Баруун гар талаас Уильям Руто
Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Дэд ерөнхийлөгч Уильям Руто ялсныг Кенийн сонгуулийн бие даасан комисс зарласныг Оросын ТАСС агентлаг мэдээллээ. Эхний шатанд тэрбээр 50.49, өрсөлдөгч Ерөнхий сайд асан Раила Одинга 48.85 хувийн санал авчээ.
Сонгууль энэ сарын 9-нд болж, дөрвөн хүн өрсөлдсөн байна. Тухайн үед Төрийн тэргүүн байсан Ухуруд Кеньятт нэрээ дэвшүүлээгүй нь түүний Ерөнхийлөгч байх хугацаа дууссантай холбоотой байлаа.
Кенийн шинэ Ерөнхийлөгч Уильям Рутогийн хүүхэд нас хөдөөгийн тосгонд өнгөрч, гэрийнхээ амьдралд нэмэр болох гэж жижиг наймаа хийдэг байж. Сая сонгуульд өрсөлдөхдөө ядуу ардаас гаралтай “хөдөлмөрч” хүн болохоо, өлөн зэлмүүн амьдрал дундаас улс төрд хөл тавьж, эрх мэдэлд хүрснээ гол сурталчилгаа болгожээ.
2013 оноос Дэд ерөнхийлөгчөөр ажилласан Руто урьд нь ахмад улстөрч, гол өрсөлдөгч Раила Одингад ялагдаж байв. 55 настай Руто Кени улсаа тусгаар тогтнолоо зарласнаас хойш тав дахь Ерөнхийлөгч нь болж байгаа аж. Түүний нам нь Сенатын Дээд танхимд мөн олонх болсон байна. Рутогийн суралцаж асан Наиробигийн их сургуульд сүм хийдийн нөлөө их байснаас тэрбээр анх улс төрийн амтанд орж, Ерөнхийлөгч байсан Даниэль Арап Моигийн 1992 оны сонгуулийн сурталчилгаанд оролцож явжээ. “Мои намайг оюутан байхаас мэддэг, намайг улс төртэй ойртуулж, удирдагч-үйлчлэгч байх соёлд дасгаж, бэлтгэсэн” гэж Руто ярьсан байдаг.
Их сургуульд ургамал, амьтан судалсан Руто хожим нь эрдмийн зэрэг хамгаалж, улмаар 1990-ээд оноос улс төрд анхаарлаа хандуулах болжээ. 1997 онд тэрбээр Элдорет-Норт тойргоос парламентын сонгуульд өрсөлдөж ялаад алдар хүндийн шатаар өгсөж, 2002 онд парламентын гишүүнээр дахин сонгогдов. 2011 онд авлигын гэх хэрэг нь цагаадсан ч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, 2007 оны сонгуулийн дараа үндэстэн хооронд хүчирхийлэл дэгдээсэн гэх хэрэгт тухайн үеийн Ерөнхийлөгч Кеньяттын хамт олон улсын шүүхэд очсон байдаг. Энэ хэргийг ч бас цагаатгажээ.
...Руто улсдаа хамгийн өндөр албан тушаалд хүрэх замдаа хэд хэдэн саадтай тулгарсан байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа тэрбээр анх 2006 мэдэгдэж байжээ. Гэтэл тэр жил нам дотроо л ялагдал хүлээв. 2013 онд даагаа нэхлээ. Тэгснээ шинэ нам байгуулж түүнээс нэрээ дэвшүүлэхийн тулд Кеньяттай хүчээ нэгтгэхээр шийдэж, энэ зорилгоосоо ухрав. Тэд энэ сонгуульд ялж, 2013 оны дөрөвдүгээр сард таван жилийн хугацаанд ажиллахаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө....
Уильям Руто зургаан хүүхдийн эцэг юм. Шүтлэг ихтэй. Оюутан цагтаа Христийн холбоо гэдэг байгууллагыг толгойлж байхдаа “Намайг ялаасай хэмээн хүмүүс залбирсан гэдэгт би итгэдэг” гэж хэлж байв. Тэр өөрийн талынхныг “Хөдөлмөрч хүмүүс” гэж нэрлэдэг. Кени улс тусгаар тогтнолоо олсноос хойших он жилүүдэд улс төрийн орон зайд ноёрхож ирсэн Одинга, Кеньятта нарын “удмаас” хөндийрнө хэмээн амлав. В.Одингагийн эцэг нь Дэд ерөнхийлөгч байсан бол халаагаа өгсөн Ухуру Кеньяттын эцэг Жомо Кеньятта нь 1963 онд Кенийн анхны Ерөнхийлөгч болж байжээ. Сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд байсан Одинга Ерөнхийлөгчийн суудлын төлөө 25 жил тэмцэж, нэрээ таван удаа дэвшүүлж байж тав дахь удаагийн өрсөлдөөнөө тэрбээр “эцсийн хариулт” гэж хэлж байв.
Энэ удаагийн сонгуулийг дайсан байснаа холбоотон болж, дахин дайсагналцсан хоёр хүчний ширүүн тулаан байлаа гэж хэлж болно. Сонгуулийн төв комиссын долоон гишүүний дөрөв нь сонгуулийн явцыг “тунгалаг” байгаагүй гэж үзсэнээс дүнг нь олны сонорт хүргэлгүй хэдэн цаг сунжруулсан аж. Одингагийн эвсэл ч сонгуулийн дүнг зарлаагүй байхад түүнийг хүчингүй гэж үзэж байсан ч эцэст нь Рутог 50.48 хувийн санал авч ялсан хэмээн зарлалаа. Түүнийг дэмжигчид наймдугаар сарын 15-ны даваа гарагт ялалтаа тэмдэглэв.
Руто улсдаа хамгийн өндөр албан тушаалд хүрэх замдаа хэд хэдэн саадтай тулгарсан байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа тэрбээр анх 2006 мэдэгдэж байжээ. Гэтэл тэр жил нам дотроо л ялагдал хүлээв. 2013 онд даагаа нэхлээ. Тэгснээ шинэ нам байгуулж түүнээс нэрээ дэвшүүлэхийн тулд Кеньяттай хүчээ нэгтгэхээр шийдэж, энэ зорилгоосоо ухрав. Тэд энэ сонгуульд ялж, 2013 оны дөрөвдүгээр сард таван жилийн хугацаанд ажиллахаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Гэвч тэд 2018 онд ам муруйж, Руто Дэд ерөнхийлөгчийн албаа хашиж байсан хэрнээ өөрийн үүрэг, бүрэн эрхийн ихээхэн хэсгийг алдав. Кеньятта түүний Ерөнхийлөгчийн суудалд очихыг дэмжилгүй Одингагийн талд оржээ.
Руто энэ удаад өсөн нэмэгдэж байгаа өр шир, хүнс, түлшний өндөр үнэ, залуучуудын дундах ажилгүйдэл зэрэг Кени улсынхаа эдийн засгийн амин чухал асуудлыг зайлшгүй шийдэх том зорилттой нүүр тулгарлаа. Сонгуулийн бие даасан комиссын сүүлийн үеийн баримтаар бол олон сонгогч саналаа өгөөгүйгээс 2017 онд 70.51 хувь байсан иргэдийн оролцоо сая 64.6 хувь болсон байв.
“Руто Дэд ерөнхийлөгч байсан болохоор одоогийн Засгийн газрын нэг хэсэг нь юм. Тийм болохоор тэрбээр халаагаа өгсөн Ерөнхийлөгчийн үргэлжлэл байх болов уу гэх бодол хүмүүст буй” гэж шинжээч Мозес Одхиамбо хэлсэн байна.
Кенийн Ерөнхий сайд байсан Раила Одинга сонгуулийн үр дүнг, өрсөлдөгч Уильям Рутогийн ялалтыг ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байгаа. Сонгуулийн үр дүнг тэрбээр үнэнд нийцэхгүй, хууль бус, хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа юм билээ. Хуулийн арга замаар сонгуулийн дүнг эргэж харах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ.
Сонгуулийн комиссын дарга Вафула Чебуакатийн хэлснээс үзвэл Руто 7 176 141 (50.4 хувь), Одинга 6 942 930 (48.87 хувь) хүний санал авчээ. Үүнтэй санал нийлэхгүй байгаа хэн ч Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг Чебуакати онцолсон. Ийм эрх Одингад ч бий. Шүүхийн шийдвэр Рутогийн эсрэг гарвал 30 хоногийн дотор сонгууль дахин явуулах ёстой.
2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр Одинга маргаан үүсгэсэн байдаг. Тэгэхэд Кенийн Ерөнхийлөгч байсан Ухуру Кеньятт 54.17 хувийн саналаар ялж, 44.9 хувийн санал авсан Одинга ялагдал хүлээсэн байна. Шүүхийн шийдвэр Одингагийн талд гарч наймдугаар сарын 8-нд болсон сонгуулийг аравдугаар сарын 29-нд дахин хийж, Кеньятт 98.2 хувийн саналаар сонгогдсон байдаг. Одинга сурталчилгаа хийх нөхцөл бүрдээгүй гэж гомдоллон дахин сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөс татгалзсан юм билээ.
Руто ялалтыг нь баталгаажуулсан хариу аваад үг хэлэхдээ улс төрийн өрсөлдөгчдөдөө найрамдал, нөхөрлөлийн гараа сунгаж, улс орноо нэгтгэх, өсөж өдийхөд нь хүчин чармайлт гаргахаа, хуулийг дээдлэхээ амласан байна.