Засгийн газарт УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй дөрвөөс илүүгүй сайд ажиллахаар заасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэц хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулж буй. Улмаар өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тодруулбал, Цэцийн эцсийн шийдвэр буюу их суудлын хуралдааны тогтоол гарсантай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг зохицуулахаар уг төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, үүгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах хүртэлх харилцааг хуульчлах юм. Түүнчлэн Цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэж буй, эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхгүй байхаар заасан байна. Ингэснээр УИХ-ын эрхэнд халдах буруу жишиг тогтох нь гэсэн яриа, шүүмжлэлд эцэс тавих хууль эрх зүйн боломж бүрдэнэ гэдгийг санаачлагчид онцолж байлаа.
Уг төслийг өргөн барьсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, баталсан юм. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй учир эхний хэлэлцүүлгийг эцсийнхтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрсөн юм.
Мөн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон тухай тус бүлгийн шийдвэрийг уншиж танилцууллаа.