“Тавантолгой” компани энэ онд 3.2 сая тонн нүүрс гадаад болон дотоодын зах зээлд борлуулахаар төлөвлөжээ. Үүнээс эхний хагас жилийн байдлаар 1.03 сая тонныг борлуулсан байна. Энэ нь төлөвлөгөөнийх нь 32 хувьтай тэнцэж байгаа аж. Тэднийх БНХАУ-ын хэрэглэгчдэд нэг тонн нүүрснийг уурхайн амнаас 108 ам.доллароор худалдаж буй гэнэ.
Тус компани нүүрс олборлолтын гуравдугаар давхарт шилжихээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор удирдлагын багийн зүгээс коксжих нүүрсний борлуулалтын үнийг тогтоолгохоор Төлөөлөн удирдах зөвлөлдөө хандсан байна. Эл компани Тавантолгойн орд газарт 276.9 га талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Талбайн нөөц нь 195.4 сая тонн гэж 2015 онд тогтоосон. 2021 онд нэг сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нийт экспортын зургаан хувийг бүрдүүлж байжээ. Өдгөө “Тавантолгой”-нхон далд уурхай хэлбэрээр нүүрс олборлох судалгаа хийж байгаа гэнэ.