Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр буйг ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар дурдав. Одоогоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас 2399 оюутан, 2377 цэргийн алба хаагч ургац хураахад оролцох хүсэлт ирүүлээд байгаа аж. Ургац хураалтад нийт 1041 комбайн, 587 жатка, 220 гаруй үтрэм, үр тариа цэвэрлэх машин 389, ачигч машин 316, төмс хураах комбайн 72, төмс ухагч 417, төмс, хүнсний ногоо ангилан сортлох машин 69 ширхгийг ашиглах бөгөөд техник засварын ажил нь 80 гаруй хувьтай байгаа гэнэ. Мөн хөнгөлөлттэй зээлийн үр дүнд дилер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр буй аж. Техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах боломж бүрдсэн гэв. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих сан 186, хувийн хэвшлийнхэн 364.2 мянган тонныг нь ашиглаж буй. Одоогоор элеваторуудад ариутгал, засвар, үйлчилгээ хийн, буудай хүлээн авахад бэлэн болжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэйг дээрх яамнаас өмнө нь анхааруулж байв.
Бэлтгэсэн Б.Сонор