-“Тийсс Монгол” компанийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Тийсс Монгол” компани Монголын уул уурхайн салбарт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Австрали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Монголыг давхар хариуцаж байх үедээ манай оронд ямар бизнес хийж болохыг эрэлхийлсэн арга хэмжээг зохион байгуулсан юм билээ. Тухайн үед Австралийн олон компани манайд ирж, төр, засгийнхантай уулзалт хийсний нэг нь “Лейтон” байсан. Ингээд Монголын уул уурхай асар их ирээдүйтэй юм байна, тиймээс салбар компаниа байгуулах нь зөв гэж үзэж, 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед “Тийсс” (Thiess)-ийн үндсэн үйл ажиллагаа нь Австралидаа төвлөрч, Африк, Индонез, Латин Америкт ажиллаж байсан. Монгол Улс тус компанийн шинэ зах зээл болсон гэсэн үг. “Тийсс Монгол” нь Монголд анх “Лейтон” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. “Лейтон” нь барилга угсралт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан компани. “Лейтон” компанийг Австралийн СIMIC групп эзэмшдэг. Тус групп 2015 онд “Лейтон”-ыг барилгын төслүүд рүү нь чиглүүлэх, уул уурхайн хэсгийг нь “Тийсс”-т шилжүүлэх зохион байгуулалт хийсэн. Үүнээс хойш компанийн нэр өөрчлөгдсөн юм. “Тийсс Монгол”-ын анхны оролцсон төсөл нь “Энержи ресурс” компанийн Тавантолгойн орд дахь Ухаахудагийн уурхай байсан. Би “Гоёо” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд “Энержи ресурс”-ийн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Тэр үед “Лейтон” компани Ухаахудагт хэдийн ажлаа эхлүүлчихсэн, монгол уурхайчдыг бэлтгэж байлаа. Ажилчид нь “Энержи ресурс”-ийнх. Удирдлага, менежерүүд нь “Лейтон”-ы хүмүүс байсан. “Лейтон” монгол уурхайчдыг бэлтгэж, өмнө нь хэрэглэж үзээгүй өндөр хүчин чадалтай техникүүд ашиглаж эхэлсэн. Малчин залуусыг мэргэжилтэй ажилчин болгож, тэр бүү хэл анхны эмэгтэй операторуудыг бэлтгэсэн. Тэднийг 260 хүртэлх тоннын даацтай дамптрак болоод бусад техникийг жолоодож сургасан юм. “Энержи ресурс”-т эмэгтэй операторуудын ээлж хүртэл гарч байлаа. Дараа нь “Лейтон” Улаан-Овоо, Хөшөөтийн уурхайн төсөлд ажилласан. Өөр нэг сонирхолтой төсөл нь Салхитын 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг барих ажил байсан юм. Тухайн үед монголчуудад том хэмжээний салхин парк байгуулах туршлага байгаагүй. “Ньюком” групп барууны хэд хэдэн хөрөнгө оруулагчтай хамтран энэ төслийг хэрэгжүүлэхэд туслан гүйцэтгэгчээр нь “Лейтон” ажилласан. Том хэмжээний салхин сэнсний багана суурилуулах суурийг хэрхэн цутгах вэ, овор хэмжээтэй, урт сэнс болон бусад эд ангийг нь эвдрэл, гэмтэлгүй хэрхэн тээвэрлэх вэ гээд олон шийдэл гаргасан. Оюутолгойн гүний уурхайд 2016 оноос хойш нийт 16 км урт туузан дамжуургын үндсэн болон үйлчилгээний гэсэн хоёр хонгил гаргалаа. Газрын 1.5 орчим км-ийн гүн рүү хонгилууд ухсан. Манай компанийн ухсан хонгилд туузан дамжуургын тоног төхөөрөмж угсрах ёстой. Түүгээр “Оюутолгой” компани газрын гүнээс олборлосон хүдрээ гадарга руу тээвэрлэнэ. Гүний уурхайд хонгил малтахдаа далд уурхайн бүтээн байгуулалтад ашигладаг сүүлийн үеийн машин тоног төхөөрөмжийг цөмийг нь ашигласан. Нийт 300 гаруй монгол хүнийг далд уурхайд хонгил гаргах технологи, арга барилд сургалаа. Эхэн үедээ гадаадын олон мэргэжилтэн ажиллаж байсан. Зургаан жил үргэлжилсэн ажлын явцад гадаадын эскпатууд монголчуудад ажлын байраа шилжүүлээд байна. Анх 30-40 экспат ажиллаж байсан бол төсөл дуусахад гадаадын 3-4 мэргэжилтэн үлдсэн. Хонгил малтах техникийг ажиллуулах операторууд хүртэл гадаадын мэргэжилтэн байлаа. Монголчууд далд уурхайд хонгил гаргах техникийг жолоодож сураад, гадаадаас мэргэжилтэн ажиллуулах шаардлагагүй болох жишээтэй. Цар тахлын улмаас гадаадын олон мэргэжилтэн ирж чадахаа больсон учраас монгол залуус өөрсдөө бие даан ажиллалаа. Манай компани өнгөрсөн хугацаанд Монголын уул уурхайн салбарт техник, технологийн, ажлын арга барилын олон сайн жишиг, ноу-хау нэвтрүүлсэн гэж боддог. Ажил олгогчийн хувьд ч гэсэн ажилтнууддаа нийгмийн хамгааллын давуу нөхцөлийг олгодог. Хамгийн сүүлд уурхайн ажилтнууддаа улсынхаас хэд дахин давуу нөхцөлтэй нэмэлт хувийн даатгалд хамрууллаа. Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэхээс гадна түүнээс давуулсан сайн нөхцөл бий болгож байна гэсэн үг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах тал дээр бид идэвхтэй ажилладаг. Манай компанийн Улаанбаатарын оффист 40-өөд хүн ажиллаж байгаагийн ес нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
-Танайх Оюутолгойн гүний уурхайд налуу хонгил малтахад “Хишиг арвин индустриал” компанитай хамтран ажилласан. Танайхаас гадна “Рэдпаф Монгол”-той “Хасу мегаватт” хамтран ажилладаг. Ингэж хамтрахын үр ашгийг хөндлөнгөөс гадаадын компаниудын туршлагыг монголчуудад сургах гэж хардаг л даа. “Хишиг арвин индустриал” компани танай туршлагаас нэлээд суралцсан болов уу. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол “Оюутолгой” компанийн гаргасан оновчтой шийдвэр л дээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс өмнө үүнд оролцох компаниудад заавал монгол түнштэй бол гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу барууны олон компани Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцохын тулд монгол түншүүдтэй болсон юм. “Тийсс Монгол” Ухаахудагийн төсөлд дангаар ажиллаж байгаа бол Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад “Хишиг арвин индустриал”-тай хамтарсан “Тийсс хишиг арвин жэйви” компанийг байгуулж, ажилласан. “Хишиг арвин индустриал” бол Монголын томоохон гэрээт олборлогч компани. “Тийсс Монгол”-ын хувьд тэднийд ажлын туршлага, мэдлэг, арга барилаа хуваалцаж байгаа. Тэрийг нь “Хишиг арвин индустриал” компанийн хувьд өөрсдийнхөө нөхцөлд тохируулан ашиглаж байгаа гэж бодож байна. Аль аль нь олборлогч компани. “Тийсс Монгол”-ын хувьд олон улсын болоод урт хугацааны туршлагатай компани. “Хишиг арвин индустриал” ид бойжиж буй компани. Тиймээс олон жилийн туршлагатай компаниас суралцах зүйл их байдаг болов уу. Бие, биеэ нөхсөн үр ашигтай хамтрал гэж харж байгаа. Гэхдээ бүх давуу тал нь “Тийсс”-ийнх биш. Аль алинд нь давуу тал бий. “Энержи ресурс”-тэй хамтран ажиллаж байгааг нь ч оновчтой шийдэл гэж хардаг. Тус компанид манай цөөн экспат ажилладаг бол “Тийсс Монгол”-ын уулын ажлын техникүүдийг “Энержи ресурс”-ийн ажилчид жолооддог.
-“Тийсс Монгол”-ын давуу талыг илүү тодотговол юуг дурдах вэ?
-“Тийсс” олон орны зах зээлд ажилладгийг дурдсан. Үүгээр зогсохгүй уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг олон компанитай хамтран ажилладгийн хувьд ихээхэн давуу талтай. Уул уурхайн тоног төхөөрөмжийг хамгийн өндөр бүтээмж гаргаж ашиглах, тэдгээрийг засварлах олон технологийг Монголд нутагшуулж байна. Бид “Caterpillar”, “Liebherr” гэх мэт том үйлдвэрлэгчийн олон жилийн үндсэн хэрэглэгч. Энэ нь шинэ тоног төхөөрөмж, эд анги худалдаж авахад цаг хугацаа, үнэ өртгийн хувьд давуу тал болдог. “Тийсс” уул уурхайн хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлж байна. Чилид гэхэд бүрэн цахилгаан дамптрак ашиглаж байгаа. Дэлхийн уул уурхайн чиг хандлага цахилгаанаар ажилладаг техник ашиглах тал руу хэлбийж буй. Монголд ч ийм санаачилга гаргаад эхэлсэн. “Тийсс”-т шинэ тоног төхөөрөмжөөс гадна инженерингийн шийдлүүд гаргах туршлага бий. Техник, технологийн давуу талдаа тулгуурлан бага зардлаар өндөр бүтээмж бий болгох инженерийн шийдэл гаргаж, тэр нь үр ашиг авчирдаг. Хэчнээн сайн инженерийн шийдэл гаргасан ч түүнийг нь дэмжих техник, технологи байхгүй бол үр ашиггүй л дээ. Техник, технологидоо тааруулж шийдэл гаргахаас өөр замгүй. “Тийсс” уул уурхайн техник, технологийн давуу талтай, үр ашигтай ажиллах инженерийн шийдэл гаргах хүний нөөцтэй компани. Иймээс л Оюутолгойн гүний уурхайд хонгил ухах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан хэрэг. Жишээ дурдахад, бид гүний уурхайн өрмийг бүрэн автоматжуулж, ажиллуулах туршилт хийсэн. Амжилттай болсон.
-“Тийсс Монгол”-ын толгой компанийн жишээнд тулгуурлаж асуултад хариуллаа. Толгой компани нь хэр цараатай вэ?
-“Тийсс” нь Австралийн CIMIC группэд харьяалагддагийг дурдсан. Энэ группийн үйл ажиллагааны гол чиглэл нь барилга угсралт, уул уурхай. Австралидаа “Тийсс”-тэй зэрэгцээ маш олон салбар компанитай. Тухайлбал, “Лейтон”, “Сежмент” компанийг дурдаж болно. Уул уурхайн чиглэлийг нь салгаснаас хойш “Лейтон” зам, гүүр, барилгын томоохон төслүүд гүйцэтгэж буй. “Сежмент” Ухаахудагийн уурхайд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, дизайны шийдлийг гаргасан компани. Тэднийх уул уурхайн түүхий эд боловсруулах төслүүдэд голлон ажилладаг. “Тийсс” Австралид уул уурхайн чиглэлээр 10 гаруй, Индонезэд 6-7 төсөл хэрэгжүүлж байна. Чилид уул уурхайн төсөлд ажилладаг, АНУ-д хоёр төсөл эхлүүлсэн. Манай толгой компани Австралийн Брисбэн хотод төвтэй. Азийн төв нь Индонезийн Жакартад байрладаг. Азийн төвөөс манай “Тийсс Монгол” хамаардаг юм. АНУ-д Хойд Америкийг хариуцсан нэг төв бий. Өнгөрсөн жил “Тийсс”-ийн бүх төсөлд 14 мянган хүн ажилласан байна лээ. Үүний 400 нь Монголын хоёр төсөлд ажилласан.
-“Тийсс Монгол” дараагийн ямар төслүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Стратегийн орд гэсэн тодорхойлолттой олон орд газрыг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Уг компанийн бүтцийг өөрчлөх, хөрөнгө оруулалтын сан хэлбэр лүү шилжүүлэх ажлыг хийнэ гэж ярьж байна. Үүнийг стратегийн ордыг ашиглах, зогсонги байдалд оруулсан төслүүдийг “хөдөлгөх” санаачилга гэж харж байгаа. “Тийсс Монгол” цаашид шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх томоохон төслүүдэд оролцох төлөвлөгөө бий. Манайх “Оюутолгой”-г эс тооцвол төрийн оролцоогүй, хувийн хэвшлийнхний хэрэгжүүлж буй төслүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Цаашдаа төрийн өмчит компанийн уул уурхайн төслүүдтэй хамтарч ажиллаж, шаардлагатай байгаа зүйлсийг нь хуваалцах, шилжүүлэх боломжийг анхааръя гэж бодож байгаа. Төрийн өмчит уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах боломж, тэдний эрэлт хэрэгцээ юу вэ гэдгийг анхаарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе иржээ. Тиймээс төрийн ч бай, хувийн ч бай компаниуд үүнийг ашиглах ёстой. Тэгэхээр олборлолтоо, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятад дахь цар тахлын нөхцөлөөс хамаарч, экспорт хязгаарлагдмал байна. Энэ нөхцөл цаашдаа сайжирна гэж найдаж байгаа. “Тийсс Монгол” гэрээт олборлогчийн хувьд илүү өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах боломжийг уул уурхайн компаниудад санал болгоно. Манай компани урт хугацаанд Монголын уул уурхайн төслүүдэд оролцоод, эдийн засагт хувь нэмрээ оруулаад явах боломжтой.
-МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Топ-100” компанийн нэгээр “Тийсс Монгол”-ыг байнга нэрлэдэг. Мөн Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчийн нэгээр байнга шалгаруулдаг. Гэвч олон нийт “Тийсс Монгол”-ын талаар сайн мэддэггүй. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт хэдэн төгрөгийн татвар төлж, нийгмийн хариуцлагын ямар төслүүд хэрэгжүүлсэн бэ?
-Манайх хүмүүсийн байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн зардаг компани биш учраас олон нийтэд төдийлөн танил биш. Салбарын онцлог гэх юм уу, уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд байгуулсан гэрээт ажлаа гүйцэтгээд явж байдаг компани. Угаас уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниудад олон нийтэд танигдах шаардлага байдаггүй юм. Шилдэг компани, гэрээт гүйцэтгэгч, харилцагч, татвар төлөгч гэсэн шагнал олныг авсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 422.7 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдийг дэмжихэд нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулсан.
-Монголд туслан гүйцэтгэх бизнес сүүлийн арваад жилд уул уурхайн салбарыг дагаад илүүтэй хөгжиж байна. Барууны компаниуд туслан гүйцэтгэх бизнесийн стандарт, соёлыг манайд илүү дэлгэрүүлж байна уу?
-Туслан гүйцэтгэгч хоёр гол давуутай учраас бизнестэй байдаг гэж би ойлгодог. Туслан гүйцэтгэгч компани тухайн чиглэлээрээ хамгийн өндөр түвшинд мэргэшсэн байдаг юм. Манайх уул уурхайн туслан гүйцэтгэгч компани. Тиймээс энэ чиглэлээрээ өндөр түвшинд мэргэшсэн. Энэ салбарын шилдэг техник, технологийг эзэмшиж, чадварлаг мэргэжилтнүүдийг бүрдүүлж чадсан. Уул уурхайн дийлэнх компани лиценз эзэмшигч байдаг. Лиценз эзэмшигч компанийн эзэд уулын ажлын бүтэц бий болгох чадамжгүй, эсвэл сонирхолгүй байх нь бий. Энэ нь туслан гүйцэтгэгчдэд зах зээл нээж өгдөг. Туслан гүйцэтгэх бизнесийн дараагийн давуу тал нь өндөр мэргэшсэн ур чадвартаа тулгуурлаад хамгийн боломжит шийдлүүдийг гаргадаг. Энэ нь тухайн уул уурхайн төслийн өртөг зардал, цаг хугацааг хэмнэдэг юм. Тиймээс баруунд томоохон уул уурхайн компаниуд бүгдийг нь өөрсдөө хийдэггүй, туслан гүйцэтгэгчдэд хариуцуулдаг. Гэрээт компаниуд хатуу гэрээний хүрээнд ажилладаг.
-Та сүүлийн 10 гаруй жил гадаадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн барууны арга барилтай гурван компанийн удирдлагын түвшинд ажиллажээ. Эдгээр компани уул уурхайн хөгжилд хүч нэмсэн гэж боддог. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Уул уурхай, эрчим хүчний салбарт л голдуу ажилласан байна. Улс орныхоо эдийн засгийг өөд нь татъя, илүү хурдтай хөгжүүлье гэвэл зайлшгүй уул уурхайн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Гадаадын гэлтгүй, дотоодын мэргэжилтнүүд томоохон төсөл хэрэгжүүлэх чадвартай болсон. Уул уурхайн дотоодын туслан гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээний компаниуд бий болсон. Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар 10 жилийн өмнөхтэйгөө харьцуулалтгүй өндөр болсныг үнэлж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.