Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр “2022 онд улсын хэмжээнд 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй. Ургацын бүс нутгуудын Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сарын дундуур тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна” гэв.
Бэлтгэсэн: Ц.Ган-Эрдэнэ