АН-ын “4:11” ээлжит мэдээлэл өчигдөр болж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцрохыг шаардав. Энэ нь уржигдар УИХ-ын дарга гишүүн О.Цогтгэрэлийг парламент дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон тухай тус бүлгийн шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулсантай холбоотой аж.
Мэдээллийн цагт оролцсон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсад Үндсэн хууль байхгүй гэдгийг эрх баригчид батлан харуулж, хууль дээдлэх зарчим булшиллаа. УИХ-ын тухай хуульд тусгасан намын бүлгийн даргыг сонгохтой холбоотой заалтад бүлгийн нийт гишүүний олонхоор даргыг сонгож, чөлөөлөхөөр буй. Гэтэл О.Цогтгэрэлийг сонгосон хуралд зургаан гишүүн оролцсон. Эрх баригчид ийм байдлаар АН-аар тоглодог. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд УИХ-д АН-ын “тоглоомын бүлэг” байгуулах нь эрх баригчдад ашигтай. Г.Занданшатар дарга аа, таны өмнөөс нүүр улайлаа. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр таны үгийг сануулъя. Тухайн үед та “Одоо бүх асуудал шийдэгдэнэ. Улс орны өмнө тулгарсан бүх асуудал арилна. Үндсэн хуульд байсан бүх гажуудлыг заслаа. Шударга ёсыг тогтооно. Төрийн алба цэгцрэх замдаа орлоо” гэх мэтээр ярьсан шүү дээ. Сайд болох хүсэлдээ автсан Ардын намын гишүүд Ерөнхий сайд, намын даргаа шахаж байна. Энэ нь Монгол Улсыг засаглалын хямрал руу түлхэх эрсдэлтэй. АН-ыг эрх барьж байхад “давхар дээл”-ийг эсэргүүцээд Төв талбайд жагсаж байсан хүмүүс сайд болох гээд гүйж яваа сурагтай” гээд огцрох өргөдлөө өгөхийг шаардав.