Дэлхийн исламын шашинт улсуудын дунд хүн амын тоогоор гуравдугаарт ордог Бангладешид шатахууны үнэ эрс өссөнөөс үүдэн тус улс тусгаар тогтсоноос нь хойших хамгийн том цар хүрээг хамарсан, Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал, цуглаан болж байна. Тус улсыг 25 жил завсарлагатайгаар удирдаж буй Ерөнхий сайд Шейх Хасинагийн Засгийн газрын хувьд эрчим хүчний хямрал хамгийн ноцтой сорилт болжээ. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй дэлхийн зах зээлийн хямрал, мөн шатахууны хөнгөлөлт үзүүлэхээ зогсоохыг Олон улсын валютын сан (ОУВС)-гаас шаардаж байгаа зэргээс шалтгаалан үнэ өсөх нь гарцаагүй гэж Бангладешийн Засгийн газар үзэж буй. 170 сая хүн амтай “Бенгалчуудын орон”-д болж буй үйл явдлууд хөрш Шри Ланкаг санагдуулж буй юм. 30 орчим халдлага, цэргийн эргэлт хийх оролдлогоос эсэн мэнд үлдсэн Шейх Хасина улс орныхоо байдлыг хяналтдаа байлгаж чадах, эсэх нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн их татаж байна.
1971 онд тусгаар тогтсоноос хойш анх удаа Бангладешийн Засгийн газар бензин, дизель түлшний үнийг 52 хувиар эрс өсгөснөө зарласан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс тасралтгүй үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал Дака болон бусад томоохон хотын гудамжуудыг ширүүн мөргөлдөөний талбар болгов. Шатахуун түгээх станцуудын эргэн тойронд бөөн бөөнөөрөө цуглаж, дугуй, хайрцаг зэрэг гартаа тааралдсан болгоныг овоолон шатааж буй жагсагчдыг нулимс асгаруулагч, усан буу ашиглан тарааж буй тусгай хүчнийхэн, тэдэн рүү чулуу шидэж байгаа хүмүүсийг харуулсан дүрс бичлэг Өмнөд Азийн газрын зурагт тогтворгүй байдлын өөр бас нэг бүс бий болсныг нотолж байна.
Түлш, эрчим хүчний хямрал олон нийтийг хамарсан эсэргүүцлийг өдөөж, Ерөнхийлөгч Готабай Ражапаксаг улс орноо орхин зугтахад хүргэсэн Шри Ланкагийн дараа эмх замбараагүй байдал, галдан шатаах, эвдэн сүйтгэх, Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалын давалгаа Бангладешийг нөмөрчээ.
Эрчим хүч их шаарддаг үйлдвэрүүд (ган, цемент, хуванцар, нэхмэл эдлэл, арьс шир) зонхилдог Бангладешийн эдийн засаг нь дайн өдөөсөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас дэлхийн түлш, эрчим хүчний зах зээлд үүссэн хямралд хамгийн ихээр нэрвэгдлээ. Нефтийн нөөц багатай, импортоос хамааралтай Бангладеш Азийн хамгийн эмзэг орнуудын нэг болов.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Шейх Хасина өнгөрсөн сард хөгжиж буй орны удирдагчийн хувьд ер бусын хатуу мэдэгдэл хийж, Өрнөдийн орнууд, тэр дундаа Бангладешийн стратегийн гол түнш АНУ-ын бодлогыг шүүмжилсэн байна. “Та бүхний авсан хориг арга хэмжээ Орост шахалт үзүүлэх зорилготой. Гэвч тэд энэ дарамтыг хэр мэдэрч байна вэ? Хөгжингүй, хөгжиж буй, орлого багатайгаас үл хамааран бүх улс хохирч байна” гэж хатагтай Хасина мэдэгдээд, улсад нь шатахуун, бордоо нэн шаардлагатай байгааг тэмдэглэв.
Хөрш, эдийн засгийн түнш, ОХУ-ын нефтийг ихээхэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч буй Энэтхэгийн жишээг харсан Дакагийн Засгийн газар ч Оросын нефтийг худалдан авах сонирхолтой байгаагаа хориг арга хэмжээний эхэн үеэс л мэдэгджээ. Ийм сонирхолтой буйгаа Бангладешээс Москвад суугаа Элчин сайд Камрул Ахсан “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа нотолжээ. “Оросын нефтийг импортлох талаар хэлэлцээ хийхийг оролдож байна. Энэ нь АНУ-ын хориг арга хэмжээнд орсныг мэднэ. Гэсэн ч бид Оростой хэлэлцээ хийхэд нээлттэй” гэж Элчин сайд К.Ахсан хэлжээ.
Дели дэх мэдээллийн эх сурвалжийн хэлснээр Вашингтон дахин хориг арга хэмжээ авах нь Бангладешийн нэхмэлийн үйлдвэрт хүнд цохилт өгөх аж. Тус улсын хувьд үйлдвэрлэсэн бэлэн хувцасны тэргүүлэгч зах зээл нь Америк. Гэсэн ч Бангладешийн хувьд Оросын нефтийг эхлээд Энэтхэгт нийлүүлж, боловсруулаад, дараа нь цэвэршүүлсэн бүтээгдэхүүн хэлбэрээр авах боломжтой гэнэ.
Бангладешид “Руппур” атомын цахилгаан станц (төслийн өртөг нь 14 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна) барихад Москва тусалж байгааг Элчин сайд Камрул Ахсан ярилцлага өгөхдөө сануулав. ОХУ-ын төслөөр байгуулж буй уг станцын эрчим хүчний эхний блок 2023 онд, хоёр дахь нь дараа онд ашиглалтад орох ёстой. Үүнээс гадна “Газпром” тус улсын хийн ордуудад хайгуул хийх гэрээтэй аж. Гэвч Бангладешийн нөхцөл байдлаас харвал тус улсад яаралтай тусламж хэрэгтэй байна.
Сүүлийн саруудад авч хэрэгжүүлсэн хямралын эсрэг арга хэмжээ (түүний дотор эрчим хүчний хязгаарлалт, ялангуяа зуны хэт халуунд хүнд тусаж байгаа), дизель цахилгаан станцуудын зогсолт, импортын бууралт, бензин, дизель түлшний үнийн урьд өмнө байгаагүй өсөлт зэрэг нь нөхцөл байдлыг аль хэдийн ганхуулжээ. Шатахуунаас гадна хүнс, өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үнэ огцом нэмэгдсэн аж.
Үүний сацуу Ерөнхий сайд Шейх Хасинагийн Засгийн газар нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй гэдгээ тодорхой илэрхийлж байна. Төрөөс шатахууны хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах нь Дака хотод 4.5 тэрбум ам.долларын зээл олгохоор хэлэлцээ хийж, тус улсын эрх баригчдаас төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа ОУВС-гийн гол болзлын нэг боловч жагсагчид үүнийг эсэргүүцэж байна. Жагсагчид шатахууны хөнгөлөлтийг хэвээр үлдээж, үнийг бууруулахыг шаардаж буй аж. Үүнээс гадна Бангладешийн гадаад валютын нөөц өнгөрсөн сарын эцсээр 39.4 тэрбум ам.доллар байв. Өнгөрсөн оны зун уг үзүүлэлт 45.7 тэрбум ам.доллар байжээ.
“Сүүлийн жилүүдэд уламжлал ёсоор Бангладешийн хэт давруу үзэлтнүүд хүчтэй нөлөөтэй байдаг исламын шашны бүлэглэлүүд тус улсын анхны Ерөнхийлөгч Мужибур Рахманы охин Шейх Хасина тэргүүтэй Сайд нарын танхимыг эсэргүүцэхийг удаа дараа оролдсон. Үүнээс гадна цэргийнхэн өөрийн гэсэн улс төрийн амбицтай бие даасан хүчний үүрэг гүйцэтгэдэг. 1975 оны наймдугаар сард болсон цэргийн эргэлтийн үеэр Бангладешийг үүсгэн байгуулагч, Шейх Хасинагийн эцэг Мужибур Рахман амь үрэгдсэн нь үүний нотолгоо. Өдгөө эсэргүүцлийн ажиллагаа дахин савнаасаа хальж байгаа нь 1990-ээд оны хоёрдугаар хагасаас хойш улс орноо завсарлагатайгаар удирдаж буй Шейх Хасинад шинэ сорилт болж байна” гэж “India narrative” цахим хуудасны ерөнхий редактор, шинжээч Атул Анижа бичжээ.
1960-аад онд “Бенгалчуудын орон” Пакистаны нэг хэсэг хэвээр байх үед улс төрийн урт намтраа эхлүүлсэн Шейх Хасина аминд нь халдах гэсэн 30 орчим оролдлого, 2012 оны нэгдүгээр сард цэргийн эргэлт хийх гэсэн ажиллагааг биеэр туулсан гэнэ. Исламын хэт давруу үзэлтнүүдийн дэмждэг, эрх баригчдынхаа эсрэг офицеруудын бүлэг төрийн эргэлт хийхийг оролджээ. Үгсэн хуйвалдагчдын гол цөм нь шашны хэт үзэлтэй, армийн 10 гаруй өндөр албан тушаалтан байсан ч шийдвэрлэх мөчид цэргийн дээд удирдлага Ерөнхий сайддаа үнэнч хэвээр үлджээ. Хуйвалдагчдыг дараа нь баривчилж, цэргийн шүүхэд шилжүүлсэн гэнэ.
“Бангладешийн хямрал олон талаараа Шри Ланкад болсон үйл явдлуудтай төстэй ч арвин туршлагатай Шейх Хасина оршин тогтнохын тулд чадах бүхнээ хийхийг оролдож байна. Хилийнхээ ойролцоо тогтворгүй байдлын байнгын голомт үүсэхийг сонирхдоггүй Энэтхэг улс юуны түрүүнд түүнд тусална. Ташрамд дурдахад, нөхцөл байдлын чиг хандлагыг харгалзан үзвэл маш эрсдэлтэй алхмууд хийхийг үгүйсгэх аргагүй” гэж Атул Анижа тэмдэглэжээ.
Энэтхэг, Мьянмартай хиллэдэг, өнгөрсөн онд тусгаар тогтнолын 50 жилийн ойгоо тэмдэглэсэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь “Бенгалчуудын орон”-ы тусгаар тогтнолын төлөө есөн сар үргэлжилсэн дайны дараа Пакистан улс хуваагдсаны улмаас бий болсон. Энэ бол сүүлийн жилүүдэд хөгжлийн үсрэлт хийж, ядуу буурай орноос дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай улсын нэг болж чадсан, хүн амын тоогоороо дэлхийд наймдугаарт ордог улс юм.
Эрт дээр үед буддын шашинт Магадха, Камарупагийн хаант улс Бенгалын нутаг дэвсгэрт байв. Хожим нь тэднийг монголчууд (13 дугаар зууны эхэн үе) эзэлжээ. Нутгийн ард түмэн эсэргүүцэн тэмцсэн ч үр дүнд хүрээгүй аж. Цаашлаад, эл газар нутгийг британичууд колоничилж (17 дугаар зуун), худалдаа хийж эхэлжээ. Үүний дараа бенгалчууд болон Британийн цэргүүдийн хооронд цэргийн олон мөргөлдөөн гарсан байна. Зэвсэглэлээрээ хамаагүй илүү британичуудын ялалтаар энэ мөргөлдөөн өндөрлөжээ. 1947 онд Бенгал хоёр хэсэгт хуваагдан, Энэтхэг, Пакистанд нэгдсэн. Дараа нь Зүүн Бенгалыг Зүүн Пакистан гэж байгаад, хожим Бүгд Найрамдах Бангладеш Улс байгуулагдав.
Бенгалчууд бол Бенгал хэмээх Өмнөд Азийн зүүн хойд хэсэгт орших түүхэн бүс нутгийн уугуул иргэд юм. Өдгөө баруун болон зүүн гэсэн хоёр бүсэд хуваагдаж байна. Эхнийх нь Энэтхэгийн Баруун Бенгал муж, хоёр дахь нь Бүгд Найрамдах Бангладеш Улс юм. Бенгалчууд бол энэтхэг, европ үндэстэн. Тэд Энэтхэг, Шри Ланка, Пакистаны ард түмэнтэй олон талаараа ижил төстэй. Дэлхийн хамгийн том үндэстнүүдийн нэг болох бенгалчууд 250 саяар тоологддог байна. Тэд Энэтхэг, АНЭУ, Британи, Малайз, Кувейт, АНУ, Өмнөд Солонгос, Бахрейн, Оман, Италид хамгийн олноор оршин суудаг.