Саудын Арабын нефтийн “Aramco” дээд амжилт тогтоожээ. Тус компани энэ оны хоёрдугаар улиралд 48.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Улмаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цэвэр ашиг нь 90 хувиар өссөн гэнэ. Энэ нь эл компанийн хувьцааг хөрөнгийн биржид арилжсанаас хойших гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж.
“Bloomberg”-ийн мэдээлснээр энэ нь нээлттэй хувьцаат компанийн улирлын хамгийн өндөр орлого юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн улиралд “Aramco” хөрөнгийн биржүүдэд хувьцааг нь арилждаг компаниудаас илүү орлого олжээ.
Саудын арабчууд ийн ашигтай ажилласан нь Украины дайнаас шалтгаалан газрын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд нефть, байгалийн хийн олон компанийн орлого өсжээ. Энэ сарын эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тэдгээр компанийг шүүмжилж, “Эрчим хүчний хямралыг далимдуулан хамгийн ядуу хүмүүс болон олон нийтээс их хэмжээний ашиг олж байгаа нь ёс суртахуунгүй хэрэг” гэсэн юм. Нефть, нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаад сэтгэл дундуур байгаагаа эрдэмтэд, идэвхтнүүд ч илэрхийлж буй бөгөөд их хэмжээний нүүрсустөрөгч шатааснаас дэлхийн уур амьсгалд үзүүлж буй нөлөөнд санаа зовж байна.