“Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн энэ сарын 15-нд манай улсад эхэлсэн. Тус тэмцээн Спортын төв ордонд долоо хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн юм. Энэ нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд 15 орны 140 гаруй тамирчин өрсөлдлөө. Тухайлбал, манай тамирчдаас гадна Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапурын бадминтончид ур чадвараа сорив. Эл тэмцээн нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хос, холимог хос гэсэн таван төрлөөр болж, аваргуудаа шалгарууллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний хоёр байрт Индонезийн тамирчид тэргүүлсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Тайванийн тамирчид нэг, хоёрдугаар байрыг эзлэв. Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тухайд эхний хоёр байрт БНСУ-ын тамирчид тэргүүллээ. Харин эрэгтэйчүүдийн болон холимог хосын төрлийн тоглолтууд өчигдөр манай сонины дугаар шилжих мөчид үргэлжилж байв. Эрэгтэйчүүдийн хосын төрөлд Японы хоёр баг учраа таарсан. Холимог хосын төрөлд БНСУ-ын тамирчид шилдгийн төлөө өрсөлдөж байсан юм. Манай улсын тамирчдын тухайд уг тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргасангүй. Ташрамд дурдахад, үүнээс өмнө 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг манайд зохион байгуулж байжээ.