Украины экспортоор хямралыг намжааж байгаа ч олон бүс нутагт хэт халж байгаагийн улмаас хүнсний нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам наймдугаар сарын урьдчилсан мэдээндээ тэмдэглэжээ. Ган гачгийн улмаас Европын Холбоо эрдэнэ шишийн ургацын зургааны нэг хэсгийг алдах аюултай байгаа бол дэлхий даяар бараг 40 сая тонн алдагдал хүлээж болзошгүй. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн гурваас илүү хувь юм. Тухайлбал, наранцэцгийн ургац хамгийн их буюу зургаан сая тонныг алдах нь. Ийм ургацын хэмжээ 11 хувиар буурах бололтой. Үр тарианы хувьд тийм их ургац алдахгүй ч Европын Холбоо, Энэтхэгт алдах ургацыг Канад, Оросынхоор нөхөж болохоор авч экспортын хязгаарлалт хүндрэл учруулна. Эл хязгаарлалт нь дотоодод үнэ буурч, үр тарианы үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа алдагдахад хүргэх аж. Үүний сацуу хэт халууны улмаас дэлхийн зах зээлд хөвөнгийн үнэ 30 хувиар өссөн тухай “Bloomberg” мэдээлэв. Энэтхэг, Хятад, АНУ, Бразилд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хөвөнгийн үйлдвэрлэл асуудалтай тулгарч байна.
Шинжээчдийн тооцоолсноор ган гачиг, хэт халалтын улмаас Бразилд хөвөнгийн ургац бараг 30, АНУ-д 28 хувиар буурсан байна. Эдгээр улс дэлхийн хөвөнгийн үйлдвэрлэлийн тал орчим хувийг бүрдүүлдэг. Энэтхэгт их хэмжээний бороо орсон болон шавжны улмаас үйлдвэрлэл маш их буурч, түүхий эдээ гадаадаас худалдан авч эхлэхэд хүрчээ. Хятад улс ч мөн цаг агаарын нөлөөгөөр хөвөнгийн ургац нь мэдэгдэхүйц буурна гэж эмээж байна. Уг түүхий эдийн ханш 2011 онд дээд амжилт тогтоож байжээ. 2022 оны хоёрдугаар хагаст хөвөнгийн үнэ тогтворжино гэж зах зээлд оролцогчид найдаж буй аж.
Энэ жил дэлхийн олон оронд агаарын температурын дээд үзүүлэлт шинэчлэгджээ. Энэтхэгийн зарим нутагт агаарын температур 50 градус хүрчээ. Хятад, АНУ-д хамгийн халуун өдрүүдэд агаарын температур 40 градус зааж буй гэнэ.