Монгол уул уурхайн орон болсон. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Төсвийн орлогын 25 хувийг тус салбарынхан бүрдүүлдэг. Экспортын орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ хил давуулснаар олж буй. Монголын хамгийн бүтээмж өндөртэй салбар бол уул уурхай. Дээрх үзүүлэлтүүд уул уурхайн орон болсныг нь эрхгүй илтгэнэ. Гэхдээ манайх уул уурхайн хөгжил өндөртэй орны тоонд багтахгүй. Уул уурхайн салбар нь өндөр хөгжсөн Канад, Австралитай харьцуулбал хагас зуун жилээр хоцорч явааг мэргэжилтнүүд хэлдэг.
Хүнтэй зүйрлэвэл манай уул уурхайн салбар эрийн цээнд хүрч төлөвшөөгүй байна. Төр, засгаас уул уурхайн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого нь шилжилтийн насны хүүхдийн араншин шиг тогтворгүй. Тэгэхээр манай улсын уул уурхайн салбарын хөгжил шилжилтийн насан дээр явна гэж оймоотон дүгнэж болно. Эдийн засгийн өрсөлдөөнд ажлын арга барил, технологи байнга хөгжиж байдаг. Ийм жишгээр уул уурхайн салбар ч өрсөлдөөн дунд хурдтай хөгжсөөр байна. Өдгөө уг салбараа өндөр хөгжүүлсэн гэж үнэлэгдэж буй Канад, Австрали, Чили ч “хурдаа” нэмсээр байгаа. Манай улс тэдэнтэй мөр зэрэгцье гэвэл илүү хурдлах ёстой. Гэтэл Монголын уул уурхайн салбарын хөгжлийн хурд саарсаар сүүлийн жилүүдэд дороо хий эргэх болов. Бид хойш суусаар, тэд урагш давшсаар байна. Өнөөгийнх шиг дороо хий эргэн зогссоор байвал Монголын уул уурхайн салбар дэлхийд бүү хэл Азидаа ч тэргүүлэгч байр сууринд хүрэхгүй нь тодорхой.
Уул уурхайн салбар 2006-2012 оны хооронд асар хурдтай хөгжсөн. Олон төсөл эхэлж, шинэ уурхайнууд нээгдсэн үе. Монголын уул уурхай “моодонд” орж гадаадын хөрөнгө оруулалт энэ салбар луу цутгаж байлаа. Хөрөнгө оруулагчид хайгуул, олборлолтод их хэмжээний мөнгө “цацсан”. Үүнээс хойш уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт “уруудсан” гэж хэлж болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хайгуулын лиценз олгохыг зогсоосон, мөн уул уурхайн салбарт зарим хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталсан нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн билээ. Бид гэмээ ухаарч, хуулиа зассан ч хөрөнгө оруулагчид эргэж ирээгүй.
...Уг нь геологи хайгуулын салбарын хөгжил, ололт амжилт уурхайн салбарынхаасаа 20 жилээр түрүүлж явах ёстой гэдэг. Тэгвэл манай улсын хайгуулын салбар “гүн нойрсож”, хөгжил нь 10 жилээр ухарлаа...
Геологи, хайгуулын салбар сүүлийн 10 жил гацлаа. Засгийн газар хайгуулын лицензийг хуудуу луйвар, авлига, хээл хахуульгүй олгох оролдлого хоёр ч удаа хийгээд бүтэлгүйтсэн. Өдгөө ч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрмөсөн зогсоогоод байна. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргадаг статистикаас харвал өнгөрсөн зургадугаар сарын эцсийн байдлаар манай улс ашигт малтмалын нийт 2581 тусгай зөвшөөрөлтэй болжээ. Үүний 1707 нь ашиглалтын, 874 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм. Монгол Улс “моодонд” орж, уул уурхайн хөгжилд огцом дэвшил гарсан он жилүүдийн эхэн үе буюу 2008 онд ашигт малтмалын нийт 5202 тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Үүний 1091 нь ашигт малтмал ашиглалтын, 4111 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байв. Тэгвэл одоо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 600 гаруйгаар нэмэгдэж, хайгуулынх нь бараг таван дахин цөөрчээ.
Хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудаа ашиглахаар тусгай зөвшөөрөл авах нь зүйн хэрэг. Иймээс ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэх нь ойлгомжтой. Сүүлийн 10 жилд хайгуулын тусгай зөвшөөрөл маш цөөхнийг олгосон. Тиймээс цөөрөх нь дамжиггүй. Дээр дурдсан хайгуулын 4111 тусгай зөвшөөрлийн дийлэнхийг 2008-2012 оны хооронд олгосон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 12 жил. Хэрэв нэмж зөвшөөрөл олгохгүй бол энэ тоо 2024 он гэхэд 300 болно гэж уул уурхайн салбарынхан төсөөлж буй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталж, сонирхсон этгээдийн бүртгэлийг цахимаар авч, олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар сонгон шалгаруулахаар болсон. Ашигт малтмал, газрын тосны газрынхан лиценз олгох бэлтгэл ажлыг хийн, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс эхлүүлэхээр зэхээд байв. Гэвч Засгийн газраас хойшлуулах чиглэл өгсөн юм. Уг нь геологи хайгуулын салбарын хөгжил, ололт амжилт уурхайн салбарынхаасаа 20 жилээр түрүүлж явах ёстой гэдэг. Тэгвэл манай улсын хайгуулын салбар “гүн нойрсож”, хөгжил нь 10 жилээр ухарлаа.
Дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1707-д хүрснийг дурдсан. Үүнээс энэ оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 391 талбайгаас олборлолт хийх төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 20 гаруй хувиас уул уурхайн бүтээгдэхүүн олборлодог аж. Энэ нь мөн л дороо хий эргэж буйг харуулах үзүүлэлт бус уу.
Зэс хайлуулах, хар төмөрлөгийн үйлдвэр байгуулна, коксжих нүүрсээ баяжуулна, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох төмөр зам тавина гэж ярьсны 14 жилийн ой тохиож байна. Гэвч аль аль нь алга. Заримынх нь суурийг ч тавьж чадаагүй явна. Зэс хайгуулах болон хар төмөрлөгийн үйлдвэр барих цаг нь болоогүй, хэтийн мөрөөдөл ч байж мэднэ. Харин өнгөрсөн 10 гаруй жилд багтаан Тавантолгойн ордод өндөр хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэр бариад, баяжуулсан нүүрсээ тээвэрлэх төмөр замаа тавьчихсан бол том дэвшил авчрах байлаа. Том төслүүдийн үр ашиг, нэмүү өртгийг сайжруулах үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хүртэл хийж чадахгүй, 10 гаруй жил дороо хий эргэсэн байгаа биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед алдагдсан боломжийн үнэ цэнийг тооцох тухай ярих боллоо. Үнэн хэрэгтээ уул уурхайн салбарыг хөгжүүлэх олон боломжийг алдаж, хөгжлийг нь хойш чангаажээ.
Уул уурхайн салбарыг дор нь хий эргүүлж, хөгжлийг нь гацааж буй шалтгааныг ухаантнууд улс төрийн эдийн засгийн бодлогын тэнцвэр алдагдсанаас үүдсэн гэж оношилж буй. Одоо тэгвэл эмчлэх хэрэгтэй. Энэ тухай хожим өгүүлнэ.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар