“Тавантолгой төмөр зам” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж дуусаад буй. Уг төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг ирэх сарын 9-нд хийхээр товлосныг эх сурвалж дуулгалаа. БНХАУ-д нүүрс экспортлох зориулалттай уг шинэ төмөр замын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох гэнэ. Тавантолгойн ордын нүүрс ачих терминалаас Гашуунсухайт-Шивээхүрэн боомтын ойролцоох шилжүүлэн ачих терминал хүртэлх 240 км-ийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулсан. Улмаар туршилтын тээвэр хийж байгаа билээ. Одоогоор хоёр зүтгүүр, 200 вагоноор ээлжлэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэж байгаа гэнэ. Мөн тус компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замыг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр нүүрсний төмөр зам гол төмөр замтайгаа холбогдоод буй юм. “Тавантолгой төмөр зам” компани өртөө, зөрлөгийн туслах замтай нийлээд нийт 320 км төмөр зам тавьжээ. Төмөр замын уурхайгаас нүүрс ачих болон шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт ид өрнөж буй гэнэ. Тус төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламжуудыг барьж, холбооны шугамыг татаж бүрэн ашиглалтад оруулсан байна.