Монголын эдийн засгийн нэгэн гол үзүүлэлт болох гадаад валютын нөөц багасаж, муугийн дохио хангинуулж эхлэв. Тодруулбал, гадаад валютын нөөц 2.87 тэрбум ам.долларт хүрээд байна. Манай улс сүүлийн зургаан сард дунджаар 650 сая ам.доллароор бараа, бүтээгдэхүүн импортолсон. Тэгэхээр Монгол Улс дөрвөн сарын хэрэглээгээ хангах валютын нөөцтэй үлдээд байна гэсэн үг. Тухайн улс орны гадаад валютын нөөц гурван сарын импортын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрвэл Олон улсын валютын сангаас эдийн засаг нь хямарсан гэж үзэн, арга хэмжээ авдаг тогтолцоотой. Гадаад валютын нөөц ийм бага хэмжээтэй болсон нь муугийн дохио мөнөөс мөн. Нөөцөө барчихвал бид эдийн засгийн удирдлагаа ОУВС-гийнханд шилжүүлэхээс өөр сонголтгүй болно.
Уншигч авхай гадаад валютын нөөц яагаад багасдаг вэ гэдэг асуулт тавьж магадгүй. Гадаад валютын нөөцөөр төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхдөг. Үндэсний статистикийн хорооноос саяхан Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний хагас жилд 1.1 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлсэн. Тэгэхээр гадаад валютын нөөцөөрөө төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөөд, муугийн дохио хангинах хэмжээнд хүртэл бууруулчихсан байх нь. Монголбанкны цахим хуудсан дахь мэдээллээс үзвэл, энэ оны эхний хагас жилд гадаад валютын нөөцөөс 1.09 тэрбум ам.доллар зарцуулж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхжээ. Мөн ОУВС-гийн 9.3 сая “ногоон”-ы зээлээр төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхсөн байна.
Манай улс энэ оны эхэнд 3.94 тэрбум ам.доллартой дүйх гадаад валютын нөөцтэй байлаа. Мэдээжийн хэрэг үүний 1.09 тэрбумыг төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байвал манай улсын валютын нөөц шавхагдсаар байх нь. Харин төлбөрийн тэнцлээ ашигтай гаргавал гадаад валютын нөөц нэмэгдэх учиртай. Энгийн ойлголтоор эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулъя гэвэл төлбөрийн тэнцлээ ашигтай гаргах нь чухал аж. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, түүнийг гадаад валютын албан нөөцөөрөө нөхөж байгаа нь Монголын эдийн засаг “цус алдаж” буй хэлбэр. Хүн цус алдахаар тамир тэнхээ нь доройтож, бие нь мууддаг. Тэгэхээр хүнтэй зүйрлэвэл манай улсын эдийн засгийн тамир тэнхээ суларч байна гэсэн үг. Цус алдаж буй хүнд цус сэлбэдэг. Манай улс “цус сэлбэх”-гүй бол гадаад валютын нөөцөө барах магадлал өндөр байна.
Тэгэхээр олон улсын санхүүгийн байгууллага, гадаад зах зээл, стратегийн түншүүдээс валют зээлж, төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөхөөс өөр аргагүй. Уг нь төлбөрийн тэнцлээ сайжруулах хамгийн гол арга зам нь экспортоо нэмэгдүүлэх. Гэвч богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх боломж Монголд байхгүй. Статистикаас харвал сүүлийн 10 жилийн зургаад нь төлбөрийн тэнцэл алдагдалтай, дөрөвт нь ашигтай гарчээ. Засгийн газар өндөр үнийн дүнтэй бонд гаргасан жил л төлбөрийн тэнцэл ашигтай байсан нь анзаарагдав. Экспортын орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан бол сайн үзүүлэлтэд тооцож болно. Харин өр тавьж төлбөрийн тэнцлээ ашигтай гаргасныг сайн үзүүлэлт гэж тооцох ёсгүй. Төлбөрийн тэнцлээ алдагдалтай гаргаж, түүнийгээ өр тавьж нөхөх буруу замаар монголчууд “зорчиж” байна. Эл алдагдал эцэст нь Засгийн газар, Төвбанкны нуруунд өрийн дарамт болон бууж буй. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх “цус” нь гадаад өр аж. Эдийн засаг “цус алдсаар” байвал гадаад өр нэмэгдсээр байх нь. Тэгэхээр “цус алдаж” буй газраа олж тогтоон, боох хэрэгтэй.
Монголын эдийн засаг хаагуураа “цус алдаад” байна вэ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс байнга өндөр алдагдалтай гардаг. Үүгээр “цус алдаж” байгааг эдийн засагчид, санхүүчид, улстөрчид мэднэ. Уг нь улстөрчдийн анхаарлын төвд байж, бодлого шийдвэрт нь тусгалаа олж байх зүйл бол төлбөрийн тэнцлийн алдагдал юм. Гэвч манай УИХ, Засгийн газрын гишүүд төлбөрийн тэнцлийг ойшоож үздэггүй байсан. Харин сүүлийн үед төлбөрийн тэнцлийн алдагдлын талаар улстөрчдийн амнаас үг унах болсонд эдийн засагчид ихээхэн таатай хандаж буй. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ эхний хагас жилд 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал алдагдал 1.1 тэрбум “ногоон”-оор буюу хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. Урсгал дансны алдагдал хоёр дахин өссөн нь эдийн засагчдын анхаарлыг татаж, санааг нь зовоож байна. Уг үзүүлэлт 2020 оны эхний хагас жилд 722.6 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулбал гурав дахин өндөр юм. Урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны орлогоор нөхдөг. Санхүүгийн данс 1.03 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Ингээд зөрүү нь 1.1 тэрбум “ногоон” буюу эхний хагас жилд төлбөрийн тэнцэл ийм хэмжээний алдагдалтай гарсан хэрэг.
Урсгал дансыг дотор нь бараа, үйлчилгээ, анхдагч болон хоёрдогч орлого гэж хуваадаг. Барааны данс 425.5, үйлчилгээнийх 861.8 сая, анхдагч орлогынх 1.2 тэрбум “ногоон”-ы алдагдалтай гарчээ. Харин хоёрдогч орлогын данс 249.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Тэгэхээр урсгал дансны алдагдлаа хэрхэн бууруулах вэ гэдэгт толгойгоо гашилгах хэрэгтэй болж байна. Эдийн засагчид үйлчилгээний дансны алдагдлыг бууруулах боломжтой гэж үздэг. Тээврийн үйлчилгээнд бид энэ оны эхний хагас жилийн байдлаар 191.1 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Аялал жуулчлалаас 341.7 сая “ногоон”-ы алдагдал хүлээсэн байна. Бусад үйлчилгээний зардлаас 301 сая ам.доллар “алдав”.
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашинуудын дийлэнхийг БНХАУ-ын компаниуд эзэмшдэг. Тэд жилд тээврийн хөлсөнд 500 орчим сая ам.доллар авч, хил давуулдаг гэсэн тооцоо бий. Иймээс дотоодын компаниудаар нүүрсээ тээвэрлүүлбэл дээрх мөнгө дотоодын зах зээлд үлдэж, төлбөрийн тэнцлийг сайжруулна гэсэн гаргалгаа бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулснаар төлбөрийн тэнцлийг сайжруулна гэсэн хүлээлт үүсээд байна. Эл төмөр замыг ирэх жил гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй.
Монгол Улсад энэ оны эхэнд 121 мянган жуулчин зочилж, 122 сая ам.долларын орлого оруулсан. Гэвч аялал жуулчлалаас олсон орлогоос гадаад руу “урсгасан” валют 341 сая “ногоон”-оор илүү байна. Иймээс “Утаагүй бизнес” хэмээдэг аялал жуулчлалыг хөгжүүлэх нь төлбөрийн тэнцлийг сайжруулах гарц юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар зээлийн хүүгийн төлбөрт жилд нэг тэрбум орчим ам.доллар төлдөг. Өрийн менежментээ сайжруулж, өндөр хүүтэй зээлээ төлөх, эсвэл бага хүүтэйгээр солих нь төлбөрийн тэнцлийг сайжруулах бас нэг гарц билээ. Монгол Улсын эдийн засаг урсгал дансаар дамжин “цус алдаж” байна. Одоо алдаж буй цусаа тогтоох талаар бодох цаг.