгийн удирдлагууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй гэрээ байгуулж байгаа. Одоогоор тусгай зөвшөөрөл эзэмшигч 288 компани орон нутгийн засаг, захиргаатай гэрээ байгуулжээ. Гэрээнүүдийн гол агуулга нь байгаль орчныг хамгаалахаас гадна орон нутгийн хөгжил, иргэдийнх нь амьжиргааг дэмжих чиглэлтэй байдаг. Гэхдээ гэрээний хэрэгжилт учир дутагдалтай байна.
Гэрээг тухайн орон нутгийн удирдлагатай байгуулж буй. Тэгэхээр иргэдийн оролцоо төдийлөн хангагдахгүй гэсэн үг. Загвар гэрээний 4.1-т “Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид “хороо” гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна”, 4.2-т “Хороо нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг Иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө”, 4.3-т “Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэж заасан. Хорооны гишүүдийг Засаг дарга томилж, чөлөөлнө. Тэгэхээр хэдийгээр ИНХ-аас нэр дэвшүүлж буй ч өөрийн хүнээ томилоод, үзэмжээрээ ажиллуулах боломжтой.
Засаг даргатай гэрээ байгуулахаар зарим сул тал гарч ирж буй юм. Ил тод болсон хамтын ажиллагааны гэрээнүүдийн 90 хувь нь нэг жилийн хугацаатай. Хамтын ажиллагааны тохиролцоо маш бүрхэг. Зарим гэрээнд “Санхүүжилтийн дэмжлэгийг тухайн үед нь хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан байх жишээтэй. Сумын Засаг дарга ямар нэг санхүүжилт, дэмжлэг хүсэхгүй бол уул уурхайн компани гар хөдөлгөхгүй нь байна. Судлаачид орон нутгийн Засаг дарга нар хэдэн төгрөг аваад ажил хийсэн болж харагдахын тулд жилийн хугацаатай богино гэрээ байгуулдаг гэж дүгнэсэн. Мэдээжийн хэрэг нийт иргэдийн гэхээсээ илүү өөрийн нам, хувийн эрх ашигтаа нийцэх зүйлд уурхайн компанийн дэмжлэгийг авах нь гарцаагүй биз.
Тухайн аймаг, сумын Засаг даргатай гэрээ байгуулснаар нутгийн иргэдийн нийт эрх ашгийг хангаж, ашигт малтмалынхаа өгөөжийг хүртэж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Одоо бол чадахгүй байгаа. Тийм учраас нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцсээр буй. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хамтын ажиллагааны гэрээг Засаг даргатай биш, нутгийн иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагатай хийдэг болгох хэрэгтэй. Тэгээд нутгийн иргэд уул уурхайн компаниудтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ хэлэлцдэг байвал илүү оновчтой шийдэл болох буй за. “Манай нутгаас ашигт малтмал олборлолоо. Хэдэн үеэрээ нутагласан уул усаа ухуулж байна. Ингэлээ гээд бидэнд ямар ашигтай вэ” гэсэн асуултыг нутгийн иргэд хамгийн түрүүнд тавьдаг. Тэгвэл ашигт малтмал олборлосноороо уул уурхай компанид, цаашлаад улс нийгэмдээ ямар ашигтай, хамтын ажиллагаа үүсгэснээр нутгийн иргэдэд ямар тустай талаар ярилцах талбар нээх зохицуулалт хийх хэрэгтэй. Ийм зохицуулалт байхгүйгээс компаниуд гүжир аргаар ажиллах гэж оролдож, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Ярилцах талбартай бол ойлголцол бий болно. Нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр уул уурхай урагшлахгүй гэдэг нь илэрхий болсон билээ.