БНАСАУ-д өнгөрсөн сарын 29-нөөс хойш коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд уг өвчний эсрэг кампанит ажилд ялалт байгуулснаа удирдагч Жим Жөн Ун нь мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжлав. “Yonhap” агентлагийн мэдээлснээр тус улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар дөрөвдүгээр сарын сүүлчээр анх илэрч, өдрийн хамгийн өндөр үзүүлэлт тавдугаар сарын 15-нд бүртгэгдсэн гэнэ. Тэр үед халдварын тохиолдлын тоо 392 мянгад хүрчээ. Коронавирус тархсан хугацаанд өвчтөний тоо 4.77 саяд хүрсний 99.99 хувь нь эдгэрсэн байна. Нас баралтын түвшин 0.002 хувь байв.
Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт 6 980 516 хүн коронавирусийн халдвар авч, 14 563 өвчтөн нас баржээ. Халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад гурван хувиар нэмэгдэж, нас барсан нь есөн хувиар буурсан гэж ДЭМБ мэдээллээ.
Номхон далайн баруун бүс нутагт халдвар авсан хүмүүсийн тоо 29 хувиар нэмэгдсэн бол Африкт 46, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 22, Америкт 22 хувиар буурсан байна. Харин нас баралт Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 19, Номхон далайн баруун бүс нутагт дөрвөн хувиар өсжээ. Тэгвэл Африкт 73, Европт 15, Америкт 10, Зүүн өмнөд Азид нэг хувиар буурчээ.
Японд өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон буюу 1 496 968 тохиолдол бүртгэгдэв. Тус улсын араас АНУ (759 806), БНСУ (713 078), Вьетнам (571 458) болон Турк (406 322) тус тус оржээ. Мөн хугацаанд АНУ-д хамгийн олон буюу 2764 хүн нас барсан бол Бразил (1445), Итали (1059), Япон (1002), Испани (654) удаалж байна. Энэ сарын сарын 9-ний байдлаар ДЭМБ-д (цар тахал эхэлснээс хойш) “Ковид-19”-ийн халдварын 583 038 110, нас барсан 6 416 023 тохиолдол бүртгэгджээ.