Даатгалын салбар тэлсээр байна. Даатгалын дийлэнх бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр борлуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хүслээр даатгалд хамрагддаг гэсэн үг. Тиймээс энэ салбарын өсөлт иргэдийн сэтгэл зүй, санхүүгийн боловсролоос ихээхэн шалтгаална. Тус салбарынхан монголчууд даатгалын ашиг тусыг сайтар ойлгодоггүй учраас өсөлт нь удаан байна гэж дүгнэдэг байлаа. Тэгвэл иргэдийн ойлголт сайжирч, даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэж буйг тус салбарынхан дуулгах болсон. Хандлагаа дагаад даатгалын салбар аажмаар өсөж байгаа аж.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 2007 онд даатгалын компаниудын хураамжийн орлого 13.8 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2021 онд 247.4 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын салбарын хураамжийн орлого 2007 оноос хойш 17 дахин өссөн нь энэ. Монгол Улсын эдийн засаг дээрх хугацаанаас хойш ихдээ гурав дахин тэлсэн. Тэгэхээр даатгалын салбар хурдтай өсөж байна гэж дүгнэж болно. Даатгалын компаниудын хураамжийн орлого 2011 оны эцэст 47.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Эндээс эдийн засаг идэвхжиж эхэлсэн үеэс даатгалын компаниудын хураамжийн орлого өссөн нь харагддаг.
Жолоочийн даатгалын тухай хуулийг УИХ 2011 оны намар баталсан. Энэ нь албан журмын даатгалын хууль юм. Өөрөөр хэлбэл, та жолоодох эрхийн үнэмлэхтэй агаад тээврийн хэрэгсэл жолоодох шаардлагатай бол заавал даатгалд хамрагдах үүрэгтэй. Уг хуулийг мөрдөж эхэлснээр даатгалын салбарын орлого огцом өсөв. Тодруулбал, 2012 онд даатгалын салбарын орлого 78.2 тэрбум төгрөгт хүрсэн юм. Бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлснээр уг салбарын орлого өсөөд зогсохгүй иргэдийн даатгалын талаарх мэдлэг, хандлага сайжирсан гэж дүгнэдэг.
Даатгал нь иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах механизм. Жолоочийн даатгалд хамрагдсан та санамсаргүй тохиолдлоор авто тээврийн осол гаргавал хохирогчийн хохирлыг даатгалын компаниуд төлж буй. Энэ жишээг олон хүн мэддэг болсон. Хэрэв ийм төрлийн даатгалын үйлчилгээ байгаагүй бол хохирлыг нь өөрийн халааснаас төлөх байв. Бага хэмжээний хураамж төлөөд, түүнээсээ хэдэн дахин өндөр санхүүгийн эрсдэлээ хаалгадаг нь даатгалын онцлог. Санхүүгийн салбарыг гурван хөлтэй гэдэг. Эдгээрийн нэг нь мөнгөний зах зээл буюу банк. Нөгөөх нь хөрөнгийн зах зээл юм. Эл хоёр зах зээлийн эрсдэлийг хамгаалдаг нь даатгал.
Эдийн засагт их хэмжээний хохирол учирвал даатгалын компани бүх мөнгөө нөхөн төлбөрт олгоод тэр дороо дампуурч ч мэднэ. Бусдын эрсдэлийг хамгаалдаг ч өөрөө эрсдэл өндөртэй, санхүүгийн нарийн төвөгтэй бизнест тооцогддог. Тиймээс хэн хүний шүүрч аваад хийдэг бизнес биш. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын даатгалын зах зээлд 15-18 компани л үйл ажиллагаа явуулжээ. Тус салбарт ажиллагсдын тоо 1475-д хүрсэн байна. Үүнийг 2007 оныхтой харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 804 мянган хуулийн этгээд даатгалд хамрагджээ. Үүний 680 мянга нь хувь хүн гэнэ. Даатгуулагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 132.3 мянга буюу 19.7 хувиар өссөн аж.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 124.3 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.1 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх хугацаанд даатгалын нөхөн төлбөрт 48.5 тэрбум төгрөг олгосон байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилийнхтэй харьцуулбал 19.5 тэрбум төгрөг буюу 67.2 хувиар өсжээ. Даатгалын хураамжийн орлого энэ жилийн эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 13.1 тэрбумаар өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 6.6 (41.8%), авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийнх 8.1 (37%), барилга угсралтын даатгалын хураамжийнх 1.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Даатгалын хураамжийн нийт орлогын 24.1 хувийг авто тээврийн хэрэгслийн, 18.3-ыг нь жолоочийн хариуцлагын, 17.9-ийг нь гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байгаа аж. Тээврийн хэрэгсэл, түүнийг жолоодохтой холбоотой даатгалын бүтээгдэхүүнийн орлого нийт даатгалын орлогын бараг талыг эзэлжээ. Уул уурхайн компаниуд ажиллагсдаа гэнэтийн осол, эмчилгээний даатгалд олноор хамруулах болсон. Тиймээс энэ төрлийн даатгал жинд дардаг болсон хэрэг. Эндээс иргэдийн даатгалд хамрагдах хандлагыг харж болох нь.
Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 19.5 тэрбум төгрөгөөр өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 3.7 (76.3%), авто тээврийн хэрэгслийнх 4.1 (49.2%), зээлийн даатгалынх хоёр (4.8 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Даатгалын нийт нөхөн төлбөрийн 33.2 хувийг жолоочийн хариуцлагын, 25.4-ийг нь авто тээврийн хэрэгслийн, 18-ыг нь гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзлэв. Даатгалын дээрх бүтээгдэхүүнээс өндөр дүнтэй хураамж авсан шигээ их хэмжээний нөхөн олговор олгожээ. Зээлийн даатгалын нөхөн төлбөр 4.8 дахин нэмэгдсэн нь банкуудын муу зээл өссөнийг илтгэж байна. Даатгал угаас эдийн засгийн аль хэсэгт эрсдэл үүсэж буйг илэрхийлж байдаг билээ.
Даатгалын компаниудын нөөц сангийн хөрөнгө 185 тэрбум төгрөгт хүрчээ. Зарим хүн нөөц сангийн хөрөнгийг даатгалын компаниудын ашиг гэж андуурдаг. Энэ нь болзошгүй эрсдэлийг хаахаар нөөцөлсөн мөнгө. Даатгалын компани өөрийн дураар үйл ажиллагаандаа зарцуулах эрхгүй мөнгө гэсэн үг. Үүнийг нөхөн төлбөрт олгох, эсвэл хөрөнгийн зах зээлээс өгөөж өндөртэй үнэт цаас худалдаж авахад зарцуулж болно. Хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авч буй нь нөөц сангийн хөрөнгийг өсгөж буй хэлбэр. Одоогоор “Мандал даатгал”-аас өөр компани нөөц сангийн хөрөнгөөрөө үнэт цаас худалдаж авахгүй байгааг эх сурвалж дуулгаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл даатгалын салбар тасралтгүй өсжээ.