ОХУ-д авсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас нүүрс авахаа Британи болон Европын Холбоо зогсоолоо. Энэ нь Оросын эдийн засагт хохирол учруулах зорилготой аж. Үүний улмаас Оросын нүүрсний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байсан Британи хүнд байдалд орж болзошгүй нь. 2021 оны статистик мэдээллээс нь үзвэл тус улс жилд хэрэглэдэг 4.6 сая тонн нүүрснийхээ 43 хувийг ОХУ-аас авдаг аж. Тэрчлэн ОХУ нь Европын Холбооны гишүүдэд нүүрс нийлүүлдэг томоохон орнуудын нэг юм. ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр өнгөрсөн онд тус улс Европын Холбооны орнуудад 48.7 сая тонн нүүрс нийлүүлсэн нь уг түүхий эдийн нийт экспортын 21.8 хувийг эзэлжээ. 2020 онд энэ үзүүлэлт 22 хувь байв.
“Эрчим хүчний хямралыг үл харгалзан Европын Холбооны бүх улс Оросоос нүүрс импортлоход тавьсан хоригийг дагаж мөрдөнө гэдэгт Брюссель найдаж байна” гэж Европын комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамерийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. ОХУ-ын нүүрс нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалт нь дөрөвдүгээр сард батлагдсан тав дахь хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Оросын нүүрсийг худалдан авахыг зөвшөөрсөн шилжилтийн үе энэ сарын 10-нд дууссаныг тэрбээр сануулав. Эл хориг хэрэгжиж эхлэхээс өмнө Европын Холбооны орнууд импортоо нэмэгдүүлжээ. НҮБ-ын статистик мэдээллээс үзвэл энэ оны 3-5 дугаар сард тус холбоо өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 28 хувиар их нүүрс худалдан авсан байна. Европын Холбоонд нийлүүлсэн Оросын нүүрсний хэмжээ 3.9 дахин нэмэгдэж, 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гол импортлогчид нь Герман, Польш, Испани, Итали, Нидерланд байсан гэнэ.